Бэлгийн замын халдварт өвчний тархалт их байна

Бэлгийн замын халдварт өвчин нь манай улсын хүн амын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Өөрөөр хэлбэл энэ оны эхний есөн сарын байдлаар гэхэд л БЗХӨ-ий 12 мянган тохиолдол ХӨСҮТ-д бүртгэгджээ.

Энэ тоо нь бэлгийн замын өвчлөл, тархалт их байгааг баталж байгаа юм. Мөн сүүлийн 10 гаруй жилд БЗХӨ бууралтгүйгээр байнгын өсөлттэй байгаа аж. Тодруулбал 36 төрлийн бэлгийн замын өвчин байдгаас тэмбүү, заг хүйтэн, терхомназ зэрэг өвчин зонхилсон байгаагийн 60 гаруй хувь нь тэмбүү юм байна. Дээрх өвчний халдвар дамжих хоёр гуравхан л зам бий. Нэгдүгээрт хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, өвчтэй жирэмсэн эмэгтэйгээс урагт халдварлах. Мөн халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварлах байдаг. Энэ онд 30 тэмбүүтэй хүүхэд төрсний найман нярай нь өвчний хүндрэлээс болоод амь насаа алдсан бөгөөд бусад 22 нь эмчийн хяналтад, тасралтгүй эмчлүүлсээр байгаа юм байна.

 

БЗХӨ-тэй эрчүүд эмнэлэгт нэлээд хандах болжээ

БЗХӨ-ны илрэх шинж тэмдэг нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад өөр өөр. Тэмбүүгийн анхны шинж тэмдэг нь халдвар авсан хэсэгт хатуу яр гарна. Халдвар авсан тохиолдолд бэлгийн хавьталд орсноос 10 хоногоос гурван сарын дараа яр гардаг. Мөн арьс салстаар толбот, идээт, цэврүүт тууралт гарахын зэрэгцээ арьс цайж, үс унаж эхэлдэг байна. Энэ төрлийн шинж тэмдэг илэрвэл иргэд цаг алдалгүй харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөх шаардлагатай аж. Мөн ямар ч шинж тэмдэг илрэхгүйгээр, далд хэлбэрээр бүх эрхтэн системийг өвчлүүлсээр байдаг бэлгийн замын өвчнүүд ч байдаг аж. Тэгэхээр иргэд 3 эсвэл 6 сараас хэтрэлгүй шинжилгээ өгч байх зайлшгүй шаардлагатай юм байна. Энэ төрлийн шинжилгээг харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон ХӨСҮТ-д үнэ төлбөргүй авдаг байна. Тэмбүү өвчин нь үргүйдэлд хүргэдэг учраас үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж буй өвчлөлийн нэг болоод байгаа бөгөөд сүүлийн үед эрчүүд бэлгийн замын өвчтэй ирэх нь маш их болжээ. Энэ нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүд үүнд нэлээд санаа зовдог, шинжилгээ өгдөг болсонтой ч холбоотой юм байна. Хэрэв өвчний шинж тэмдэг илрэхэд дур мэдэн буруу эмчилвэл бөөр, дайвар эрхтнүүдийг цочроож архаг үрэвсэл үүсгэх аюултай. Бэлгийн харилцаанд орохдоо заавал хамгаалалт хэрэглэж, ариун цэврийг сайтар сахисан байхад энэ өвчнөөс айхгүй байх боломжтой. Харин эмэгтэйчүүд ихэвчлэн жирэмсний хяналтад орохоор ирээд л өвчтэй гэдгээ мэддэг байна. Мэдээж өвчтэй эхээс өвтэй хүүхэд төрнө. Эмчлүүллээ гэхэд тухайн хүүхдийн өсөлт бойжилт оюуны хөгжилд муугаар нөлөөлөх эрсдэлтэй юм байна. Тэгэхээр иргэд хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол хамгийн түрүүнд шинжилгээ өгч байх ёстой ажээ.

Өсвөр насныхан хүртэл замбараагүй бэлгийн амьдралтай болжээ

Зам-бараагүй бэлгийн амьдрал, үнэнч байх гэдэг зарчим гээгдэж, залуучуудын дунд хамтран амьдрагч гэх түр зуурын хуурамч, үерхэл нэлээд газар авсантай дээрх өвчлөл холбоотой аж. Мөн заг хүйтэн зэрэг бэлгийн хавьталд ороод шинж тэмдэг нь богино хугацаанд хурц илэрдэг өвчнөөр өвчилсөн өсвөр насны хүүхдүүд голдуу эмнэлгээр үйлчүүлж байгаа аж. Өсвөр насныхнаас харахад хүртэл охидоос илүү хөвгүүд эмнэлэгт нэлээд ханддаг байна. Уг нь тэд бэлгийн замын халдвар яаж тархдаг талаар маш сайн мэдээлэлтэй болсон ч амьдралдаа хэрэгжүүлж, дадал болгож чадахгүй байгаа бөгөөд архидалт шоу цэнгээний үеэр биеэ зөв авч, явж чадахгүйн улмаас замбараагүй бэлгийн хавьталд орж, өвчин авах тохиолдол их байгаа гарч байгаа гэдгийг эмч нар хэл байлаа.

 

БЗХӨ бусдад санаатайгаар халдварлуулбал гэмт хэрэг болно

 

ДОХ-ын тохиолдол эхэндээ 2-3 жилд нэг, хоёр байснаа 2000 оны дундаас хойш жилдээ 20-З0 тохиолдол шинээр илэрч эхэлсэн нь манайд ХДХВ, ДОХ-ын тархалт ихэссэн гэхээс илүүтэй шинжилгээнд хамрагдаж байгаа иргэд олон болсонтой холбоотой юм байна. Бэлгийн замын өвчнөөс холуур өнгөрөхийн тулд бие, биедээ үнэнч ганц хавьтагчтай байх, мөн байнгын бэлгэвч хэрэглэж занших, бэлгийн ариун цэврийг сахих цаашлаад, шинжилгээнд тогтмол хамрагдахаас өөр аргагүй юм байна. Шинжилгээнд хамрагдагсдын тоо өсөх тусам, өвчлөлийн тоо ч дагаад өсдөг. Тэгэхээр БЗХӨ тээж байгаа ч шинжилгээнд хамрагдаагүйн улмаас өөрийнхөө бүх эрхтэн системийг өвчлүүлэхийн зэрэгцээ бусдад тараагаад яваа хүмүүс ч олон байдаг аж. Хэрэв өвчтэй гэдгээ мэдсээр байж, бусдад халдварлуулсан бол гэмт хэрэгт тооцогддог байна.

Н.Чимэг