-ТЭД НЭГИЙГЭЭ АНГАЛ РУУ АЛДАХ ШАХСАН БӨГӨӨД ТҮҮНИЙГЭЭ ГАРГАЖ АВАХ ГЭЖ НОЦОЛДСООР ХАРАНХУЙ БОЛГОСОН БАЙНА-

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы бэлээс Өдрийн сонины тусгай сурвалжлагч Л.Батцэнгэл, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар утсаар мэдээлэл өглөө.

Газар дээрээс нь мэдээлж буйгаар бол осол гарсан үндсэн шалтгаан орой дээрээс буухдаа маршрутаа ялимгүй өөрчилснөөс үүдэлтэй гэж аврагчид урьдчилан дүгнэж байгаа бололтой. Тэд хайрханы оройд 40-50 минут орчим болоод буухдаа хэн нэгний гэнэтийн санаачилгаар ангалын ирмэгээр 100 метр яваад авирч ирсэн үндсэн замдаа орохоор шийдсэн юм шиг байна. Ингээд хамгийн туршлагагүй 10 хүн нь ард нь үлдэж, Н.Сүрэнжаваар ахлуулсан 17 хүн эхлээд хөдөлжээ. Хөдлөөд 50 орчим метр явж байтал өмнө нь явсан хүмүүсийн зүгээс тэнгэр ниргэж буй мэт аймшигтай чимээ гарч, бөөн цасан манан болжээ. Энэ агшинд тэдний хамгийн эхэнд ахалж явсан Н.Сүрэнжавын зүгээс “Бэхэлгээгээ хийгээрэй” хэмээн чангаар орилох дуу сонсогдоод сураг тасарчээ. Ард нь дөнгөж хөдөлсөн 10 хүний хамгийн эхний залуугийн яг хөлнийх нь өмнүүр цас нурж нэлэнхүйдээ цэнхэр мөс харагдахад цаана нь харанхуй ангал үзэгдсэн байна. Хэрэг бишдэснийг мэдсэн 10 хүн юу болж байгааг мэдэхээ байж шоконд орон тэндээ гацжээ. Ингэтэл нэг нь хөл алдсан байна. Түүнийг аврах гэж ноцолдсоор харанхуй болжээ. Уулчдын хамгийн найдвартай бэхэлгээ болох бугуйнд нь байдаг мөсний алхаа бүгдээрээ мөсөндөө зоож тогтоцгоосон байна.

Тэр мөчөөс эхлэн тэд үндсэн зам руугаа чиглэхдээ эхний хүн алхаа мөсөндөө зоогоод нэг метр орчим ахихад дараагийн хүн нь залгуулан алхаа зоон нэг метр орчим газар хороох маягтайгаар шөнөжингөө мөлхсөний эцэст үүр цайжээ. Бууж ирснийхээ хойно тэдгээр 10 хүн бүгдээрээ “Үүрийн цолмон харах ямар сайхан юм бэ” хэмээн хэлцгээж байсан гэнэ. Ер нь бол аврагчдын хэлж байгаагаар эдгээр 10 хүн 3450 метрийн өндөрт мөснөөс дүүжлээтэй хоносон гэж үзэж байгаа юм байна. Энэ бол амьд гарахын төлөөх хүнээс гарч болох дээд тэсвэр тэвчээр байсан бололтой. Тэд мөснөөс гарсныхаа дараа цасан дээгүүр алхах, мөлхөхдөө өмнөх хүнийхээ гишгэсэн мөр, тохойлдсон хэсэг, өвдөглөсөн ормон дээр нэг сантиметр ч алдалгүй гишгэж явж байсан байна. Эдгээр 10 хүн нь ямар ч удирдаж замчлах хүнгүй болсон нь тэднийг ийнхүү төсөөлөхийн аргагүй хүнд байдалд оруулжээ. Ийм аймшигтай нүүр тулсан 10 хүн амь тэмцэн 34 цаг мөлхөж, айлын бараа харсны эцэст Завхан аймгийн төв рүү холбогдсоноор Монгол даяар айдас, хүлээлт, уй гашуудал эхэлж өнөөдрийг хүрлээ. “Өдрийн сонин” ослыг цаг алдалгүй хүргэж байгаа. Ингээд нийслэлд болон осол болсон газар дээр дүр зураг, үйл явдал ямар байсныг үргэлжлүүлэн хүргэе.

