Дэлхий нийт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг. Монгол Улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн бөгөөд 2015 оны эхний арван нэгдүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас баржээ.

НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 862 хүн байх магадлалтай байна.

 

 

Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4% -д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.

Халдвартай 10 эхээс төрсөн 12 хүүхдэд (хоёр эх давтан төрсөн) ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж хяналтанд оруулжээ.

ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 80.8% (n=156)-ийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний 78.8% (n=123) нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд /ЭБЭ/ байна.

 

Эмэгтэйчүүд 19.1% бөгөөд түүний дотроос 29.7% нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд аж. Нийт бүртгэгдсэн 194 тохиолдлын 0.5 хувийг тодорхойгүй тохиолдол эзэлж байна.

ХДХВ-ын халдварын үедээ оношлогдсон 81.3% (n=157), харин 18.7% (n=36) ДОХ-ын шатандаа оношлогджээ.

 

2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 144 хүн эмчилгээнд хамрагдаад байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн үр дүнтэй нь батлагдсан ретровирусын эсрэг эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаануудыг Монгол улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо.

Иймд эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн өнөө үед ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдсэний үндсэн дээр өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой болж байгаа юм.