Нийслэлд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж буй хувийн автобус компаниуд өнөөдөр 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа. Тэдний гурван сарын цалинг олгоогүй учир ийнхүү ажил хаялт зарласан гэх мэдээлэл байна.

Одоогоор үйлчилгээнд “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн болон “Мяралзаа” компанийн автобусууд үйлчилгээнд гарч байна. Автобусны буудлуудад автобус хүлээж ажил сургуулиасаа хоцорсон иргэд цөөнгүй байна.

Ажил хаялт зарласан талаар “ЭМСИД” компанийн жолооч Н.Энхбаяраас тодрууллаа.

-Жолооч нар ямар учраас ажил хаялт зарлачихсан юм бэ?

-“Смарт карт” компани хувийн автобус компаниудын цалин олгоогүй учир ажил хаяж байна.

-Цалингийн асуудлыг шийдээд өгвөл ажил хаялтаа зогсоох уу. Өөр асуудал байхгүй юу?

-Байхгүй. Удирдлагууд маань “Смарт карт” компанийн удирдлагуудтай уулзахаар орлоо. Тодорхой шийдэлд хүрээд цалингийн асуудлыг шийдээд өгвөл асуудалгүй шууд явна. Автобусууд бэлэн байна.

Нийтийн тээврийн шинэчлэл буюу “U money” картыг ашиглаж эхэлснээр багагүй алдагдал хүлээсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс цалингаа тавьж чадахгүй байдалд хүрсэнээр ийнхүү ажил хаялт зарласан байж болзошгүй байна. Юутай ч уг асуудлаар яг одоо компанийн удирдлагууд уулзалдаж байна.

Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Т.Болормаа