Онцгой байдлын ерөнхий газрынхан өчигдөр 10.00 цагт хэвлэлийн хурал хийлээ. Тэд Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авираад буухдаа цасан нурангид өртсөн иргэдийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж, сураггүй байсан гурван хүний цогцсыг олсноо мэдэгдэв. Эрлийн ажиллагааг өглөө 07:30 цагт эхлүүлсэн байна.

Ингээд 10:05 цагт нэг, 10:36 цагт хоёр дахь, 10:40 цагт гурав дахь цогцсыг олжээ. Отгонтэнгэр ууланд авираад сураггүй болсон 17 иргэн бүгдээрээ амь эрсэдсэн нь ийнхүү тодорхой болов.

Иргэдийг хайх эрлийн үйл ажиллагааг 800м урттай, 200м өргөнтэй талбайд явуулсан байна. Эхний 10 хүний цогцсыг 1-1.5 метрийн гүнтэй цаснаас олжээ. Цасан дороос цухуйсан тэдний эд зүйлээр таньсан байна. Үлдсэн дөрвөн хүний цогцсыг металл хайгчийн тусламжтайгаар илрүүлжээ.

Ууланд авирагчдыг хориглосон байгальхамгаалагч Ш.Батмэнд

Эрлийн өмнөх өдрүүдэд олдсон 14 хүний цогцсыг уржигдар буюу мягмар гаригийн шөнө нийслэл хотод авчирсан билээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд 14 хүний цогцсыг ар гэрийнхнээр нь таниулах ажлыг хийж дуусаад, эд хэрэгслүүдийг нь хүлээлгэн өгчээ. Талийгаачдын хэрэглэж байсан 16 ширхэг аяллын үүргэвч болон нийт 350 гаруй эд зүйлсийг ослын газраас олсноо ар гэрийнхэнд нь өгсөн байна.

Эсэн мэнд үлдсэн арван хүний тухайд өөрсдийн машинтайгаа Улаанбаатар хот руу уржигдар хөдөлсөн. Гэхдээ нийслэлд хараахан ирээгүй байгааг Шуурхай штабынхан хэвлэлийн хурлын үеэр хэлж байв. Уулчид хавцал руу унасан даруйдаа газар дээрээ амиа алдсан уу, үгүй юу гэдэг нь шүүх шинжилгээний эцсийн дүн гарсны дараа тодорхой болох гэнэ. Энэ бол Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн албан мэдээлэл.

Харин манай сонины тусгай сурвалжлагч Л.Батцэнгэл, зурагчин Ц.Мягмарсүрэн нар осол болсон Отгонтэнгэр хайрханд очиж, газар дээр нь сурвалжлага бэлтгэж байгаа билээ. Тэдэнтэй өчигдөр 16.00 цагийн үед холбогдоход дараахь мэдээллийг өгөв.

