Үргэлжлэл.

Өчигдрийн сэвлэгийн найранд гай хөө болох дөхсөн энд тэндхийн гашуун усны хор өнөөдөр хашраах чөтгөр болон тархи толгой нь задарчих шахан ангас ангас хийн лугшиж, нугас руу нь гэнэ гэнэ байяа гэтэл хатгуулан өвдөхөд дэмий л духан дээрээ хүйтэн гараа тавьж ярвайх авай. Өглөө дотор нь муухайраад халаасан аяга хоол ч амсаж чадсангүй. Нүүр царай нь зэвий дааж бүх бие нь халуурч байгаа мэт чичрүүдэс хүрэн агзалзаад жаахан хөлөрчихвөл гайгүй болмоор шиг. Ууландаа жавартай гэж жигтэйхэн. Алтайн аугаа уужим тэнгэр цэлмэгхэн цэнхэртэвч, тас няс жавартай хүйтэн гэж жигтэйхэн. Хажуугаар нь цан хяруу хялмаалан наранд гялталзан агаарт эргэлдсээр. Доод хөндий өгссөөр алтан харгана үхэр чулууд цоохортох элгэн хүрэн хад цохиодын дундуур гарч ирсэн дэрсний эхний бүдэг замаар унаа тэрэгтэй хүмүүс ирэх ганцхан замтай. Хоёр хүүхдийг нь хүлээж тэр жимийг л ширтэх болж дээ. Дүнсгэр хочтой, Дүндээ ахайлагатай Дэмид уулын бэлд сууж амран, хөөргөө гаргаж шар тамхи чимхээр нь хамартаа чихэн, үс эзлэсэн дөрвөлжин хөх эрүүгээ илэн ийн гиюүрч сууснаа, халтар манан хөөрөг, шар хүрээт дуран хоёроо буцааж хоёр халаасандаа хийгээд ахин өгссөөр оройд нь дөхөөд ирлээ. Өндрөөс өвөлжөө нь бараг эгц доор шахам харагдах агаад дэвхрэх юм бол яг голд нь буучихмаар ажгуу. Бурхантын хөндийн тэнгэр энэ орой дээрээс Алтай Ханхайн нуруу энгээрээ уужран цэлийж тэртээ зүүн алсад Дэлгэр Гуулингийн их талууд цагаан цас тарлантуулан намрын байлгасан өрөм шиг нүнжигтэйеэ шаргалтаж, цаана нь яшилүүстэй, Отгонтэнгэр , Баянцагааны нурууд тэнгэртэй сүлэлдэн давхарлан сундалдан цайвартан хөхөртмү. Ээ ямаа малын орон Асгат, Бурхант, Төмөр хайрхад мину. Ямар ч зуд нүүрэлсэн хүн мал хоёроо ягтуулж, ядрааж үзээгүй диваажин минү...гэж хараагаа ойрд билчээн сүсэгтэйеэ шившин шивэгнэв. Түүний санаанаас " Төрийн туг гээд цуст тэрсэл хийрхэснээс биш гал голомт бадрах бэлгэдэл нь хаана байна? Галын утга маань тэнгэрээ дундаа хавчуулж хоёр тасарсан ёр түймэр болж. Бид чинь улаан залаат хөх Монгол шүү" гэж цухалдан " Улаан туг" гэж хараадаг этгээд авиртай энэ өвгөн шиг, юм үзэж нүд тайлж ухаан өвлөсөн азай одоо энэхэн тэнгэрийн хаяан дотор үлдсэнгүй ээ. Мань хүн хэрсүү цагаан толгойдоо нууж нөөж хураасан мөн чиг их юмаа аваад явчихлаа. Сэтгэл хоосорч орчлон эзгүйдчих шиг ханхай оргиод эхлэлээ...гэхээс уулынхны урт ямаан сахлыг өвлөсөн давхраалаг сэргэлэн нүдтэй янхигар халзан хөгшний дүр төрх нүдний нь өмнө тов тодхон үзэгдсээр авай. Засагт ханы хөх харчууд хэцүү гэгчээр түүний тухай хачин сонин домог хууч олон. Ардын төр мандаж эрх чөлөөтэй болсон гэдэгт итгэж жаал жуул өө сэвийг нь өөрөө засчих юм шиг аархаж Маршал Чойбалсанг үхэхэд " Оросууд тэжээсэн бярууныхаа оосрыг чангаан маанийг нь уншлаа. Эзэн нь юм чинь яахыгаа мэднэ л дээ. Гургалдайнд хахаж үхэв тэр" гэж ярьснаасаа болж ам цуурсан, феодлын үлдэгдэл гэж арван жилээр таслуулан улс төрийн хэрэгтэн болж, жараад онд суллагдсан. Харцны гашуун гутрал нь хашир байхыг голдоо ортол мэдэрсний шинжтэй орон шорон үзсэн үнэхээр егзөр толгой. Ямар ч гэсэн олныг аялдан дагалдалгүй ганцаардлын заяагаар хоолой зангирч явсаар амьсгал хураалаа. Орост Маршал үхсэний учир гургалдайд хахаж үхэв гэдэг нь юу гэсэн далд утга юм бүү мэд. Бодвол олон хүнийг хойш ачуулж ар шилийг нь харан " Хошногыг нь ухсан" гэсэн санаа юм болов уу?... Яагаад тэгж хэлсэн далан долоон булчирхайгаа шүүх сэргийлэхэд өчөөгүй гөлийж суусаар таслагдсан улс төрийн ялтан гээд бодоход хэдэн мал дагасан хөдөөгийн энэ хөгшнийг хэн амар эр гэхэв. Ял шийтгэл сонсгохоор шүүгч яхир царайлан 

