Манай улсад замын түгжрэл гээч зүйлийг яриад ч хэрэггүй. Сөүл явах хүнийг нисэх онгоцны буудлаас гаргаж өгчихөөд гэртээ харьж амжаагүй байтал нөгөө гаргаж өгсөн хүн нь ирчихлээ гэж утсаар ярьж байна гэх хүндхэн онигоо хүртэл гарсан.

Түгжрэлийг бууруулах зорилгоор камер суурилуулж, автомашиныг дугаарын хязгаарлалттай болгосон. Гэтэл жолооч нар камерын доогуур хурдаа хасч, 60 км цагтай явчихаад, камер өнгөрөнгүүт л хурдаа нэмдэг аж. Сүүлийн гурван жилийн дотор Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдсэн юм. Харин холооч нар түгжрэл багасаад ирэхээр хурдаа нэмдэг болоод байгааг албаны хүмүүс онцоллоо. Үүнийг дагаад хурд хэтрүүлсэний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна. Тухайлбал, Яармаг орчмын замд 70-90, цаашлаад 100 км цагийн хурдтай давхидаг гэнэ. Тус зам дээр хамгийн их осол гардаг.

Энэ байдалд холбогдох байгууллагууд дүгнэлт хийж ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер сканерын хэмжилтийн техник дээр тулгуурладаг (LIDAR, Light Detection and Ranging) хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм. Тус систем нь:

  • Олон эгнээгээр яваа олон машиныг нэг дор хэмжинэ
  • Зам барилгын ажлын үед, тойруу, тунел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хэмжилт хийнэ.

Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмж нь хяналтгүй байсан авто замууд болох Нисэхийн, Зуслангийн, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх боломжтой боллоо. Ийнхүү жолооч камер өнгөрөөд хурдаа нэмдэг цаг ард үлдлээ.