“Бид хайрханы зүүн бэлд байна. Эрэл, хайгуулын үйл ажиллагаанд оролцсон баг бүрэлдэхүүн болох Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгийн Онцгой байдал, цэрэг, цагдаагийн хэлтсийн албан хаагчид хээрийн штабаас дөнгөж сая явлаа. Нэг ёсондоо эрлийн баг үүргээ гүйцэтгээд буцлаа. Өнөөдөр /өчигдөр/ олдсон гурван уулчны цогцсыг нисдэг тэргээр сая хот руу аваад явав. 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийнхан нийт 9000 метр квадрат буюу хөлбөмбөгийн арван талбайтай тэнцэхүйц том талбайд эрэл хайгуулаа хийсэн байна. Уулчдын цогцос энд тэнд шидэгдсэн байсан учраас эрэл хийх талбайн хэмжээ ингэж томсчээ. Ууланд эндсэн иргэд 90 градусын налуутай, 700 гаруй метрийн өндрөөс шидэгдсэн учраас аль нь ч амьд гарах боломжгүй, газар дээрээ амь тасарсан байх магадлалтай байжээ. Талийгаачдын заримынх нь хувцас тайлагдаж, цээж нүцгэрсэн зэрэг нүд халтирам дүр зурагтай байж. Сумын иргэдийн яриагаар цогцсуудыг олоход заримынх нь гар хөл тасарчихсан олдохгүй. Хадан хавцал мөргөсөн учраас хэн гэдэг нь танигдахгүй. Нүд нь бүлтэрч, тархи нь бяцарсан. Заримынх нь хүйс нь мэдэгдэхгүй, эрэгтэй юу, эмэгтэй юу гэдэг нь танигдахгүй байсан гэж байгаа. Ялангуяа эхний арван хүний цогцос харахын аргагүй. Тэднээс нэгийнх нь царай л танигдахаар бүтэн байжээ. Цогцоснууд дөрвөн метрийн гүн цасанд дарагдсан. Хурц үзүүртэй мөснүүд биед нь жад шиг зоогдсон байсныг хүмүүс хэлж байна. Харин сүүлд олсон гурван цогцос арай гайгүй. Тэднийг олохдоо хүрз ашигласан байна лээ.

Ер нь 200 метрийн гүнийг мэргэжлийнхэн 90 давхар байшинтай тэнцэнэ гэж үздэг. Хар ухаанаар бодоод шулуухан хэлэхэд осолдсон хүмүүс 300 давхар байшинтай тэнцэх өндрөөс шидэгдсэн болж таарлаа. Тэдний унасан хавцал бол ёроол нь үл харагдах харанхуй ангал юм байна. Яаж ч бодсон тэндээс шидэгдсэн тохиолдолд эд эрхтэн нь бүрэн бүтэн байна гэсэн төсөөлөл байхгүй юм билээ. Тиймээс осолдсон иргэдийн цогцос хүн харахын эцэсгүй нүд халтирам байсан нь ойлгомжтой биз ээ.

Эрлийн багийнхныг ажиллах үеэр цаг агаар муудаж, осол болсон зүүн хавцалд идэр ес шиг хүйтний эрч чангарч, үүл манан бууж, цасаар шуурч байсан учраас түгшүүр зарлаж эрлийг зогсоож байжээ” гэв. Газар дээр нь ажиллаж байгаа тусгай сурвалжлагчдаас дараахь зүйлүүдийг тодруулж ярилцсан юм.

-Цасан нуранги үүсчмөсөн хавтангууд гулгаснаас осол гарсан гэж ойлгоодбайгаа?

-Ер нь бол тийм юм байна. Өргөн нь 300 метр, урт нь 200 метрийн хэмжээтэй том хавтангууд цасан нурангид туугдан гулгаж, хавцал руу уулчдыг түрж унагасан бололтой.

-Мөсөн хавтан нь яаж үүсдэг юм бол?

-Шинэ орсон цас нь намрын наранд хайлмагтаад оройн сэрүүнд мөстдөг. Маргааш нь дахиад шинэ цас орж хайлаад хүйтрэхээр мөс болдог юм байна. Байгалийн энэ процессоос үүдэлтэй том мөсөн хавтангууд хайрхайн оройд үүссэн байдаг бололтой. Цасан нурангид туугдсан энэ хавтангууд гулгаж иргэдийг түрээд ангал руу шидэгдсэн юм шиг байна.

-Тэд буцахдаа өгссөн замаасаа өөр замаар буусан юм билээЯагаад тэгсэнюм бол?

-Зүүн тал руу 100 метр алхаад анх өгссөн зам руугаа нийлнэ гэдэг тактиктай уруудаж явахад нь цасан нуранги нөмрөөд ирсэн бололтой.

-Амьд үлдсэн арван хүн яаж буусан юм бол?

