УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хаалтын ажиллагаан дээр УИХ-ын дарга М.Энхболд их зөв үг хэллээ. Түүний хэлсэн үгийг уламжлалт хэвлэл болоод цахим мэдээллийн хэрэгслүүд төдийлөн хэрэгссэнгүй өнгөрөөчихөв.

М.Энхболд дарга “Үг, үйлдэл бүхнээ хянан нягталж, төв голчийг баримтлан бие, ухаанаа тэгшлэн засаж явах нь бидний нэр төрийн хэрэг төдийгүй хүндэт үүрэг юм. УИХ-ын гишүүний эрхэм хүндэт алба бол шагнал биш. Харин шалгуур сорилт юм шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсч байна” гэж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Төрийн хүн үг, үйлдэлдээ анхаарч төв голч үзлээр биеэ хянаж ярьж буй үг, хийж байгаа үйлдэл нь төв байх ёстой. Гэвч энэ ёс зүй Монголын төрд үнэхээр үгүйлэгдэж байна. Манай УИХ-ын гишүүд, төрийн эрхмүүд танхимдаа суугаад, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юу гэж ярьцгаадаг билээ. “30 гэр бүлийг устгана”, “Монголын төрөөс хулгай хийсэн хулгайч”, “Хонзонгоо тэгж авна” гэх мэтийн увайгүй үгс л амных нь уншлага болчихсон. Ийм үгс төрийн өндөрлөгөөс, УИХ-ын гишүүдийн амнаас цуурайтах нь энгийн үзэгдэл шахуу болтлоо олширчээ. Эрхэм гишүүдийн үг, үйлдлүүдийг эргэн санацгаая л даа, зах зухаас нь. Хүчин хийж, бэлэг эрхтэнийхээ зургийг ийш тийш илгээж, нэг нэгнээ хулгайчаар нь дуудаж, хаанаас яаж мөнгө, нүүрс хулгайлж, хулгайлсан мөнгөөрөө хаана, юу хийж хэрхэн казинодсоныг нь УИХ-ын чуулганы танхимд хээвнэг ярьсан шигээ сууцгааж байдаг.

Төрийн түшээд нь ийм олхиогүй байдалтай, нэгэнтэйгээ гудамжны этгээдүүд шиг харьцаж бүдүүлэг үг унагаад байхаар ард түмэн яг тэр үйлдэл, үгийг нь дагаж эвдэрч, тэр байдлаар нь төрийн түшээдийг хүлээж аваад байдаг талтай. Хэрвээ УИХ-ын гишүүд нэгнээ “Хатагтай”, “Ноён” хэмээн хүндэтгэлийн үгээр хүндэлж харьцвал ард түмэн энэ үгсийг нь дуурайж, нэг нэгэнтэйгээ хүндэтгэлтэй харьцаж эхэлнэ. “Унтаж байхад чинь хорлож ална”, “Хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж яривал тэрийг нь ард түмэн нь дүрэм мэт дагаж тэр үйлдлийг хийчих гээд байдаг. Ард түмний эв нэгдэлгүй, нэгэнтэйгээ дайсагналцдаг байдал нь явж явж төрийн түшээдийн хэлж ярьж байгаа үг, үйлдэлтэй шууд хамааралтай. Угтаа ард түмэндээ үлгэр жишээ болох үг хэлж, зоригжуулж, сайн сайханд уриалсан, болж бүтэж байгаа юмыг дэмжсэн эерэг үг хэлж байх учиртай. Харамсалтай нь Монголын нийгэмд ийм зүйл байхгүй болоод удаж байна. Тэр хэрээр нийгэм ирээдүйдээ итгэхээ больж, эвдэрч, эмтэрч байна. Харин энэ их эвдрэл дунд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн дээрх үг цаг үеэ олсон, бодож боловсруулсан үг байлаа шүү. Энэ утгаараа манай төрийн өндөрлөгүүдийн амнаас гарсан анхны зөв санаа нь энэ болов.

