Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгосон юм. Үүний дараа ШУА-ийн Одон орон, геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл нийслэлийн орчимд газар хөдлөх магадлал хэр байгаа талаар, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах ажлын явцын тухай сэдвээр товч мэдээлэл хүргэсэн юм.

Улаанбаатар хотоос 200-400 км-ын тойрогт газар хөдлөлтийн идэвхитэй голомт байдаг

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал: мэдээлэлдээ “Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”, Засгийн газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус баталсан.


Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиглэлээр

Улаанбаатар хотоос 200-400 км-ын тойрог (Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум)-т газар хөдлөлтийн идэвхитэй голомт байдаг бөгөөд хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийслэл хотод их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй.

Дээрх бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012-2014 онд байгуулан ашиглаж байна. Энэхүү систем нь газар хөдлөлтийн голомтод чичирхийлэлт мэдрэх 12 станцаас хүлээн авсан мэдээллийг боловсруулж 30 секундын дотор Улаанбаатар хотын 9 дүүрэгт байрлуулсан дуут дохиоллын 60 цамхаг болон 10 радио, 3 телевиз, үүрэн холбооны 2 оператороор дамжуулан иргэд, олон нийтэд зарлан мэдээлэл хүргэнэ.

6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд нийт барилга байгууламжийн 22-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30.000-60.000 орчим хүн нэрвэгдэх тооцоо гарсан.

Онцгой байдлын ерөнхий газар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт зохион байгуулдаг болсон бөгөөд сүүлийн 4 жилд 21 аймаг, нийслэл, 330 сум, 9 дүүрэгт гамшгаас хамгаалах 271 алба, 564 мэргэжлийн анги, 1590 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 2.4 сая орчим хүн оролцоод байна. 2013 онд Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэхүү үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд нийт барилга байгууламжийн 22-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30.000-60.000 орчим хүн нэрвэгдэх тооцоо гарсан.

Нийслэлд нийтийн орон сууцны 3133 барилга байгаа бөгөөд 2011 оноос хойш Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 413 барилгад газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж паспортжуулан, мэдээллийн санд оруулсан. Энэ ажлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй 166 барилга байгааг тогтоосноос 85 барилгыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, үүнээс 42 барилгыг буулган шинэчилж барих ажил эхэлсэн. Дээрх үзлэг паспортжуулалт хийсэн барилгаас 74 барилгыг хүчитгэн ашиглах боломжтой.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2012 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 656 сургууль, 686 цэцэрлэгийн барилгын ашиглалтын төлөв байдалд үзлэг хийж газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 78 сургууль, 103 цэцэрлэгийн барилга байгааг тогтоосон. Үүнээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтийг үндэслэн 9 цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, 8 цэцэрлэгийг буулгаж шинээр барихаар төлөвлөж, 4 цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 6 сургуулийн барилгыг буулган, шинээр барьж, 4 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 512 эмнэлэг, 401 театр, музей, соёлын төв, номын сан, биеийн тамирын танхимд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй байна.

Газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын 285000 хүнийг 47 түр байрлалд цуглуулан, 6 чиглэлийн 24 байрлалд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдий Хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.


Боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, нийтийг дадлагажуулах чиглэлээр:

АНУ-ын Аляскийн үндэсний гвардитай хамтран “Говийн чоно” олон улсын дасгал сургуулийг 4 удаа, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үед хотын дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дасгал, сургуулийг 2 удаа тус тус зохион байгуулж, болзошгүй газар хөдлөлтийн үед гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн ангиуд хамтран ажиллах талаар туршлага солилцсон. Мөн 2011 оноос хойш давхардсан тоогоор 20 аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний сургуулийг зохион байгуулж, нийт 12.000 гаруй хүн хамрагдсан байна.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

-Улаанбаатар хотод газар хөдлөлтийг бүртгэх 5 станцыг нэмж байгуулах

-Зарлан мэдээллийн дохио дамжуулах цамхагийг 40-өөр нэмэгдүүлэх

-Газар хөдлөлтийг бүртгэх станцуудын ашиглалтын зардлыг төсөвт тусгах

-Аймгийн төв, томоохон хот суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг 2016 онд хийж дуусгах

-Улаанбаатар хотын газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх

-Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байрлуулах хоргодох байр, цугларах талбай зэргийг төлөвлөж, баталгаажуулах

-Бүх аймгийн төвүүдэд шуурхай удирдлагын төв байгуулж, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас амжиж анхааруулах системд холбох (2015 оны 09 дүгээр сард Булган аймгийн төвд 168 сая төгрөгийн өртөг бүхий зарлан мэдээлэх төвийг байгуулсан)

-Аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллага бүр “Гамшгийн нөөц” бүрдүүлэх

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх сургалт, дадлагын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон” гэв.

Улаанбаатарт 6.5-7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж магадгүй

ШУА-ийн Одон орон, геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл хийсэн мэдээлэлдээ: “2015 оны 10 дугаар сарын 3-ны 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4.4 хүчтэй газар хөдлөлт боллоо. Тус газар хөдлөлтийн голомт нь хотын төвөөс зүүн хойш 22 км, хотын баруун зах Яармагаас зүүн хойш 38 км, хотын зүүн зах Гачуурт тосгоноос хойш 14 км-ийн зайд болжээ. Тус газар хөдлөлтийн үед Бэлх, Шаргаморьт ба Гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонсогдож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Уг газар хөдлөлтөөс 38 секундын өмнө дээрх газар хөдлөлтийн голомтод 3.4 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болсон нь хотын зүүн хойд хэсгийн оршин суугчдад мэдрэгдсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 7-ны өглөөний 09 цагийн байдлаар тус газар хөдлөлтийн голомтын бүс идэвхтэй хэвээр байгаа бөгөөд сулавтар хүчтэй (магнитуд нь 0.5 – 2.6) давталт хөдлөлт 14 удаа болоод байна.

Бэлх, Шаргаморьт ба Гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонсогдож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Эдгээр газар хөдлөлтүүд Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт буюу Гачууртаас хойш 10 км-ийн зайд орших Гүнжийн хагарлын бүсэд тохиосон. Уг хагарал нь баруунаас зүүн тийш 20 км сунаж тогтсон идэвхтэй хагарал бөгөөд хагарал дээр одоогоос 3-6 мянган жилийн өмнө хоёр ч удаа хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Сүүлийн 5 жилд хийсэн судалгааны ажлын үр дүнд Улаанбаатар хот орчмын идэвхжилт ажиглагдаж буй бүс нутгуудад хүчтэй газар хөдлөлтөөр үүссэн Хустай, Эмээлт, Шархай, Авдар,Гүнж, Мөнгөнморьт зэрэг 6 идэвхтэй хагарлуудын бүсийг илрүүлсэн болно.


Эмээлтийн хагарал: Баруун гарын хэвтээ шилжилтийг агуулсан огшоолт төрлийн 35 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VIII-IX баллаар мэдрэгдэх магнитуд нь 7.1 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.


Хустайн хагарал. Зүүн гарын хэвтээ шилжилтийг агуулсан нормаль төрлийн 212 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VIII-IX баллаар мэдрэгдэх магнитуд нь 7.8 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.


Гүнжийн хагарал: Баруу гарын хэвтээ шилжилтийг агуулсан огшоолт төрлийн 20 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VII-VIII баллаар мэдрэгдэх магнитуд нь 6.5 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.


Авдар уулын хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилтийн төрлийн 50 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VII-VIII баллаар мэдрэгдэх магнитуд нь 7.2 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.


Шархайн хагарал: Зүүн гарын хэвтээ шилжилтийн төрлийн 50 км урт хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод VIII баллаар мэдрэгдэх магнитуд нь 7.2 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.