-Осолдсон 17-гийн явсан замаар бууж байгаад нэгийгээ алдангаа шахсан гэнэ. Унах аюулд орсон нэгийгээ татаж гаргах гэж нэлээд цаг алдаж, харуй бүрийтэй золгосон юм байна. Ингээд цаашаа зүгээ өөрчилж мөсөнд алхаа зоон мөлхсөөр баруун хавцлын ирмэгт ирж хоноглосон. Тэгэхдээ бүгдээрээ босоогоороо зогсч үүр цайлгаад доошоо мөлхөж буужээ. Тэдний өмссөн хувцас 30-40 градусын хүйтэнд хүний биеийн дулааныг гадагшлуулдаггүй гэнэ. Гэхдээ заримынх нь гар хөл осгосон байна” гэлээ.

Харамсалтайгаар амиа алдсан 17 иргэний дөрөв нь эмэгтэй, бусад нь эрэгтэй байжээ. Отгонтэнгэр хайрхан руу авирахаар нийт 27 уулчин анх энэ сарын 20-ны өглөө жуулчны баазад гурван фургон машинтай ирсэн юм байна. Тэднийг ирэхэд нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын байгаль хамгаалагч Ш.Батмэнд “Та нар яваад хэрэггүй ээ. Отгонтэнгэр хайрхан руу авирахыг хориглосон шийдвэр 2015 онд гарсан. Уулын орой мөстэй учраас аялал зохион байгуулахад аюултай гэсэн учраас авирахгүй байхыг анхааруулсан. Оронд нь та нар манай урд талд байдаг Баянхайрхан гэдэг уул руу авир” гэдэг хүсэлт тавьсан байна. Гэвч иргэд хүссэндээ зорьж, 21-ний буюу бямба гаригийн өглөө 07:00 цагт замдаа гарч, гурван жолоочоо Бадархундагын захад, уулын бэлд орхиод дээшээ явжээ.

Ингээд хайрханы баруун урд талаас нь авирч, хамгийн эхний уулчин 16:20 цагт зулайд нь гарсан байна. Уулын оргилд ар араасаа гарч, авиралтын багийнхан Отгонтэнгэр хайрханы мөнх цаст оргил дээр зургаа авахуулж, 40-50 минут саатжээ. Дараа нь уулын зүүн талаар нь буухаар зэхэж, хоорондоо 50 метрийн зайтай гурван олсонд хуваагдаж холбогдоод явжээ. Эндээс хойш юу болсныг эхэнд дурдсан.

Тэд маргааш нь буюу аравдугаар сарын 22-ны ням гаригийн 14.30 цагийн үед Завхан аймгийн онцгой байдлынханд хэл дуулгажээ. Тухайн үед уулчдын багт явсан Саранчимэг гэдэг эмэгтэй онцгой байдлынханд дуудлага өгөхдөө хүнийхээ тоог буруу өгсөн асуудал бас гарсан юм байна. Саранчимэг “Би тухайн үед шоконд орчихсон байсан учраас тоогоо буруу мэдүүлжээ” гэдгээ хэлжээ.

Онцгой байдлынхан мэдээ авсан даруйдаа түргэн авч, эрлийн ажлыг зохион байгуулсан байна. Ням гаригийн оройн 23.00 цагийн үед эрлийн багийн эхний хэсгийнхэн Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд очиж, хуарангаа байгуулжээ. Энэ үеэр эсэн мэнд үлдсэн уулчдын дундаас “Осол болсон хэсгээс гэрэл дохио үзэгдсэн” гэдэг яриа гарсан байна. Гэвч цаг хэдийнэ оройтож, шөнийн харанхуй болсон учраас эрлийн багийнхан тэр өдөртөө гараагүй. Маргааш өглөө нь үүрийн 04.00 цагт 50 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг уул руу авирчээ. Хоёр цагийн дараа осол гарсан газарт очиж, эхний цогцсыг олсон байна. Эрлийн багт хэд хэдэн уулчин багтсанаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ахмад уулчин 77 настай Гүррагчаа нар явжээ. Эрэн хайх үйл ажиллагаанд ашигласан 50 гаруй машин техникийн шатахууныг Петровис компани хандивлажээ. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн гэх 50 гаруй хүн ослын газарт очсон ч тэдэнд хандивын шатахуун олгоогүй байна.

