“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Л гэх залуу энэ сарын 11-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан билээ.

Тэрээр энэ сарын 5-ны өдөр автомашинаа тавихаар гэрээсээ гараад сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь мэдээлж буй. Гэвч түүний цогцсыг үүнээс зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас олсон байдаг. Одоогоор түүнийг юуны учир амиа алдсан болохыг тогтоохоор мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Талийгаач Л Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруун дахь цөөн тооны ирвэсийг хамгаалахаас гадна тус газрыг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг эхлүүлсэн нэгэн юм.

 

Талийгаач залуугийн аавынх нь хэлж буйгаар хүүг нь хэд хэдэн удаа дарамталж байсан аж. Мөн эх сурвалжууд талийгаачийг камерт өртсөн хулгайн анчид барьцаалж заналхийлсэн гэж байгаа ч аавынх нь зүгээс Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй уул уурхайн компаниудын дарамтанд орсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

 

Түүний саналаар таван жилийн өмнө нэн ховор амьтан, ургамалтай байгалийн цогцолбор газар гэгддэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад аймгийн удирдлагууд авсан байдаг. Харин талийгаач Л үүний дараагаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг удаа дараа гаргаж байсан гэдэг. Гэвч уг санал нь хэлэлцэгдэх шатандаа явах үед биологич залуу учир битүүлгээр амиа алдаад байна.

 

Тэгвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

 

Тус газарт Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтад идээшилдгээс гадна байгалийн өвөрмөц тогтоцтой газар гэж нутгийн иргэд болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан үзэж буй. Гэвч тус газарт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз өгсөн учраас тусгай хамгаалалтад авах асуудал ийн удааширсан гэнэ.

 

Одоо тус газарт хайгуулын 16 лиценз, ашиглалтын нэг лиценз байдаг аж. Гурвантэс сумын байгаль хамгаалагч А.Атар “Энэ тоо сар бүр өөрчлөгдөж, 2-3 лиценз нэмэгдэж, хасагдаж байдаг” гэдгийг “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн мэдээлснээр “Ашиглалтын хоёр талбайг “Саусгоби коэл транс” ХХК эзэмшдэг бөгөөд УИХ-ын хэд, хэдэн гишүүн энд лиценз эзэмшдэг гэж сонссон” хэмээсэн байна.

 

Ирвэс хамгаалах сангийнхны хувьд биологич залуугийн амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхгүй өнгөрөх вий хэмээн болгоомжилж байгаагаа дуулгалаа. Тус сангийнхан цаашид талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мөрдөгч хөлслөх бодолтой байгаа гэдгээ ч энэ үеэр хэлж байсан юм. Хэдийгээр хувийн мөрдөгч манай улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй ч хэргийн үнэн мөнийг олохын тулд боломжтой бүхнийг хийнэ гэдгээ ч дуулгасан юм. Мөн Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Прокурорт уг хэрэгт анхаарал хандуулахыг хүсч өргөх бичиг илгээжээ.

Д.Дуулим

http://www.24tsag.mn