Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэх байгууламжийн ажлыг тус дүүргийн 10 дугаар хороонд Турк улсын “НNC” ХХК гүйцэтгэж байгаа билээ. Одоогоор гадна барилгын ажил дууссан бөгөөд дотоод засал тоног төхөөрөмж суурилуулах ажил явагдаж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 20000м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд Герман улсын технологиор хийж гүйцэтгэж байгаа юм. Цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж болох юм.

Уг байгууламж нь сараалжийн барилга, элс тос баригч, физик цэвэрлэгээний анхдагч тунгаагуур, биологийн цэвэрлэгээ хийх анаэроб сан, бичил биетээр идүүлэн ариутгах аэротенк хэсэг, хоёрдогч тунгаагуур, шүүлтүүр, халдваргүйжүүлэх төхөөрөмж, лаг боловсруулах байгууламжуудаас бүрдэж байгаа аж.

Цэвэрлэх байгууламжийн технологи ажиллагааны онцлогоос дурдвал механик цэвэрлэгээнээс гарч байгаа түүхий лагийг бүрэн боловсруулснаар усны цэвэршилт 95-аас дээш хувьтай гүн цэвэрлэгээгээр цэвэршүүлж гаргах юм. Механик цэвэрлэгээнээс гарч байгаа түүхий лаг, биологи цэвэрлэгээнээс гарсан илүүдэл лагийг боловсруулж, метан хийг цахилгаан энерги болгон байгууламжийн цахилгаан болон дулаанаар хангахаар төлөвлөсөн.

Усыг шүүлтүүрээр цэвэрлэж орчин үеийн ашиглахад хялбар хуванцар дискэн шүүлтүүр бүхий шүүлтүүрт цэвэрлэж усыг халдваргүйжүүлэхийн тулд задгай сувагт байрлуулан хэт яагаан туяаны төхөөрөмжийг ашиглахаар зураг төсөвт тусгасан байна. Ингэснээр ус нь техникийн хэрэгцээнд болон байгальд шууд нийлүүлэхэд тохиромжтой ажээ.

Т.Буянаа