Нийслэлийн БГД-ийн 15 хорооны 24 дүгээр байранд уржигдар 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан өндөр настанг цахилгаан шат руу орох үед нь бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 24 цагийн дотор уг хэргийг үйлдсэн сэжигтнүүдийг илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн залуус нь 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат М, мөн онд төрсөн Увс аймгийн харьяат А, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат Б нар байжээ. Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ. Дээрмийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ хамаарахгүй, хүнд гэмт хэрэгт тооцогддог аж. Тэдэнд эрүүгийн хуулийн 147.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 147.2-т “Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.

Хэрвээ шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл уг хуулийн дагуу 5-10 жилийн ял оноох юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.