УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн билээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон өөр компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид Монгол улсын Засгийн газар гарын үсэг зурсан. Ингэхдээ УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн.

Энэ нь УИХ-ын хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монгол улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашил харилцан үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Энэ нь Монгол улсын Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл гэж УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж байгааг тогтоолын төсөлд тусгажээ.

Одоогоор уг тогтоолын төсөлд Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Хаянхярваа нарын 10 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Тэгвэл өнөөдөр Ц.Нямдорж гишүүн гарын үсгээ зурсанаа мэдэгдлээ.