Мөнгөнморьтын хагарал: Баруун хойшоо уналтай 90 км урт тохрол хэлбэрийн хагарал. Уг хагарлын бүсэд Улаанбаатар хотод V-VI баллаар мэдрэгдэх магнитуд нь 7 хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлалтай.


Сүүлийн 10 жилийн (2005 - 2015) хугацаанд Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт ажиглагдаж нийтдээ магнитуд нь 0.1 – 5.2 хүчтэй 10397 удаагийн газар хөдлөлт болоод байна. Ялангуяа сүүлийн 5 жилийн газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс үзэхэд жилээс жилд нэмэгдсээр байна. (2011 онд 400; 2012 онд 797; 2013 онд 2148; 2014 онд 1147; 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 896 газар хөдлөлт болсон байна). Үүнийг идэвхжилт эхэлсэн хугацаанаас өмнөх онуудтай харьцуулахад дунджаар 3-5 дахин ихэссэн үзүүлэлт гарсан. Үүний зэрэгцээ тус бүсэд Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн мэдэгдэм хүчтэй (M≥3.5) газар хөдлөлт 3 удаа болсон.

Үүнд:

2009 оны 03 дугаар сарын 22-нд Төв аймгийн Сэргэлэн суманд орших Өндөр довын давааны орчим магнитуд нь 4.1 хүчтэй,


2013 оны 10 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотын баруун захад Эмээлт өртөөний орчимд магнитуд нь 3.8 хүчтэй,


2015 оны 10 дугаар сарын 03-нд Баянзүрх дүүргийн Улиастайн амын Шарын хоолойд магнитуд нь 4.4 хүчтэй газар хөдлөлтүүд болоод байна.

Үүний дараа УИХ-ын гишүүд холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авч, мөн байр сууриа илэрхийлсэн юм. Эдгээрээс тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Уянга: -Маш чухал мэдээлэл өглөө гэж бодож байна. Хүн болгонд хэрэгтэй, анхааралдаа авсан байх. Сонор сэрэмжээ дээшлүүлэх байх гэж бодож байна. Гэхдээ энэ мэдээллүүдийг сонсоод сууж байхад нэг зүйл бодогдлоо. Ингэж мэдээлэх шаардлага байсан уу. Арга нь зөв үү. Олон нийтийг түгшээж, сандрал төрүүлж, сэтгэл санааг нь үймүүлж мэдээлэх шаардлага гарцаагүй үүссэн үү. Иймэрхүү асуудалд төр бэлтгэлтэй байх ёстой. Бэлтгэл ямар түвшинд байгааг саяын танилцуулгаас сонсож мэдлээ. Иймэрхүү асуудлыг байнга ярьж байдаг түүнд бэлтгэлээ хангаж байдаг байгууллага бол төр гэж ойлгодог. ОБЕГ анхааралдаа аваад сүүлийн үед ойр ойрхон хамгаалах, урьдчилан сэргийлэх, сургалт явуулж, бэлтгэл ажлыг хангуулж, Төрийн ордонд хүртэл газар хөдөлбөл юу болох вэ, гал гарвал яах вэ гэх мэтээр сургалт хийж байсан. Олон сургууль дээр бас хийж байгаа юм байна. Төр ажлаа хийж байгаа юм байна гэж харсан.