Орчин үед өрсөлдөгчөө уг үндсээр нь үгүй хийх, эсвэл нэг тал нь дангаараа хожоод нөгөө тал нь хохирч үлдэнэ гэдэг ойлголт байхаа больсон. Үүнийг орчин үеийн дэлхийн харилцаанаас харж болно. Хэдий үзэл бодол зөрчилдөөнтэй, ямар нэг сэдэв дээр маргаантай байдаг хоёр тал, баруунтан, зүүнтэн гэж хуваагддаг ч эцэст нь зөвшилцөж тохиролцдог. АНУ, Хойд Солонгосын асуудал, Сирийн дайн гээд манай дэлхий дээр талцсан үйл явдлууд өрнөсөөр. Ингэж хоёр тал өөр өөрийн байр суурийг илэрхийлж зүүн, баруун тийш харлаа ч аль ч тал нь ялалт байгуулдаггүй, асуудал нь улам хурцаддаг. Харин дэлхийн харилцаа ерөөсөө л голч төв үзлийг эрхэмлэж, тэр л цэгт уулзаж бүхий л асуудлаа даруухан, хүлээцтэйгээр шийдээд удаж байна.

Баруун, зүүний аль алиных нь эрх ашгийг хөндөхгүйгээр голыг нь олсон, талуудыг сэтгэл ханамжтай үлдээхдээ хоёр талын хүлээн зөвшөөрсөн доод хэмжээнээс нь доордуулахгүйгээр голчийг олсон хувилбараар л олон улсын харилцаа зохицуулагддаг. Жишээ нь, Хойд Солонгос, АНУ-ын харилцааг хөндлөнгөөс харахад юу юугүй дүрэлзээд асчих гал мэт харагдаж байтал аль аль талынх нь эрх ашгийг хөндөлгүйгээр бас хэн хэнд нь ашигтай хувилбараар зохицуулах гарцыг олчихоод байна. Аливаа асуудалд гарц заавал байдаг. Дэлхийд ингэж аливаа асуудлын голчийг олдог харилцаа ид ноёлж байна.

Манайд Таван толгойг хөдөлгөж болохгүй, хөдөлгөж болно гэдэг хоёр тал болчихоод олон жил хэрэлдсэн. Аль алиных нь ашиг сонирхол, хүсэл биелэхгүй байсан учир энэ том төслийг зориуд гацаагаад байсан гэсэн үг л дээ. Харин одоо Таван толгойг тэр хоёр талын хэн хэнийх нь ашиг сонирхлыг харгалзан үзсэний үр дүнд хөдөлгөөд байгаа гэсэн үг. Хэрвээ аль нэг талд нь бат зогссон хэвээр байсан бол энэ төсөл хэзээ ч хөдлөхгүй, гацаатай чигээрээ үлдэх байлаа.

Уг төсөл дээр голч үзлээр хандсаны дүнд төсөл хөдөлж ард түмэн хоолтойгоо үлдэж, улс эх орны эдийн засагт түлхэц өгөх нэг том хөдөлгүүр асч байгаа юм.

