Нийслэлийн “Өргөө” амаржих газарт энэ сарын 21-ний өдөр төрсөн эх эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тухай мэдээллийн дагуу Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын баталсан удирдамжаар Нийслэлийн Өргөө амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл, байдлыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдан 2015 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдөр Өргөө амаржих газар дээр ажилласан.

Энэ сарын 27-ны өдөр Эрүүл мэнд, спортын яамны хурлын танхимд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ ажлын хэсгийнхний хурлыг удирдан явууллаа.

Хурлын хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Өргөө амаржих газар”-т эхийн эндэгдэлд хяналт үнэлгээ хийсэн тухайгаа танилцуулсан. Тухайн эндэгдлийн эцсийн дүгнэлт гараагүй байна. Бид нар үргэлжлүүлэн нягтлан шалгана. Тус амаржих газарт ажлын ачаалал өндөр байгаа. Хоногтоо дунджаар 40-60 эх төрдөг, хяналт хийх өдөр хүлээн авах хэсгээр 108 эхийг хүлээн авсан, 49 эх төрсөн байсан. Тус амаржих газрын ачааллыг сааруулах зорилгоор НЭМГ-аас зохион байгууллатын арга хэмжэ авч Амгалан амаржих газрын шинэ барилга ашиглалтанд орж, 150 ортой ажиллах болсонтой холбоотой Сүхбаатар дүүргийн иргэдийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг Амгалан амаржих газарт шилжүүлэн үзүүлэх шийдвэрийг гаргасан тухайгаа танилцууллаа.

Дараа нь ЭМСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Оюунсүрэн Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус амаржих газарт ажилласан үнэлгээгээр Өргөө амаржих газрын удирдлагын баг болон эмч мэргэжилтнүүд Эрүүл мэндийн тухай хууль, Амаржих газрын бүтэц үйл ажиллагааны стандартын зарим заалтуудыг зөрчсөн байна. Мөн дотоодын байнгын хяналт сул, байгууллагын даргын 2013 оны А/55 дугаар тушаалаар баталсан Эх барих стационарын үйл ажиллагааны журмын заалтуудыг хэрэгжүүлээгүй байсан тухай мэдэгдлээ.

Эхэд үзүүлсэн тусламж, үйлчилгээ авсан арга хэмжээний талаар эмгэг судлалын эцсийн онош тавигдсаны дараа “Эхийн эндэгдлийг бүртгэх, мэдээлэх, хэлэлцэх” журмын дагуу шийдвэрлэгдэнэ.

Дүн бүртгэлийн мэдээнээс үзэхэд тус амаржих газарт 2013 онд 5, 2014 онд 4, 2015 онд 2 эх эндсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой дутагдал давтан гарч байгаа учир тус эмнэлгийн удирдлагын багт хариуцлага тооцох, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах, тусламж үйлчилгээтэй холбоотой удирдамж, зааврын хэрэгжилтийг сайжруулах, харъяа эмнэлгүүдийг эрсдлээс хамгаалах арга хэмжээг авч ажиллахыг НЭМГ-ын дарга Ш.Энхбатад үүрэг болголоо.