Их Монгол улс дотоодын хямрал, бутралаас шалтгаалан хүчин буурай болж монголчууд гал голомтоо сахин суусан цагаас хойш Монгол Улсын хоёр этгээдэд байгаа мөнхийн хөршүүд хүчирхэгжиж түүхийн туршид сайнаар ч тэр, муугаар ч тэр ямар нэг байдлаар нөлөөлсөөр ирсэн юм.

Хоёр хөршийн хооронд байгуулагдсан олон удаагийн гэрээ хэлцлийн дүнд манай улсын эрх ашиг ноцтой хохирч, газар нутгаа их хэмжээгээр алдах зэргээр хүнд байдалд орж байсан түүх ч олон бий.

Түүнээс нэн эртний буюу одоогоос 327 жилийн тэртээд 1689 онд Оросын эзэнт гүрэн болон Манж Дайчин улсын хооронд байгуулсан Нерчугийн гэрээг манай сайтын зүгээс онцолж байна.

Тэр цагт өмнө зүгт нэгэнт манжууд өвөрмонголыг талдаа татаж, эрхшээлдээ оруулаад байсан ба өвөрмонголын цэргийн хүчинд дулдуйдан 1640 онд Бээжинг эзлэн авч, Мин улсыг мөхөөн, Хятадыг эзлээд байсан. Тийнхүү тэрхүү цаг хугацаанд Хятадыг орлосон Манж улс Монгол орны хувь заяаг шийдсэн билээ.

Тэр үед Манжийн эсрэг Зүүнгарын хаант улсын тэмцэл болон халх-ойрдын хагарал тэмцэл улам бүр хүчирхэгжин дорно зүгт хил хязгаараа өргөжүүлсээр байсан Оросын эзэнт гүрний анхаарлын төвд нэгэнт ороод байв. Оросууд Уралыг давж Татарын хаант улсыг мөхөөж, Татарын нийслэл Казань хотыг эзлэн харъяаны газар нутагт хяналтаа тогтоож баруун Сибирьт орж ирсэн. Улмаар нутгаа дорно зүгт тэлсээр одоогийн Омск, Томск, Енисей мөрний адаг руу хүрээд байв.

Түүгээр ч зогсохгүй гайхамшигт Байгал нуур, Амар мөрөн зэргийг сонирхох болжээ. Энэ нь Манж Чин улс, Халхын Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан зэрэг хант улсуудын нийтлэг эрх ашгийг хөндөж эхэлсэн юм. Мөн өгүүлэн буй цаг үедээ улс төрийн гол тоглогч байсан, хүчирхэг Галдан хааны хараанд ч оросуудын тэлэлт, Байгал нуур, Амар мөрөнд санаархаж буй байдал нь анхаарлыг нь эрхгүй татаж эхэлсэн байна. Байгал нуур нь эртнээс монголчуудын эзэмшил, харъяаллаас огт гараагүй бөгөөд тэр үед Халхын Түшээт ханы нутагт багтаж байв.

Гэтэл оросууд бүр ч ойртож Хөвсгөлийн сав газар, Түшээт ханы эзэмшил нутаг Сэлэнгэ, Цөх голын орчмоор өөрсдийн суурин байшингаа босгож, модон шивээ барих болсонд, Түшээт хан Чахундорж удаа дараа хориг тавьж, нүүн зайлахыг шаардсан боловч Оросын тал шаардлагыг нь хэрэгсээгүй юм.

Ингээд Халхын зүгээс Түшээт хан Чахундорж санаачлан Манж чин улстай холбоолон Байдраг голын Хүрэн бэлчир гэдэг газар чуулган зохион байгуулсанд Манжийн хаан Энх-Амгалан өөрийн төлөөний хүн болох Арнай амбаныг томилон ирүүлж Орос улсын эсрэг холбоо байгуулан зэвсэг ба хүнсээр дэмжсэнд халхууд Байгал нуур тийш цөмрөн орсон Оросын цэргийн эсрэг хөдөлжээ.

Манжийн хаан халхын ноёдын Оросын эсрэг хандсан санаачлагыг дуртай хүлээн авсан нь ч цаагуураа өөр учиртай байв.

Нэгдүгээрт Амур, Сунгар мөрний хавиар явуулж буй Оросын эзэнт гүрний бодлогыг монголчуудын хүчээр хазаарлаж, Хөвсгөл, Байгал нуурын хавьд зогсоох боломж, хоёрдугаарт 1680-иад оны эцсээр Ойрд-Халхын харилцаа хурцдахад Галдан бошигт Оросын засгийн газраас цэрэг, зэвсгийн тусламж хүсээд байсанаас (Галдан энэ тусламжинд маш их найдвар тавьж байсны нэгэн адил) Манжийн хаан ихэд болгоомжилж байсантай холбоотой зэрэг болно.

Манжийн хааны далд дэмжлэгээр 1681, 1682, 1685 онд Чахундорж оросын цэргийг удаа дараа довтолж, суурин шивээг бүслэн хаасан ба Сэлэнгэ, Цөх, Жид голын орчим байрладаг Орос тосгодыг довтолж сүйтгэв. Улмаар 1685 оны 6-р сарын 11-нд халхын цэрэг дахин Сэлэнгийн шивээг бүслэхдээ Монгол нутгаас гарч явах шаардлагыг оросуудад тавьж байв.