Өрсөлдөгчөө, нөгөө талынхнаа, өөр нам, бусад улстөрчдийг бүгдийг нь үгүй хийгээд алж талаад, буудаад газрын гаваар оруулчихна гэсэн тийм гэнэн мөрөөдөл нь алсуураа том эрх ашгийг хүчтэй хөндөж, бүгд л хохирч хоцордог. Иймд төв голч үзлээр явахаас өөр арга үгүй. Хуучин бол Монголын төр засгийн удирдагчид харьцангуй зөв, эв нэгдэл эрхэмлэсэн, төрийн түшээгийн ёс зүйгээ дээдэлж ихэд бодож тунгаан байж үг хэлдэг байжээ. Сүүлд Ерөнхийлөгч П.Очирбат “Монголыг Азийн бар улс болгоно” гэсэн нь тухайн үед монголчуудыг доргиож сэргээж, үнэхээр итгэл төрүүлж “Азийн бар болж чадна” гэсэн мөрөөдлийн галыг иргэн болгоныг зүрхэнд асааж чадсан сан. Ерөнхий сайд асан П.Жасрай элгээрээ хэвтчихсэн байсан дотоодын үйлдвэрлэл сэргэж, ажлын байр нэмэгдэж эхлэхэд “Хонгилын үзүүрт гэрэл аслаа”, “Нисэх онгоцны хошуу өндийлөө” гэж ярьсан нь цаг үеэ тодорхойлсон, нөхцөл байдлыг ончтойгоор илэрхийлсэн түшээгийн үг болж чадсан бөгөөд тэр цагаас хойш монголчууд сайн цагийн эхлэл, сайн мэдээ дуулаад “Хонгилын үзүүрт гэрэл аслаа” хэмээн бэлгэшээдэг болсон дог. Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2005 оны УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “Урт шар дээлтээс болгоомжил” гэж ярьсныг хүмүүс хаврын урт өдрүүд ирж, хаана хаанаа бүсээ чангалах хэрэгтэйг сануулж ёгтоллоо гэж үзсэн бол нөгөө хэсэг нь шар дээл өмсдөг Н.Энхбаярыг хэлсэн гэж тайлбарлаж байсан билээ.

Ямартаа ч энэ ёгт үг нэг хэсэгтээ л дээр дооргүй хүн бүрт юм бодогдуулаад амжсан юм. Энд бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Хэлэх бол хийхийн тал” гэдэг үгийг онцлууштай. Аливааг ор тас мартахаас илүүтэй хэлж ярьж санаж явбал бүтдэг гэдэг өөдрөг үзлийг тэрээр энэ үгээрээ нийгэмд хүчтэй хүргэсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлсэн “Эвтэй байхдаа хүчтэй” гэх үг бас л нийгэмд давалгаалсан юм. Чингис хааны үеийн мэргэн үгнээс эш татсан гэх энэ үгийг зарим хүмүүс эвлэлдэн нэгдээд улсаа хувааж идэхийг хэлжээ гэж сөргүүлж ч тайлбарлаж байсан удаатай.

Ер нь эвтэй байхын гол нь голч төв үзэл. Нийгмээрээ нэг тал руугаа хазайж, шуурахад нийгэм өөрийн гэсэн тормозоо гишгэдэг байх ёстой. Зүүнтэн, баруунтан гэж талцаж туйлширсны үр дүнд 36 мянган иргэнээ хэлмэгдүүлсэн. Социализмын үед нэг орныг хэт тахин шүтэж шуурсны үр дүнд үндэсний баялаг, үндэсний хөрөнгөтөнтэй болж амжаагүй. Дараа нь өмч хувьчлал гэж шуурснаас бий болгосон жаахан юмаа үрэн таран хийсэн. Ардчилал, хүний эрх чөлөө гэж шуурснаас ардчиллын мөн чанарыг одоо хүртэл ойлгоогүй л тарамдуулж явж байна. Элдэв янзын хатгаас, дотоод гадаадын түлхээс байдаг л байх. Нэгнээ үзэж чадахаа байж, нэг нэгэнтэйгээ дайсагналцаж, хэт нэг тал руу туйлширч савладаг болсон энэ цагт төв голч байхыг сануулсан УИХ-ын дарга М.Энхболдын үг зөвхөн улстөрчид гэлтгүй бүгдэд хамаатуулсан зөв үг байлаа.

“Үг, үйлдэл бүхнээ хянан нягталж, төв голчийг баримтлан бие, ухаанаа тэгшлэн засаж явах нь бидний нэр төрийн хэрэг төдийгүй хүндэт үүрэг юм”. Энэ үүргээ төрийн түшээд биелүүлж эхэлбэл тэднийг дуурайдаг, үлгэр жишээгээ хэмээн хардаг ард түмэн нь аяндаа дагаж үг, үйлдлээ хянаж эхлэх нь ойлгомжтой. “Ууцыг дал дагадаг, уулыг мод дагадаг” гэгчээр ард түмэн нь сонгосон түшээдээ л дагана шүү дээ.

Өдрийн сонин