ШУА-ийн ерөнхийлөгч, Азийн олон улсын зан үйлийн нийгэмлэгийн тэргүүн Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

 

-Саяхан болсон Азийн олон улсын зан үйлийн нийгэмлэгийн хурал дээр таны тавьсан “Язгуур сэтгэлгээ ба соёлын экологи” илтгэл сонирхолтой санагдсан. Монголчууд байгальтайгаа зохицож амьдарч ирсэн ард түмэн юм байна. Байгалийг хохироодоггүй, байгалийг хүнтэй адилтгаж, хүнээс ч дээдэд тооцож ирсэн нь өнөөгийнхөөр бол байгаль хүн эн тэнцүү зохицож амьдрах гүн ухаан юм гэж тэнд дурдсан?

-Азийн зан үйлийн нийгэмлэг Солонгос, Япон, Хятад, Вьетнам, Монгол, Тайвань багтдаг олон улсын байгууллага юм. Жилд нэг удаа зан үйлийн асуудлаар хуралддаг. Өнөөдөр гурван экологийн тухай эрдэмтэд бичиж, судалгаа хийж байна. Энэ бол байгалийн экологи, хүн төрөлхтний цэнхэр гариг цаашдаа яах вэ гэдэг асуудал, хүний экологийн асуудал буюу ёс суртахуун, иргэншлийн асуудал голлож тавигдаж байна. 2001 оноос ЮНЕСКО “Иргэншил хоорондын зөвшилцөл” гэдэг төсөл хэлэлцүүлсэн. Сүүлийн 15 жил энэ асуудал хурцаар яригдаж байна. Хүн төрлөхтний оршихуй гэдэг амьдралын бодит хэрэгцээнд тулгуурлахын зэрэгцээ хүний өөрийнх нь ёс зүй, хандлага, язгуур мэдлэгтэй холбоотой юм. Энэ талаасаа улс орнууд хоёр хэсэгт хуваагдаад байна. Нэг оршихуй нь байгалиа тэтгэж амьдрах ёс зүй. Нөгөө нь байгалийг өөрийн эрхшээлд оруулах, байгалийг ашиглах, байгалийг захирах юм.

Өрнө дахины сэтгэгчдийн нэг Гегель “Монголчуудын язгуур сэтгэлгээ тэднийг дэлхийд давалгаалан гарч ирж, түүхэн үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлсөн юм” гэсэн байдаг. Одоо бол манайхан Чингис хаан тэнгэр шүтлэгтэй, бүх зүйлээ тэнгэрт даатгадаг хүн байсан гэцгээдэг. Энэ бол шүтлэг биш байгаль хүний хүйн холбоо дээр үндэслэсэн байгальд хандах дотоод энерги, түүнээсээ хүчээ авч байгаа мэдлэгийн хуримтлал. Энэ мэдлэгийг бид язгуур ухаан гээд байгаа юм. Энэ бол биднийг хүчтэй байлгадаг эрчим хүч мэдлэгийн суурь үндэс. Энэ суурь үндсээ бид яаж мэдэрч чадна мэдлэг оюуны чадвар нэмэгдэнэ. Н.Рерих гээд зураач, дорно дахин судлаач байсан. “Дорнын ард түмэн агуу их соёлтой, агуу их хүчтэй ард түмэн юм“ гэсэн. Хүн байгалиасаа тасраад амьдрах бололцоогүй гэдгийг ухаарах цаг ирсэн байна. Харин нүүдэлчид бол байгаль, хүн, мал гэсэн гурван холбоонд амьдарч ирсэн. Аль ч ард түмэн хангалуун сайхан амьдрахыг мөрөөддөг. Үүнийгээ хэрэгжүүлэх арга, мэдлэг ухаан нь өөр. Нүүдэлчдийн хувьд хангалуун амьдаръя гэвэл малаа бодно. Малаа бодно гэвэл байгаль бэлчээрээ бодно. Бэлчээрээ бодвол өөрийнхөө үйлийг хянана. Бууцан дээрээ хог хаяж болохгүй, булгийн эхийг булингартуулж болохгүй гэх мэт мэдлэг хуримтлагдсан юм. Америкийн угсаатны зүйч Т.С.Уэйскел “Өнөөдөр бид байгальд хандах анхан үеийн сэтгэлгээгээ эргэж харах цаг болжээ. Өөрөөр хэлбэл барууны ертөнцийн бидэнд, бидний түүхэн туршлага, соёлын уламжлалаас өөр, байгальтайгаа эн зэрэгцэн зохицон амьдарч байгаа улс түмний соёл сонирхолтой байна” гэсэн нь санамсаргүй үг биш. Барууныхан эргэж байна.

