Зун цаг дуусч, хичээл, номондоо шамдан суралцах өдрүүд эхэллээ. Оюутан, сурагчид сургуульдаа орж нам гүмхэн байсан хот их хөлд дарагдав. Үүнийгээ дагаад замын хөдөлгөөний ачаалал ч нэмэгдэж байна. 

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг.  Энэ талаар баримт сөхвөл, өнгөрсөн оны мөн өдийд буюу есдүгээр сарын 1-нд  дөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн хэрэг гарсан. Гэмтсэн хүүхдийн 1 нь сургуулийн өмнөх насны, 3 нь сургуулийн насны хүүхэд байсан юм.  

Зам тээврийн осолд хүүхэд хамгийн ихээр өртөж, гэмтэн цаашилбал амь насаа алддаг. Тиймээс замын хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлд оруулахаар болсон. Уг шинэчилсэн хууль өчигдрөөс эхэлж мөрдөгдөж эхэллээ. 

Өнгөрөгч наймдугаар сард  гэхэд хүүхэд өртсөн осол 50 гарсны 27 нь сургуулийн өмнөх насны, 23 нь сургуулийн насны хүүхэд байжээ. Тэдний 21 нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа осолд өртсөн бол 29 нь явган зорчигч хүүхдүүд байв. 

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд нь явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигчийн өөрсдийн буруугаас зам тээврийн осолд өртөх нь их байгаа. Тэдний дотор 8-14 насны эрэгтэй хүүхдүүд давамгайлж байгаа нь эцэг эхийн хараа хяналт муу байгаатай холбоотойгоор зам тээврийн осолд өртөж байгааг ЗЦГ-аас онцолсон.

Шинэ хуулиар жолооч нар  "торгоно, торгоно бас дахин торгоно" гэдгийг сайн ойлгосон биз ээ. Тэгвэл энэ хуульд цэг, эх асран хамгаалагчийн үүргийг ч тусгаж өгчээ. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд эцэг, эх асран хамгаалагчийн үүргийг ч тусгаж өгсөн. Тус хуулийн 54 дүгээр зүйл.

54.6.Энэ хуулийн 13.2.7-д / 13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;/ заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэсэн заалт бийг эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид анхааралдаа аваарай. 

Хүүхдэдээ зам хөндлөн гарахдаа гарцтай газраар ногоон гэрлээр зам гардаг гэдгийг сайн хэлж захиж байхгүй бол мөн л торгуулах нь байна шүү. 

 

Х.Даваа