Авиралтын багийнхныг ахалж явсан спортын мастер Н.Сүрэнжав өмнө нь 50 гаруй хүн дагуулж, Отгонтэнгэр хайрханд авирахаар ирэхэд нь Дархан цаазат газрын байгаль хамгаалагч Ш.Батмэнд хориглож буцаасан удаатай. Н.Сүрэнжав агсан дараа нь хоёр, гурван мэргэжлийн уулчидтай дахин ирээд Отгонтэнгэр рүү авирчээ.

Зарим эх сурвалжаас сонссоноор сүүлд ар гэрийнхэнд нь цогцос таниулахад талийгаачдын зарим нь гараа элгэндээ тэвэрч эвхрээд хөлдөж үхсэн шинжтэй байсан гэнэ. Энэ нь тусламж эрсэн дуудлага эрт ирсэн бол, эрлийн багийнхан нэг өдрийн өмнө хайгуулаа эхэлсэн бол ядаж нэг ч болов гэсэн хүн амьд гарах магадлал байсан юм биш байгаа гэдэг харууслыг төрүүлсэн дохио хэмээн халаглах хэсэг ч байна.

Отгонтэнгэр хайрханд авирсан иргэд уулын оргилд үдээс хойш гарсан учраас буцахдаа хол явалгүй отоглож тэндээ хоноглоод өглөө эрт буусан бол ийм аймшигтай аюул холуур өнгөрөх байсан ч юм билүү хэмээн халаглаж, харамсах хүмүүс ч байна. Учир нь өндөр оргилд үдээс хойш салхи ихтэй, нар шардаг учраас цасны гулгалт үүсэх эрсдэл ихтэй байдаг аж. Ийм осолтой үед авирагчид уулнаас буусан нь эрсдэл дагуулсан бололтой. Тиймээс энэ удаагийн осол нь ууланд авирахдаа баримтлах тогтсон стандарт, дүрэм журамтай болох шаардлага тулгарч байгааг сануулсан том сургамж боллоо гэдгийг Монголын уулчид хэлж байна.

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын эрэн хайх баг хээрийн штаб дээр түрамарч буй мөч

Дээрээс нь ууланд авирах зөвшөөрлийг хаанаас, хэнээс авах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгааг уулчид шүүмжилж байна. Мөн даатгалын тогтолцоо ч байхгүйг сануулж байгаа юм. Уул, аяллын спортыг сонирхож байгаа залуус өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Гэвч хувь хүнийхээ тухайд хөгжиж дэвшиж, эрүүл байх гэж сайн дураараа, хүсэл сонирхлоороо ууланд авирахаар нэгдсэн залуусыг буруутгах аргагүйг ч туршлагатай уулчид хэлж байна. Аялал жуулчлал, уулын спортыг тодорхой стандарттай, дагаж мөрддөг дүрэм журамтай болгох тал дээр төр засаг анхаарах цаг болсныг энэ удаагийн аймшигтай осол сануулах шиг боллоо.

Ер нь дэлхийн түүхэнд уулчид осолдсон аймшигтай, харамсалтай тохиолдол олон байдаг. Жишээ нь 1937 онд Пакистаны Нангапарбат ууланд 16 хүн осолдож амь үрэгдсэн байна. 1955 онд Киргизийн Ялалтын оргилд 11 хүн, 1970 онд Перугийн Уаскаранд 15 хүн, 1990 онд Тажикийн Лениний оргилд 43 хүн, 1995 онд Непалын Гокиод 26 хүн, 2005 онд Непалын Кан Гуруд 18 хүн, 2014 онд Эверестэд 16 хүн, дараа жил нь 19 хүний амь эрсдсэн гашуун түүхүүд бий.

Энэ удаад манайд тохиолдсон гамшиг ид хийж бүтээх насандаа явсан хайран 17 залуугийн амийг авч одлоо. Дөнгөж 20 гаран настай, амьдралаа эхэлж буй залуус ч энэ дунд байв. Тэдний нэг нь Өжгөө буюу Б.Бат-Эрдэнэ. Тэрээр сүүлд цахим хуудсандаа “Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ. Магадгүй дахиж уулзахгүй ч байж мэднэ” хэмээн жиргэж байсан нь өдгөө олныг шимшрүүлж байна.