- Яллагдагч Амгалан бос! гэж цочтол нь зандархад

- Хуйвалдсан худал хуурмаг, хулгайлсан хумсын чинээ ч гарз та нарт учруулаагүй. Би ялтан гэмтэн биш! гээд хүний урманд хөдлөлгүй хүрлийтэл суусаар ял тулгуулсан гэдэг. Далаад онд Брежневийг " Монголын хүндэт иргэн" болоход айл хэсч архи нэхэн ууж, үзэж дуулдаагүйгээр баясаж согтсон юм гэсэн. " Одоо арай арван жил авахгүй биз! Чонон Амгалан би ч юм уу Цэдэнбал дарга Холбоот улсын иргэн биш. Харин тэр том гүрний нэр сүртэй хаан нь манай төрийн данстай иргэн болж байнаа даа? Цэдэнбалыг би уучиллаа!" гээд халамцуу уйлж суусан гэх. Бурхантын өвөлжөөний малчин өвгөн хотод байгаа хоёр маршалыг уучлаад байхдаа ч яадаг юм? Тэр жил намайг намд гишүүнээр жинхлэх хурал дээр

- Нөхөр Дэмид! Чиний нагац ах Чонон Амгалан чинь тойн тайж удамтай байх аа? Гэтэл чи яагаад өргөдөл дээрээ гарал угсаагаа " ядуу малчин ард" гэж бичсэн юм? Тавиад онд одоо танайхтай саахалт байгаа Данзанг төрөхөд тэр нэрийг Чонон Жанжаа их учиртай өгсөн гэлцдэг. Цаашлах юм бол Суут Гэндэн, одоо энэ хүний Дэмид нэр хачирхалтай санагдахгүй байна гэж үү намын гишүүдээ? Хувьсгал болоод намын эсэргүүнүүдийн нэрийг түүж эд нарт өгч, үнэн биз? Тэр байтухай Амгалан гэдэг тэр хүн дандаа " Улаан туг" гэж хараадаг нь цаагуураа ямар учиртай юм? Охиндоо Есүйжин гэж Чингэсийн бага хатны нэр өгсөн байдаг. Социализм байгуулж байгаа үеийн коммунист хүний нагацын охин Чингэс хааны нэг эхнэрий нэртэй, өөрөө Дэмид гэх эсэргүү хүний түвд нэртэй...хачин байгаа биз? Ийм шазуур зуусан санаатай учраас эднийхнийг ард түмэн Чонон Жанжаагийнхан гэж гоочлож хочилдог байх. Тэгээд ч ах дүүсээрээ түшиж яваа тэр хүн нь улс төрийн хэргээр баригдаж хоригдож явсан ялтан шүү...гэж нэгдлиын орлогч дарга, намын үүрийн товчооны гишүүн Яраглан Янсан зад шүүмжилж, муйхар адраа зантай энэ талийгаач амьдралд минь гай хөө болох дөхсөн. Урд үзүүрийн анивчаа Содном " Бид өнөөдөр чонын анч Амгалан Жанжаа гэдэг хүний тухай биш, сумын гурван удаагийн аварга, тэргүүний малчин Дэмидийн асуудлыг хэлэлцэж байна. Эхээс унамагцаа нэрээ өөрөө сонгох жам байхгүй биз дээ? Амгалан настан, Дэмидтэй зээ нашац нь үнэн ч, тусдаа хоёр өөр хүн..гэж эргүүлээгүй бол асуудал яаж ч шувтрах байсан юм бүү мэд. Мөнхийн хүүд Төгс, Хэлгийгийн сая даахиа авахуулдагт Энхсаран гээд Жанжаа тун гоё нэр өгсөн шүү. Маньд тийм нэр зохихгүй л цаг байж. Ухаан нь Дэмид гэдэг нэртэй надад Төгс, Хэлгийн эхнэр Дэжидэд Энхсаран нэр таарахгүй л байж... Дүнсгэр Дүндээ хянга хамрынхаа үзүүрийг алгаараа дарж, даарч хөрзийсөн нүүрээ илэн иймэрхүү түүх эргэцүүлж сууснаа юу ч юм бодон мушийлаа.

Хэзээний хэвлүүн Жанжаа хө

Хэл нь татсан Дүндээ хө

Хэвтрээ хангасан Адиа хө

Хэргийн эзэн Онгорой хө

Авгайн буянтай Мөнхөө хө

Алаг нүдэн Наран Ай хө 

гэж өөрийгөө хүртэл Онгорой гэж оруулаад дуу шиг юм зохиочихсон аялаж байсныг гэнэт санажээ. Өнөөдөр тэр хонины хишигтэйг санаад харцаа алслан хайтал мал нь хойшоо давсан бололтой хадны өврөөс морио хөтлөчихсөн гарч ирээд даваад орчихлоо. Дүнсгэр Дэмид өвдгөө тулан аажуухан босч овооны хормойг огшоон шууж, гол Заламд нь хэдэн хялгас уяад " Жанжаа өншөрчихлөө дөө Хайрхад минь. Унаган хээр морины нь гөхлөөс хэдэн хялгас өргөж учрыг айлтгаж байна. Хөх тэнгэр минь...Хар цагаан хэл амыг хариулж ариулах болтухай!" гэж шившин үглэсээр хажууд нь бяцхан гал түлж өрөм тос өргөөд хормойгоо дэвсэн сөхөрч гурвантаа мөргөвэй. Сумын аварга " Энх сүрэгтэн мэнд төлчин" тууз шагнуулж томоотой хүн гэж тоогдон намын гишүүн болж шашин шүтээн ярихтай манатай явсан болоод ч тэр үү энэ үйлдээ түүртэн эв хавгүйхэн бөвтнөсөөр.

Үргэлжлэл бий.

Түүхч.Гүн ухаанч.Бэсүд.Н.Нагаанбуу агсаны " Алтайн тэнгэр" романаас