Гудамж талбай, барилга байшингийн ханан дээр “Гулгаа массаж” хэмээн утасныхаа дугаарыг үлдээсэн зарлал, урин дуудах бичгийг бид ханатлаа харсан.

Хараад дургүйцэх, бухимдах нэгэн байхад утасных нь дугаарыг тэмдэглээд, цээжлээд өнгөрөх эрчүүд олон бий. Тиймээс ч массажны энэ төрөл нууцлагдмал, хаагдмал хэрнээ цэцэглэн хөгжсөөр байна. Үүний жишээг саяхан цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын дүн батална.

Тодруулбал, массажны газраас гулгаа массажийн үйлчилгээ үзүүлдэг 24 биеэ үнэлэгчийг илрүүлсэн юм. 

Нүцгэн биеэ бүхэлд нь тослоод бүтэн биеэрээ хүрэлцэн, массажилдаг гэх тайлбартай массажийн энэ үйлчилгээ саяхнаас хөгжиж эхэлсэн ч хүн бүрийн мэддэг, магадгүй хэрэглэдэг, хэрэглэхийг хүсдэг үйлчилгээ болж чаджээ.

Азийн Тайланд, Малайз, Хонконг, Тайвань, Хятад Улсууд массажийг бүх төрөлд нь хөгжүүлж, секс аяллын гол чиглэл болсноор ДОХ, бэлгийн замын өвчний үүр уурхай болоод байна. Харин манай улсад биеэ үнэлэх үзэгдэл социализмын үед нууц хэлбэртэй, хамрах хүрээ багатай байсан бол өдгөө ил цагаандаа гарсан, оройн хоол, оймс солихтой л ижил болж гэх ахмад настнууд олон байна.

Цагдаагийн алба хаагчид дэн буудлаас биеэ үнэлэгчдийг илрүүлж, баривчилсны дараа “Манайд жаахан хүүхдээ орхичихоод явчихлаа, ирж авахгүй байна” гэсэн дуудлага хэд хэд ирсэн тохиолдол гарчээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй, орон гэргүй биеэ үнэлэгчид ихэвчлэн дэн буудлаар гэр хийж, тэндээ хүүхдээ өсгөн, биеэ үнэлдэг байсан нь ийнхүү ил болсон юм. 

Дэн буудлаас баривчлагдсан 22 настай гэх Б-тэй бид цөөн хором ярилцсан юм.

- Гулгаа массаж хийхдээ бэлгийн харьцаанд ордог уу?

 - Зохицоод орох тохиолдол байдаг. Ихэвчлэн гар хангалга хийдэг.

- Чи гэр бүлтэй юу?

- Нехөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

- Нөхөр чинь чамайг биеэ үнэлдгийг мэдэх үү, өөрөө ажил хийдэг үү?

- Цахилгаанчин хийдэг. Намайг 24 цагийн хоолны газар шөнийн ээлжинд угаагчаар ажилладаг гэж боддог.

- Зочид буудалд биеэ үнэлээд цалин авдаг уу, эсвэл олсон мөнгөө шууд авдаг уу? Дунджаар сард хэдэн төгрөгийн орлоготой байдаг вэ?

- Сардаа сая гаран төгрөг олдог. Зочид буудалдаа оруулсан мөнгөнөөсөө 40 хувийг нь авдаг гэсэн үг.

- Эзэмшсэн мэргэжил, хийж чадах ажил байгаа юу?

- Үсчний сургалтад суусан. Төгсөөд хоёр сар ажиллаж үзсэн. Ажил их, цаг зав маш бага хэрнээ суудлын түрээсэндээ хамаг мөнгөө өгчихдөг болохоор сардаа 400 мянган төгрөгийн л орлоготой байдаг байсан. Нөхрийн цалин бас л иймэрхүү болохоор орон байрны түрээс, хувцас хунар, хоол унд гээд хэрэгцээнд маань хүрэлцдэггүй. 

- Сарын 800 мянга, түүнээс ч бага орлоготой ч зөв сайхан амьдарч байгаа айл өрхүүд өчнөөн олон байгаа гэж би боддог. Чиний хийж байгаа ажил үр хүүхдүүдэд чинь муугаар нөлөөлөх вий гэсэн айдас төрдөггүй юу?

- Би тиймэрхүү мухар сүсэгт итгэддэггүй. Хүн болгон адилгүй шүү дээ. Яахав, би алдаж яваагаа үгүйсгэхгүй. Гэхдээ би сонгоод, үүгээрээ амьдарч байна. Та сэтгүүлчээ хийж байгаатай адил би гэр бүлээ тэжээх гээд ажлаа л хийж яваа эмэгтэй хүн. Намайг чичлэх шаардлага, эрх хэнд ч байхгүй гэдгийг хэлчихье.

Нэг талаас нь хэн, хаана, ямар байшин хөлслөөд, юугаа хийх нь дурын хэрэг, хүний эрх. Шинэ тутамд хүчтэй, өргөн цар хүрээтэй хөгжиж буй “Гулгаа массаж” ханан дээрх зарлалаас гадна цахим ертөнцөд ч том байр суурь эзэлж эхэллээ. Ингэхдээ бараг л тохилог байраараа өрсөлдөн хөгжиж байна.

Массаж нэрийн дор биеэ үнэлэх байдалтай тэмцэж байгаа хуулийнхан “Сүүлийн хоёр жилийн хугацаанд массажны газрууд ихэссэн. Яагаад гэвэл 2012 оны нэгдүгээр сард Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулж, 4.2 заалт буюу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, биеэ үнэлэх явдлыг санхүүжүүлэх, орон байраар хангах, зуучлах, тээврийн хэрэгсэл ашиглах тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, торгох арга хэмжээ авах, тээврийн хэрэслийг нь улсын орлого болгоно гэсэн заалтыг хүчингүй болгосон.  

Оронд нь “Биеэ үнэлэхийг хориглоно” гэж заалт оруулсан. Энэ заалт байхгүйгээс зөвхөн биеэ үнэлэгч нарыг баривчлах арга хэмжээ явагдаж байна. Үүнээс болж хариуцлага хүлээх байгууллага, аж ахуйн нэгжүүд гаарч далд хэлбэрээр гулгаа массажны цэгүүд олширсон” хэмээн ярьсан юм.

 

Эх сурвалж www.wikimon.mn