Төсөв хэлэлцэхийн өмнө мэдээлэл хийсэн нь ийм аюул байгаа учраас төсвөө нэмэгдүүлэх шаардлагатай байна шүү гэдгийг хэлж байж магадгүй. Төсөв хүнд гарцаагүй асуудал байгаа. Нэн тэргүүнд төсвөө нэмэх шаардлага байна гэдгийг хэлэх гэж байгаа бол олон нийтийг түгшээж хэлэх шаардлага байсан уу гэж бодогдож байна. Магадгүй Засгийн газрын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх , ОБЕГ-ын төсвийг нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа байх. Засгийн газрын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэнгүүт Үндсэн хуулийн Цэцэд машин авч өгөөд байж болохгүй. Яг энэ арга хэмжээндээ зарцуулах ёстой. Төр гэж байдаг бол яг энэ арга хэмжээг мэддэг газар нь нийслэл, УИХ , Засгийн газар, ОБЕГ, Шадар сайд нь иж бүрэн мэдээлэлтэй байгаад мэдээллийнхээ дагуу төр шиг ажиллах ёстой. Хүн болгоны зүрхийг өвтгөн түгшээх шаардлагагүйгээр айлуудад сургалт хийдэг, байшин барилгаа янзалдаг, түрүүний хэлсэн арга хэмжээгээ авдаг, бид нар мэдээлэл авсны үндсэн дээр төсөв хөрөнгө шийдэж өгдөг ийм л арга хэмжээ явах ёстой байх. Нийтээр түгшээх шаардлага гарцаагүй үүссэн гэж үзэж байна уу? Энэ нь 12 дугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэдэгтэй юугаараа ялгаатай байгаа юм бэ гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын дарга З.Энхболд: -Зөвхөн төрийн ажил биш учраас бүх хүмүүсийг бэлтгэлтэй бай гэж байгаа шүү дээ. Давтамж графикийг үзүүл дээ. Түүнийг харахад хүн болгон анхаарах хэрэгтэй байгаа. Миний ажил биш гэж бодож болохооргүй болчихоод байгаа. Мэдээлэл хүргэхийн тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хүн болгон би ямар бэлтгэлтэй билээ гэж бодож бэлтгэл хийх хэрэгтэй болж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Ярьж байгаа нь зөв байх, анх удаа ч ярьж байгаа биш байх. Хэд хэдэн удаа ярьж байсан. Би андуураагүй бол УИХ дээр Ерөнхийлөгч 3 жилийн өмнө айхтар хүчтэй ярьж байсан. Өнөөдөр ярьж байсан шиг зүйлүүдийг ярьж байсан. Давтамж байнга нэмэгдэж байгаа тухай. Хамгийн гол нь яриад л байдаг, ярьснаасаа хойш манай төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь чухал байна. Яг юу хийсэн бэ, төсөвт тусгаад ийм ийм зүйлийг хийх шаардлагатай байна гэсэн асуудал яригдсаныг би санахгүй байна. ОБЕГ таван цэг байгуулах шаардлагатай гэж ярилаа. Ярих биш юм л хийж тодорхой төлөвлөгөө хиймээр байна. Төсөвт жил бүхэн ингэж тусгаж байя гэдэг юм л хамгийн чухал байна. Яриад арга хэмжээ авахгүй байна гэдэг бол “Бид та бүхэнд хэлж байсан шүү. Иргэд өөрсдийгөө хамгаалаагүй шүү, юу ч хийгээгүй шүү.Анхааруулж л байсан” гэх мэтээр хаяагаа манах маягийн юм дараа нь болоод өнгөрөх вий гэж бодогдох юм. Барилгын компаниуд шаардлага хангасан юм хийж байна уу.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга: -Газар хөдлөлт нийслэлийн анхаарах асуудлыг нэг зайлшгүй мөн. 2014 онд барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдгийг нягталж шалгадаг орчин үеийн багажуудыг 93 сая төгрөгөөр авч байрнуудын шинжилгээг хийсэн. Өнөөдрийн байдлаар орон сууцны 3100 орчим барилга байдаг. Үүний 30 гаруй хувийн газар хөдлөлтөд тэсвэртэй юу гэдэг шинжилгээг хийсэн байдаг. Сүүлийн үеийн тодорхой барилга байгууламжийг стандарт гэж ойлгож үзэхгүй байгаа. Яг үзэх ёстой барилга байгууламжийнхаа 90 гаруй хувьд нийслэл үнэлгээ хийсэн гэж үздэг. Эндээс үзэхэд 166 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үнэлгээг нийслэийн ерөнхий төлөвлөгөөний хийсэн. Энэ бүхний дагуу улсын мэргэжлийн хяналтынхан дүгнэлтээ бичдэг .