30 настай Б.Батболд хэмээх залуу зуурдаар энэ хорвоог орхисон эдгээр хүмүүсийн нэг. Уран сийлбэрч мэргэжилтэй, “Оргил өөд” клубын гишүүн байжээ. Тэрээр энэ онд Алтай таван богдын хүйтний оргил, Асралт хайрханд тус тус гараад байсан уулын спорт сонирхогч байсан гэнэ. 62 настай, гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер Лхагважав гэдэг хүн ч байсан дуулдана. Мөн талийгаач Н.Баттулга цахим хуудсандаа хамгийн сүүлд

Усан, дуслах анир минь чамаас би салмааргүй байна

Уянга, улирлыг хэмжих цаг чамаас би салмааргүй байна

Учрал, хайр эргэх тойргоос би гармааргүй байна

Уярал, залуу нас хоёроосоо би хагацмааргүй байна

Чамтай би дахин учирмаар байна аа

Дэвэн үсрэн гүйж дээшээ тэнгэрт нисмээр

Дээлийн суга ханзартал дэвэн халин бүжмээр

Дэрвүүн хэдэн нөхөдтэйгөө уралдаж хамт гүймээр

Дэнжийн ногооны униарт хүүрнэж хамт суумаар...

Чамтай би дахин учирмаар байна аа

Ай миний залуу нас минь...

Ахиад чамтай учрахсан... гэсэн шүлгийн мөрүүдийг постолсон байсан юм.

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг учраас аавыгаа үгүй болсон гэдэгт эцсийн мөч хүртлээ итгэхийг хүсээгүй түүний охин аавынхаа цахим хуудсанд “Ааваа ирээч ээ. Аав, ээж, үр хүүхдүүд тань хүлээсээр байна” хэмээн бичиж, олон хүнийг өмөлзүүлж, өр өвтгөж байлаа.

Өчигдөр оройн 19.00 цагийн үед сүүлд олдсон гурван хүний цогцсыг Улаанбаатар хотод авчирлаа. 21.00 цагийн үед Шүүхийн шинжилгээний хүрээлэнд гурван иргэний ар гэрийнхэнд цогцос таниулах ажил эхэлж байв.

АВРАХ АЖИЛЛАГААНЫ ҮЕЭР ШАДАР САЙД ШИГ ДАРАА БОЛСОН ХҮНБАЙГААГҮЙ ГЭНЭ

Шадар сайд Ө.Энхтүвшин 22-ны ням гаригт ослын газарт очиж, нисдэг тэргээр Отгонтэнгэр хайрханыг тойрч эргэлдээд орой нь Отгон сумын төв рүү буцаж тус сумын Тамгын газрын бэлтгэсэн гэрт хоногложээ. Өглөө нь нисдэг тэргээр авахуулж ослын газарт очиж эрлийн багийнханд багагүй хүндрэл учруулсан байна. Түүний байрлах байр, идэх хоолыг бэлдэх гэж нэлээн асуудал болсон бөгөөд тав тухыг нь алдуулахгүйг хичээсэн Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын дарга нар аврах ажиллагаанаас нэг их дутахгүй хөдөлмөрлөсөн сурагтай.

Эрлийн багт амь өрсөн ажилласан аврагчдын зарим нь “Шадар сайдаас хэрэггүй хүн алга. Бидэнд урмын ганц ч үг хэлсэнгүй. Дарга нартай гар барьж нэмэр болохоосоо нэрмээс болоод буцлаа” хэмээн ярьж байжээ. Дашрамд хэлэхэд осол гарсан харанхуй хавцал дотор далайн түвшнээс дээш 3200-3400 метрийн өндөрт эрэл хайгуулын үйл ажиллагаа явжээ. Харин Онцгой байдлын тусгай штаб 3100 метрийн өндөрт нь байрласан бол эрлийн үйл ажиллагааны удирдлагын хээрийн үндсэн штабыг 2810 метрийн өндөрт байгуулжээ.

ӨДРИЙН СОНИН”-Ы СУРВАЛЖЛАХ БАГ