Энэ үед оросууд хэдийнэ Амар мөрний хавь нутгийн оршин суугчдыг эзэрхийлэн татвар хураах болж, өөрсдийнхөө тосгон сууринг босгон газар хагалж, бэхлэн суусан ба 1685 онд тэр хавийн нутгийн засаг захиргааны төвийг Нерчү хэмээн зарласан юм. Энэ явдалд дургүйцэн Манжийн хаан Амарын хоёр эргээс оросуудыг шахан гаргахыг чармайж, Оросын цайз, бэхлэлт рүү удаа дараа довтолж байсан ч олигтой ялалт байгуулж чадаагүй аж.

Хэдийгээр манж цэрэг тооны хувьд давуу байсан ч цөөн тоотой оросын цэргийг цохиж Амар мөрний сав газраас цохин гаргаж чадалгүй удаа дараа бүтэлгүйтэж байв. Ингээд зэвсгийн хүчээр шийдэж чадаагүй тул манжууд Орост олноороо даган орж байсан дагуур болон нутгийн оршин суугчдыг хүчээр буцаан, Манжуурын нутгийн гүн руу нүүлгэн шийлжүүлэлт хийжээ. Улмаар дахин их цэрэг бөөгнөрүүлж 1686 онд Амар мөрний хавиар довтолж оросуудыг хүчээр шахан гаргах гэж оролдсон боловч энэ нь хялбар бүтэхгүй хэрэг байлаа.

Хариуд нь оросууд суурьшлаа бэхжүүлж, цайз бэхлэлтийг нэмэн байгуулсан төдийгүй хүн хүчээ ч нэмэгдүүлэн, Албазины цэргийн тойргийг нэгэнт байгуулах нь тэр. Иймээс уг асуудлыг дан ганц цэргийн хүчээр шийдвэрлэж чадахгүй нь тодорхой болсон ба нөгөө талаас Халх-Ойрдын зөрчил хурцдаж, Галданд Оросын талаас зэр зэвсгийн тусламж үзүүлэх магадлал нэмэгдэж Манжийн хааныг ихэд бухимдуулж байжээ. Яг энэ цаг үед буюу 1687 оны эцсээр халхын цэрэг оросын элч Ф.А.Головинд хил орчмын буриадуудыг буцааж өгөх, Оросын шивээг монгол нутгаас гаргах шаардлагыг дахин тавихад Ф.А.Головин энэ тухай хэлэлцээр хийхээс татгалзаж "би бие дааж шийдвэр гаргах эрхгүй, Москватай зөвлөлдөе" гэж хариу өгсөн тул Түшээт хан тэргүүтэй халхын ноёд оросын цэргийг бутцохиж олон томоохон хотуудыг өнгөртөл хөөж баруун Сибирийн жижиг суурин, хотуудыг тонон дээрэмдэж амжилттай дайтан буцаж ирсэн байна.

Үүгээр Орос улсын Байгал нуурыг эзлэх гэсэн анхны оролдлого бүтэлгүй болсон юм. Чахундоржийг Орос улстай дайтах зуур Галдан ч зүгээр суусангүй. Хадам эцэг Хөх нуурын Очирт хаантай эвдрэлцэн байсан асуудлаа цэргийн хүчээр шийдвэрлэсэн байв. Яг энэ үед Манжийн зүгээс Орост элч зарж “Танай Орос улс Зүүнгарын Галданд тусалвал бид Халхтай холбоолон урьдын адил дайлан Уралыг давуулан үлдэн хөөх болно. Танай улс Галданд туслахгүй хэмээвээс эзлэн авсан Амар мөрөн, Байгал нуурын орчмын газраа авч болно” гэсэнд Орос улс ихээр болгоомжлон, нөгөөтэйгүүр олзуурхан хүлээн авсан гэдэг. Ингээд Оросын талаас Галданд ямарваа нэгэн цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхгүй байх гэсэн болзолд нэгдэж Манжтай гэрээ хийхээр болжээ. Эртнээс монголчуудын эзэмшилд байсан гайхамшигт Байгал нуур маань тухайн цаг үеийн геополитикийн иймэрхүү шалтгаануудын улмаас Оросын мэдэлд очсон түүхтэй.

Галдан хааны Оростой харилцаагаа сайжруулж, Манжийн эсрэг тэмцэлдээ ашиглах гэсэн хориод жилийн оролдлого, чармайлт ч ийн бүтэлгүйтсэн юм. Галдан гурван тамга дарсан тусламж гуйх бичгийг Оросын засгийн газарт илгээж, хариуг нь сэтгэл дэнслэн хүлээж байсан ч Манж, Оросын хоорондын эрх ашгийн зөрчлөөс улбаалан оросууд түүнд туслаагүй.

Улмаар дараа жил нь буюу 1688 онд Галдан тэсгэлгүй Халхад довтлон орсон явдал Нерчугийн гэрээг байгуулахыг бүр түргэтгэсэн гэж үзэж болно. Галдан "...оросууд хэдийгээр тусламж үзүүлээгүй ч галт зэвсэгтэй орос цэргүүд туслахаар ирсэн, Хөх нуур, Дорнод Туркестан, Дундад Азийн улсууд түүнийг дэмжиж байгаа" хэмээн газар сайгүй цуурхал тараасан, мөн өөрийн харъяанд байсан ногоон нүдтэй, өндөр хянган хамартай хотон цэргүүдийг тусгай анги болгон зохион байгуулж, тэдэнд зохих хэмжээний галт зэвсэг өгсөн нь гадна талаасаа оросууд гэж харагдахуйц байсан гэдэг.

үргэлжэлийг эндээс