Байгаль шүтлэг гэдгийг бид сүсэг бишрэлээс өөр язгуур сэтгэлгээ гэж ойлгохыг санал болгож байгаа юм. Энэхүү язгуур ухаарлаас зан заншил, зан үйл, ёслол хүндэтгэл,цаг улирлын баяр наадам үүсэн гардаг.

-Эрийн гурван наадам гэхэд л зан үйл, зөн бэлгэдэл, наадам цэнгээн зэрэг олон утгатай юм байна. Бөх барилдах, сур харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг хэр сахидаг юм бол гэж бодогдсон шүү?

-Эрдэмтэд гаргаад бичээд байна шүү дээ. Тухайлбал академич Х.Сампилдэндэвийн “Монгол зан үйл, баяр ёслолын товчоон” гэж ном бий. Жишээлбэл бөх барилдана гэдэг баясгах, хүч тамираа харуулдаг байсан бол одоо тэмцэлдэх, өс хонзонгоо авах ёс зүйгүй юм руу хөтлөгдөөд байна. Зүүний магнайд хэн нь гарах вэ гээд маргаад байсан. Энэ бол нарийн дээрээ нэг их ач холбогдолтой зүйл биш. Үндэснийхээ бөхийн ёс зүй уламжлалаас хөндийрсний шинж. Монгол ахуйд тохирсон зан үйл л манайд хэрэгжинэ шүү дээ. Сүүлийн үед Солонгос, Хятадын олон зүйлийг даяаршил нэрийн дор авч байна. Ер нь соёл зан үйл хөгжлийн явцад шинэчлэгдэж сэлбэгдэж байдаг. Тэглээ гээд гадны юмыг хэтэрхий хуулбарлаж таарахгүй. Амьдралаар нотлогдож батлагдсан байх ёстой. Манай том аваргууд “Хасуу барилдаан” гэж санаачилж байсан. Ерөнхий сайд нь хүртэл очиж үзэж байлаа. Сураар тойрог хийж байгаад барилдсан, Бөхийн өргөөнд. Нэг л хүн тийм ухаан гаргаж л дээ. Гэтэл монгол бөх гэдэг орон зай, цаг хугацаа, жин харгалзахгүйгээр барилддаг шүү дээ. Хүнийхээ язгуур шинж чанарт тохирсон байх ёстой. Монгол хүн гэдэг өөрийн гентэй, ахуйтай, оршихуйтай. Манай сур гэхэд л их ойлгомжтой байдаг. Өөрийн дүрэмтэй байдаг.

-Монголчуудын байгаль хамгаалахтай холбогдсон зан үйлийн нэг нь уул овоо, ус мөрний тахилга гэж Азийн зан үйлийн олон улсын хурлын үеэр яригдсан. Овоо тахилгын газрыг сонгохдоо орчноо тэтгэдэг өвөрмөц газруудыг сонгодог байсан гэнэ?

