“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өчигдөр гэртээ нас баржээ. Түүнийг гадны нөлөөтэй нас барсан эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. Учир нь цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний дүгнэлтээр тогтоох бөгөөд одоогоор шүүх эмнэлэгийн дүгнэлт гараагүй байна.

Л.Болормаа нь Өнөөдөр” сонинд 1998 онд сэтгүүлчээр ажиллаж байсан. 2001-2008 онуудад “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба тус тус хашиж байсан. Шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номоо 2007 онд хэвлүүлсэн. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанаас авсан ярилцлагууд, Афганистанаас хийсэн сурвалжлага зэрэг багтжээ.

“Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.

"The Mongolian Mining Journal" сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан. Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг Монголын анхны сэтгүүл юм. Аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус , мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг. Бие даасан мэргэжлийн редакцитай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус сэтгүүлийг “Оны шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулжээ.

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран ажиллагчдад гүн эмгэнэл илэрхийлье.