Монголын Засгийн газар, Канадын "Хан ресурс" компанитай үүсгэсэн арбитрын маргаанд ялагдаж 100 орчим сая ам.долларын өрөнд орсон.

Шүүх хурал энэ оны гуравдугаар сард болсон бөгөөд түүнээс хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын Засгийн газрын “Хан Ресурст” өгөх мөнгө, хүүний хамтаар өссөөр байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улс “Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, жилд дөрвөн тэрбум 680 сая төгрөг нэмж төлөх тооцоо харагдаж байгаа гэнэ. Давж заалдах боломжгүй шүүхэд нэгэнт ялагдсан учраас энэ өрийг төлөх нь гарцаагүй. Харин хэзээ, яаж төлөх нь тодорхойгүй байна.

 

Дээрхээс илүүтэйгээр олны анхаарлыг татаж буй нэгэн мэдээлэл сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдах боллоо. Тэр нь Монгол Улс өрөнд орчихсон юмуу? өрөнд оруулчихсан юмуу гэх яриа. Олон улсын арбитрийн шүүхэд дуудагдаж, хэргээ шийдвэрлүүлж байсан хэд, хэдэн жишээ манай улсад бий. Тухайлбал, 1990 оноос хойш бид Японы "Марубини" Италийн “Алстом Пауэрт” ОХУ-ын "Алтан дорнод Монгол" компаниудтай олон улсын арбитрын шүүхэд тулж байжээ. Хамгийн сүүлд алдарт Паушокын "Алтан Дорнод Монгол" компаний 1.5 тэрбум долларын нэхэмжлэлтэй хэргийг Лондонгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн. Уг хэргийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газар Америкийн хуулийн фирмд 6.0 сая ам.долларын өмгөөллийн хөлс төлж, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг 5 жил уйгагүй ажиллаж эцэст нь ялж байжээ.

 

Хуулийн салбарынхны хэлж буйгаар хууль зүйн яамны мэргэшсэн албан тушаалтнууд ямар хэрэг, маргаан арбитрын шүүхэд очоод амжилт олох, олохгүйг маш сайн дүгнэдэг, асуудал манай талд эсрэгээр тусахаар бол шүүхийн процессийн явцад юмуу урьдчилж тохиролцож, асуудлыг шийдэж чаддаг байна. Үүнээс дүгнэвэл, “Хан Ресурт”-ын хэрэг дээр л хайнга, хойрго хандчихлаа гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

 

“Хан Ресурт”-тай үүсгэсэн шүүхийн маргааныг шийдвэрлэх Монголын талын ажлын хэсгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ахалжээ. Гэтэл Ж.Баярцэцэг нь олон улсын арбитрийн шүүхэд очсон хэргийг шийдвэрлэх хэмжээний хангалттай чадвартай хүн биш байжээ. Түүний хувьд 1997-1998 онд УИХ-т тамгын газарт, 2011-2012 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн туслах зөвлөхөөр ажиллаж байснаас өөр төрийн ажлын туршлаггүй нэгэн. Энэ мэтээс болж хууль зүйн яам мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж чадахгүй болсны нэг илрэл нь "Хан Ресурс"-ын маргаанд ялагдсан явдал гэж үзэх хүн цөөнгүй байна.

 

Манай Засгийн газар "Хан ресурс" компанийг хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу нөхөн сэргээлт хийгээгүй, олон улсын хөрөнгийн зах зээлд хууль бус хувьцаа гаргасан гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байдаг. Үүнийг "Хан Ресурс" компани хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж 200 сая ам.доллар нэхэмжлэн 2011 онд олон улсын арбитрын шүүхэд хандсан. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Арбитрын шүүх энэ хэргийг авч хэлэлцэхгүй байх магадлал өндөр” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. Мөн хууль зүйн яамны газрын даргаар ажиллаж байсан Т.Алтангэрэл "Ерөнхий байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нь харвал “Алтан Дорнод Монгол” компанитай ижил төстэй буюу зарчмын хувьд хөрөнгө оруулалтыг төрөөс дайчлан авсан, хохироосон хэмээн олон улсын арбитрын шүүхэд хандсан гэдгийг тодотгож байв.

 

Мөн анхан шатны хурлын үеэр "Хан ресурс” компаний Монголын Засгийн газраас нэхэм­жилсэн 200 сая ам.долларын нэхэмжлэлийг “үндэслэл муу бай­на” гэдэг шүүмжлэлийг шүүхийн бүрэлдэхүүн хэлсэн байна. Энэ мэт нааштай мэдээллүүд сонсогдож байснаа 2012 оноос хойш нөхцөл байдал өөрөөр эргэж эцэстээ бид 100 сая орчим ам.долларын өрөнд уначихсан. Хэдийгээр ажлын хэсгийн ахлагч Ж.Баярцэцэг “Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл төр энэ компанийн лицензийг өөр бусад зорилгоор төр ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан. Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй ч тус компанийг ялах хангалттай нотолгоо бий” гэж тайлбарлаж байсан боловч эцэстээ бид ялагдсан.

 

Ижил төрлийн маргаан дээр ингэж ялагдал хүлээх болсон шалтгаан нь хууль зүйн яамны боловсон хүчин, ялангуяа төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн ур чадвартай холбож ярихаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл хууль зүйн яамныхан ажлаа муу хийснээс болж бид өрөнд унасан гэж ойлгож болох нь. Өөр оронд бол Ж.Баярцэцэг “Уучлаарай” гэж хэлээд өргөдлөө өгөөд явна. Гэтэл тэгэх нь бүү хэл хоёр ч сайд дамжин Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байна.

 

Харин ч “Популист" улстөрчдөөс болж өрөнд орсон гэх мэтээр зунжин сурталчилж, нийгмийн хандлагыг өөр зүгт чиглүүлэхийг оролдож байгаагийн цаана чухам ямар санаархал нуугдаж байна вэ? Ер нь Монгол Улс өрөнд орчихсон юмуу? өрөнд оруулчихсан юмуу гэх мэдээллийн талаар илүү ноцтой баримтууд ч дэлгэгдэж магадгүй юм.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn