“Ард түмний дэмжлэг дээр нэмэх нь Ерөнхийлөгч гэсэн ийм тулааныг л би хүсэх гээд байна”… Энэ үгийг Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдож, тангараг өргөснөөсөө хойш сарын дараа буюу наймдугаар сарын 10-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн ярилцлагад орох үеэрээ хэлжээ. Хэдийгээр дээрх үг нь “Монгол ялна” хэмээх Ерөнхийлөгчийн сонгуулийн уриа үгтэй нь харьцуулбал утга бүрэн дүүрэн, тод томруун уншигдахгүй ч гэлээ ирэх дөрвөн жилийнх нь ажлын чиг шугамыг баримжаалан үзвэл түүнд ард түмний дэмжлэг туйлын их хэрэгтэй гэдэг нь ойлгогдоно.

Харин дараах хөндөх сэдэв бол өөрийнх нь тунхагласанчлан Монгол ялахад нөлөө үзүүлэх чухам гол үзүүлэлт юм. Тодруулбал, уул уурхайг төрийн мэдэлд шилжүүлэх. Үүнийгээ тэрбээр УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр ихэд тодорхой зарлаж “Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио” хэмээн мэдэгдсэн. Мэдээж аливаа улс оронд зах зээлийн хуулиар бүх нийгмийн шударга бус хуваарилалт өдөөгддөг гэж үзвэл Ерөнхийлөгчтэй маргах арга үгүй. Гэсэн ч бодит зорилт хийгээд тайлбар болон гаргалгааг нь ухаж ойлгохыг хичээх нь ээ, асуудал зорилгодоо бус хэрэгжүүлэх арга замдаа байна уу даа хэмээн бодмоор. Иймд Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө хэлсэн үг, телевизэд хэлсэн ярилцлагынх нь ишлэл, УИХ-ын намрын чуулганы нээлтээс онцолсон тэмдэглэл зэргээ түүвэрлэн хүргэе. Учир нь, “Сентера гоулд” компанийг 85 тонн алт олборлохдоо ердөө л 35 сая төгрөгийн татвар төлсөн гэж уул уурхайтай холбоотой анхны буруу, бүр дэндүүгийн дэндүү гэмээр дэгс худал мэдээллийг Ерөнхийлөгч маань өөрийн амаар олон нийтэд зарласан шигээ өнөөдрийг хүртэл арай энэ салбарын талаар бодит мэдээлэл, бодит ойлголтгүй яваа юм болов уу гэж харагдаад байгаа хэрэг л дээ. 
Жишээ нь, тэрбээр УИХ-ын намрын чуулганы нээлтэнд “Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт итгэдэг би төрөөс хувийн сектороо дэмжих гэж л ойлгож байна” гэсэн атлаа үргэлжлүүлээд “Алт олборлолт, алтны уурхайд төрийн онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байна. Учир нь алт бол онцгой метал. Төгрөгийн худалдан авах чадварыг тодорхойлогч учраас Монгол төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын тулд алтанд онцгой анхаараас аргагүй юм. Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоох хэрэгтэй байна” хэмээв. Энд ердөө нэг минутын зайтай хэлсэн хоёр өгүүлбэрийнх нь дунд нэг нь хувийн хэвшлийг дэмжих нөгөөх нь хувийн хэвшлийн боломжийг хязгаарлах гэсэн хоёр өөр утга яваа нь хэнд ч ойлгомжтой. Тэр дундаа, 2000 оноос хойш Монголын төр уул уурхайн орд газар нээн илрүүлэх сонирхлоо хувийн хэвшилд даатгаж, улсаас санхүүжилт гаргах нь ховорхон болсон гэдгийг дуулгах хэрэгтэй. Иймд наандаж өнөөдөр улсын хөрөнгөөр хийдэг хайгуулыг сэргээлээ гээд монгол төрийн эдийн засгийн чадавхи хэр байгаа билээ гэдгээ бодож үзэх ёстой. Дээр нь, Ерөнхийлөгч валютын нөөцөд онцгой анхаарахыг хүссэн бол алт олборлолтыг дэмжихгүйгээр Төв банкны мөнгөний савыг дүүргэх өөр боломж манай улсад ховорхон гэдгийг ч ойлгомоор. Ядаж л, зөвхөн 68 хувийн гэнэтийн ашгийн албан татварын тухай хуулийн батлахтай зэрэгцэн алт олборлолт 2005 онд 15.2 тоннд хүрч байсан бол хууль батлагдсан 2006 онд энэ тоо 40 хувиар буурч, 9 тоннд хүртлээ унасан. Тэр ч бүү хэл 2010 онд унан унасаар хоёрхон тонн алт тушаах хэмжээнд хүрч буурсан. Харин уг хуулийг хүчингүй болгосноор жил ирэх бүр алт олборлолт аажимдаа нэмэгдэж, 2015 онд 15 тонн, 2016 онд 18 тоннд хүрч, энэ жилийн эцсийн байдлаар 20 тоннд хүрэх урьдчилсан дүн мэдээ бий. Харин Ерөнхийлөгчийн дэмжинэ хэмээн мэдэгдсэн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хувьд дэмжлээ, дэмжлээ гээд алт олборлолттой дүйцэхүйц эдийн засагт бодит үр өгөөж өгөх нь тунчиг ховор. Ийм байхад “Энэ бол хэн нэгний эрх ашиг бус нийт монголчуудын, Монголын санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай. Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлдээ авсны дараагаар бидэнд санхүүгийн үлэмж чадавхи үүсэх нь дамжиггүй” хэмээн мэдэгдэж болох уу. Алтыг дотоодын нөөц боломжоор бус хөрөнгө оруулагчдын итгэлцэл, тэдний санхүүжилтээр олборлож ирснээ мартаад шүү дээ. 
Тэгвэл дараагийн нэг жишээ. Энэ бол Монголын үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагаас нь түүвэрлэсэн ишлэл. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ үеэр “Алт олборлолтыг төрийн мэдэлд авах ёстой” хэмээн зарлахаасаа өмнө “Алт хулгайгаар хил гарч байна. Бүр сүлжээ үүсчихсэн. Өнөөдөр алт гэдэг бол Оюутолгой, Эрдэнэт шиг асар их технологи, хөрөнгө оруулал зараад байх юмгүй. Хоёулаа ч хүрз бариад алт олборлож болно. Нинжа гэж ярьдаг шиг их энгийн өндөр технологи хэрэггүй. Алтан дээр хөрөнгө оруулалт хэрэггүй. Хайлуулдаг зуух л хэрэгтэй. Алтаа олборлож байгаа бол хайлуулдаг зуух лизингээр оруулаад ирнэ. Ийм жишээний дорвитой, бодит ажлуудыг хийх санаачилга гаргана” гэсэн байдаг. Түүний энэ үгнээс харахад алтны олборлолтыг төр мэдэлдээ авах замаар албан ёсны нинжа нарт орд газруудыг хуваан өгч, улмаар хайлуулдаг зуух галлаж, олборлодог болох нь гэж ойлгож болно. Гэтэл өнөөдөр нинжа буюу гар аргаар алт олборлогчдын балгаар Монголын газар нутаг хэрхэн сүйдэж байгаа бил ээ. Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай… ер нь сүйтгэгдээгүй аймаг, сумын нутаг үлдсэн билүү. Албан ёсны судалгаанд Монгол Улсын хэмжээнд 100 мянга гаруй нинжа байдаг гэж ярьдаг ч яг бодит байдалд сум сумаараа, аймаг аймгаараа гар аргаар гар аргаар алт олборлож, мөнгөн усанд хордох нь хордож, байгаль сүйтгэх нь сүйтгэж, дайны дараах газар нутаг шиг болон үлдэж буйг хэн хүнгүй мэдэж л байгаа. Ядаж л, Ерөнхийлөгчид хамгийн ойрын жишээ гэхэд Баянхонгор аймгийн нэр бүхий сумдыг хар. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн эв энгийн хүрз бариад алт олборлодог иргэдийн учруулж буй бодит балаг нь тэнд тод зураглагдана. Дэлхий нийтээр алт олборлох технологийг байгальд ээлтэй байлгах, хөрсний нөхөн сэргээлтийг зүй зохистой хийх талаар судалж, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэхийг хичээж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүрз бариад алт олборлож болно” гэж хэлээд суух нь хэр зохилтой вэ. Энэ ньяах аргагүй ёстой л нүд орой дээр гармаар тайлбар. Гэхдээ, дахин дахин анхааруулахад тэрбээр ердөө дээрх үгийнхээ араас залгуулж тавьсан сэтгүүлчийн асуултанд “Миний бодлоор Монгол Улс өөрөө алтаа олборлох ёстой. Яаж вэ гэдэг нь технологийн асуудал. Яаж гэдэг нь ноу хауны асуудал” гэж хэлсэн байна билээ. Тэгэхээр нэг минутын зайтай хоёр өөр утга бүхий хариулт өгсөн, байр суурь илэрхийлэх нь анхны тохиолдол биш болж таарч байгаа юм. Энд л Ерөнхийлөгч Х.Баттулгын уул уурхайн талаарх мэдлэг, мэдээлэл ер нь бодлого, төлөвлөгөө нь жигдрээгүй байна уу даа гэж бодогдсон хэрэг. Арай “Сентера гоулд”-ын татвар дээр алддаг шигээ ахин дахин хийсч унаад байх юм биш байгаа даа, Ерөнхийлөгч минь. 
