Эдийн засаг хүндрээд ард түмний амьдрал хэцүүдэж байна. Улсын төсөв долдугаар сарын байдлаар 635 тэрбум төгрөгийн алдаг­далтай гарсан. Зэсийн үнэ төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар буурсан. Зэсийн үнэ өмнөх оны мөн үеэс 20 орчим, боловсруулсан нүүрс 38, төмрийн хүдэр 46, газрын тосны үнэ 40 орчим хувиар буурсан тухай статистикчид хэлсэн. 

Суудлын төлөө хэт тэмцэж байх үед улсын төсвийн тодотголын талаар ам нээх хүн олдохгүй байна. Тэгвэл энэ асуудалд ард түмний төлөөлөл болсон 76-аас ганц хүн ам нээв. Ганц дайчин ганцаардахгүй ээ С.Ганбаатар гишүүн ээ. 

Тэрбээр  "Цалин нэмэх ёстой 2015 оны төсвийн тодотголд цалин нэмэхгүй гэж тусгажээ. Энэ талаар ямар нэг тооцоо судалгаа, хэлэлцээрт орохгүйгээр цалин нэмэхгүй гэдэг асуудлыг гурван тал шийдэж байгаа нь буруу" хэмээн онцолсон юм.

Мөн ирэх долоо хоногуудад төсвийн төсөл, төсөөллийг хэлэлцэнэ. Төсвийн  төсөлд цалин нэмэхгүй байх асуудлыг ярьж байна.  Энэ улс төрийн шийдэл байж болох юм. Үүнийг гурван талт хэлэлцээрт орсны үндсэн дээр шийдэх ёстой. Эдийн засаг хүнд үед цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа.

Харин энэ оны төсөв 600 тэрбум төгрөгөөр тасарч байгаа. Монгол Улсад орох ёстой орлогыг авч чадахгүй байна. Уул уурхайн компани, архи тамхины Онцгой албан татварыг бууруулсан. Үүний гор өнөөдөр гарч ирж байна.

Бие даагчдын зөвлөл 17 дэд сайдыг танаач гэсэн бодлого барьж байсан. Харин энэ бодлого хэрэгжих гэж байна. Орлогоо яаж нэмэгдүүлэх талаар тооцохгүй байна. “Оюутолгой”-гоос  таван хувийн роялти авдаг, 3 хувийг нь буцаагаад зарлага гээд өгчихдөг. Орлогоо нэмэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хямрал болох тусам эдийн засгаа тэлэх бодлого барих ёстой  гэлээ. 

Түүнчлэн 17 дэд сайд гэдэг бол улс төрийн бялуу. Тухайн үеийн миний судалгаагаар 672 сая төгрөгийг 17 дэд сайдыг танаснаар хэмнэх байсан. Үүнд дайвар  зардал болон томилолтын зардлыг оруулж тооцоогүй гэдгийг ч сэтгүүлчдэд дайгаад авав. 

Ямартаа ч цалин нэмж байж ард иргэд худалдан авалт хийх чадвартай болно гэдгийг үлдсэн нөхдүүд ойлгоо байлгүй дээ.