-Өөрөөр хэлбэл монголчуудын уул овооны тахилга нь эртний монголчуудын тэнгэр шүтлэг, байгалийн шүтлэг зэргийг агуулсан ч хамгийн гол нь эх байгалиа хамгаалах үндсэн зорилготой. Монголчууд овоо босгохдоо тухайн нутгийн бэлгэдэл сүр сүлд болсон уул хайрханыг сонгож, дархлан хүндэтгэж хамгаалж иржээ. Тахилга шүтлэгтэй уулнаас дураараа мод огтлохгүй, ан амьтныг нь хөнөөхгүй, булаг шандыг бохирдуулахгүй хад чулууг нь хөндөхгүй зэрэг олон арван уламжлалт цээрийн ёс тогтоосон нь хэрэг дээрээ байгаль хамгаалах үүрэг зорилготой юм. Манайд эрчим хүчний төвлөрөлтэй газрууд орон нутаг болгонд байдаг. Сая Архангайд явж байхад ч тийм газрууд байж л байна. Түүнийг малчид, ахмад үеийнхэн олоод тогтоочихсон байгаа юм. Цагааннуурын овоо гэхэд л нуураа дүүрэн байлгах, усаа татах, оргилох зүг дээр нь овоо байгуулжээ. Газрын хөрсөн дорх баялгийг үндсэндээ тогтоочихсон уул овоогоо тэрүүгээрээ нэрлэсэн байх жишээтэй. Эрдэнэт, “Алтан овоо” гээд нэрлэчихсэн. Түүний цаана язгуур мэдлэг нь бий. Ерөнхийлөгч зарлиг гаргаад, төрийн тахилгатай уул овоог бий болгож байна.

Гэхдээ орон нутгийнхан уул овооны тахилгыг зохион байгуулахдаа хэт баяр ёслолын байдалтай, олон хүн цуглуулж хог хаяж баахан машинаар газрын хөрсийг гэмтээх эрсдэлтэй байгааг бодолцох учиртай.

-Лус савдаг, уул усны эзэн гэх мэтээр ярихыг мухар сүсэг гэж ойлгодог. Гэтэл энэ маань хүн байгаль зэрэгцэн орших гүн ухаан гэж тодорхойлогдож байна?

-Байгаль амьтай юм. Энэ бол зөвхөн монголчуудад ч байдаг юм биш, Азийнхны ухаан.

-Солонгосын нэг арлын загасчид аварга могой шүтдэг. Аварга могойтой таарсан чинь өргөл өргөвөл та бүхнийг ивээнэ гэсэн гэх мэт домог байдаг гэж яригдсан. Тэгэхээр Азийнхан язгуур шүтлэгээрээ ойлголцох, ижилсэх хандлага яваад байна уу гэж бодогдсон шүү?

-Тийм. Германы эрдэмтэн Шольц гэж хүний бичсэн ном бий. Африкийг олон жил судалсан. Түүн дээр байгаа зан үйл, өвөлжөө хаваржаа нүүдэл, сав суулга, малдаа хандах хандлага Монголын нүүдэлчидтэй их төстэй. Нүүдэлчид гэдэг хүн байгаль мал гурвын уялдаа холбоог ойлгож чадсан хүмүүс юм.

-Эрдэмтэд бол байгаль хамгаалах уламжлалт зан үйл, язгуур шүтлэг байгаль хамгаалахад нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна лээ?

-Тийм. Ер нь бид байгалиа ивээх, байгальтайгаа зохицож амьдрах хэв маяг руу явах ёстой, явж ч байсан. Уул уурхайн хамгийн том аюул тэр мэдлэг уламжлалыг алгасаад байна. Тэмцэж байж л "Ноён уул”-аа нэг юм авч үлдлээ. Зарим улс төрч хэлж байна. “Тэнд байгаа хэдэн булш ямар хэрэгтэй юм” гэж. Булшиндаа биш тэр газрын онгон, Монголын ард түмний ирээдүйн сүр сүлдэнд л байгаа юм. 2200 гаруй жилийн түүхтэй л гэж байна. Хүннү гүрэн Модун шаньюгийн домог байдаг. Газар бол төрийн үндэс гэдэг. Тэр чинь байгаль орчинтойгоо харьцах нүүдэлчдийн арга ухаан.

-Азийн зан үйлийн олон улсын холбооныхон өөр юунд анхаарал хандуулдаг вэ?

-Жилд нэг удаа хуралддаг. Зан үйлийн тухай хэлэлцэж төр засагт зөвлөмж өгдөг.

-Энэ удаа ямар зөвлөмж гаргасан бэ?

-Экологийг ивээн тэтгэхэд язгуур мэдлэгийг зүй зохистой ашиглая, байгаль хүн шүтээн гурав хүйн холбоотой, хүн бүхнийг шийдэхгүй, хүн байгальтай зохицож амьдрах учиртай гэсэн цөөхөн зөвлөмж бий.

http://dnn.mn