Харин энэ хэсэгт хүргэх утга агуулгын зөрүүтэй ишлэл бол бас л нэг минутын зайтай ярьсан яриа нь. Учир нь, тэрбээр “Оросууд өнөөдөр манай коксжсон нүүрсийг авъя гэж байна. Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид яаж ийгээд төмөр замаа барих хэрэгтэй байна” гэж хэлснийхээ араас “Машинаар зөөх, төмөр замаар зөөхдөө биш. Бид хоёрдахь, гуравдахь зах зээл руу борлуулж байж л зах зээлийн ханшаар зарна” гээд хэлчихэж. Нэгт, төмөр зам барих хэрэгтэй. Хоёрт, алинаар нь зөөх нь чухал биш… Ийм байхад эсрэг утгатай хоёр байр суурийнх нь алийг нь тэгвэл бид зөв гэж бодох вэ. Тэгэхээр яах аргагүй бодох асуудал болж таарч байгаа биз. 
Түүнчлэн түүний үгнээс нэмж хүргэх бас нэгэн сонирхолтой ишлэл бол “Одоо байгуулагдах Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ” гэсэн үг. Харин энэ бол зөв шүү… 
Гэхдээ! бас л бодох асуудал. Ердөө дөрвөн жилийн өмнө өөрөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсныг нь бодоод анхаарлын тэмдэг тавьчихлаа. Хэдийгээр хэсэг хугацааны дараа тэрбээр “Давхар дээлтэй сайд байх нь зохисгүй” хэмээн уг сайдын албаа хүлээлгэж өгсөн ч Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш цэцэглүүлсэн хүнс болон хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бизнестэй гэдгээ мэдсээр байж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болж чадаж л байсан юм даа. Үүнээсээ хойш жил орчмын хугацаа өнгөрсөн гэхээр тэрхүү цаг хугацааг нь хардах эрх та бидэнд байгаа л гэсэн үг. Тэр дундаа, Эмээлт захыг байгуулсан, “Талх чихэр” “Мах импекс” гэх мэтээр хөрөнгө орлогын мэдүүлгийг нь монголчууд андашгүй мэдэх хойно. Энэ нь ашиг сонирхлоосоо Та ангид байсан уу гэдэг асуулт тавих эрх бидэнд өгсөн учраас ийн тодотгон бичлээ. Ер нь  тэгээд зөвлөхөд уул уурхайг нийгэмчилж байснаас талх үйлдвэрлэлийг бүхэлд нь өрхөд шилжүүлж, түүнийгээ эдийн засгийн хөшүүргээр дэмжих нь хялбар ч байж мэдэх л юм. Ядаж л, талх барихад сүү, ус, давс, хөөлгөгч л хэрэгтэй байдаг даа. Бүр гоё сайхан болгоё гэвэл сүү, бага зэрэг наранцэцгийн тос, үзэм гээд явах л байх. Гол нь хүрз барьж алт ухах замаар байгаль дэлхийг сүйтгэснээс, гэртээ зуухан дээр, пийшинд, шарх шүүгээнд, будаа агшаагчинд талх барьж дотоодын үйлдвэрлэлээ нийгэмшүүлэх, эрүүл хүнсээр хангах нь хамаагүй хялбар бас их сайхан санаа биш гэж үү, Ерөнхийлөгч өө. Учир нь, та ч бас ашиг сонирхол өндөртэй хүн шүү дээ. 

Үндэсний шуудан сонин