Нийт 150 барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнээд оршин суугчдад мэдээлсэн.

Нийт 150 барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнээд оршин суугчдад мэдээлсэн. Сургууль 27, цэцэрлэг 51, эрүүл мэндийн байгууллага 8, соёл урлагийн байгууллага 4 газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жилээс үнэлгээ хийгээд хүмүүст мэдэгдэх өөр хэрэг, цаашид үүнийг бууруулах тодорхой арга хэмжээ авах ёстой. Нийслэл ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж дахин барилгажуулах, энэ журмыг ИТХ-аар батлаад Засаг даргаас зохион байгуулаад хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хүрээнд манай ерөнхий төлөвлөгөөний газар 8 барилгад сонгон шалгаруулалт зарласан, нэмээд 5 барилгад зарласан. Сонгон шалгаруулалтын нэлээн хийж явж байгаа. 150 барилгаас 85 барилгыг сонгон шалгаруулалтаар сонгоод ажиллаж байна.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: -Энхтүвшин гишүүний асуусан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тухайд бол 2011 онд эхэлсэн ажил 2014 онд дууссан. 2014 онд Засгийн газрын 118-р тогтоолоор цаашид хийх ажил гээд дараагийн төлөвлөгөө 108 заалттай гарсан. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл ажиллаж эхэлснээс хойш манай салбар хоорондын хамтын ажил уялдаатай болж эхэлж байгаа. Хоорондоо мэдээлэл сайн солилцож байна. Ялангуяа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МХГ, ЭМЯ, Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж, уялдаа холбоо сайжирсан гэж бодож байна.

УИХ-ын дарга З.Энхболд: -Саяын газар хөдлөлтөөр аль байгууллага манлайлаад ямар арга хэмжээнд орсон бэ? Тэр чинь та нарын бэлэн байдлыг шалгах гэнэтийн шалгалт боллоо шүү дээ. Төлөвлөгдөөгүй шалгалт. Тэр үеэр яг юу болж хэн голлосон, хэн нь ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Лав л мэдээлэл бол өгдөг юм байна лээ. Түүнээс өөр юу хийсэн бэ?

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: -Манай систем 4,5 баллаас ажиллаж эхэлдэг. Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөний 2.1.4 дотор газар хөдлөнгүүт ОБ алба улсын онцгой байдлын гишүүд болон төрийн өндөрлөгүүдэд мэдээлэл хүргүүлэх шаардлагатай. 4,5 систэм ажиллаагүй учраас ард иргэдэд мэдээлэх шаардлагагүй юм байна гэж үзэж цааш нь мэдээлээгүй.

Ер нь бол энэ тохиолдолд Монгол Улсад манай иргэдийн гамшгаас өөрийгөө болон хөршөө хамгаалах мэдлэг доод түвшинд ирсэн. Хуучин цагийн иргэний хамгаалалтын сургууль маш идэвхтэй явагддаг байсан. Энэ сургуулийг жил болгон 5 аймагт хийдэг. Цаг хугацаагаар бол таван жил тутам нэг аймагт хийгддэг. Сумдад мөн ялгаа байхгүй таван жил тутамд хийгддэг. Гамшгаас өөрөө өөрийгөө урьдчилан сэргийлэх сургалтад ард иргэд хамрагдаж явж байгаа. Гэсэн хэдий ч хамгийн түрүүнд бидний хийх ёстой ажил бага болон дунд боловсрол, их дээд сургуулиудад гамшгаас хамгаалах мэдлэг олгох, амьдрах ухааны сургалтыг зайлшггүй явуулах шаардлага байгаа. БШУЯ-д хандаад 7 жилийн нүүр үзэж байна. Энэ хөтөлбөрийг бид боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр, хүүхэд бүхэн өөрөө өөрийгөө авран хамгаалах мэдлэг боловсролтой болох сургалт хөтөлбөрүүд бэлэн болсон. Сургалтын гарын авлагууд нь бэлэн болсон” гэв.

http://www.24tsag.mn