Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд орших Их Монгол улсын түүхийг агуулсан Бурхан Халдун уулыг дэлхийн өв соёл хэмээн ЮНЕСКОд бүртгэж авчээ. БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстнийхээ өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан бөгөөд ийнхүү 5 жилийн дараа Ерөнхийлөгчийн зарлиг бодит биеллээ олж Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг хүлээн авлаа.

Бурхан Халдун хайрханыг 2013 онд Монгол түмний Үндэсний бахархалт хайрхан хэмээн зарласан юм.

Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий.

Бурхан халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтанд авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм.