Өнөөдөр 118 мянган яндан, 3200 хангалтын зуух, 400 мянга орчим автомашины яндангаар Улаанбаатарын агаар бохирдож байгаа. Дээрээс нь гэр хороололд шороон хөрсөн дээгүүр машин холхиж байдаг учраас агаарт тоосжилт ихээр үүсдэг.

Өнгөрсөн жил “Цэвэр агаар” сан татан буугдаж БОНХАЖ-ын яамны сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ нь өмнө төсөвлөгдөж байсан мөнгөнөөс дөрөв дахин бага мөнгө юм.

Энэ жил уг мөнгөөр агаарын бохирдол ихтэй бүсэд байгаа цэцэрлэгүүдийн усан халаалтын зуухнуудыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 154, 174, Сүхбаатар дүүргийн 166-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 38, 125-р цэцэрлэгүүдийг сонгон авч, техникийн нөхцөлийг шийдвэрлэжээ.

Мөн нийтийн тээврийн том оврын хуучин тээврийн хэрэгслүүдээс ялгарах тоосонцорыг 80 хүртэлх хувиар бууруулах ажлын хүрээнд үр ашигтай шийдэл гаргах судалгааны ажлыг Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Агаарын чанарын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Саяхан агаарын бохирдол хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар олон улсын чуулган болсон. Энэ чуулганы үеэр хэд хэдэн зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн нам даралтын уурын зуухны халаалтыг нүүрсээс бусад арга технологиор шийдэх, түүхий нүүрсээ цэвэр түлш болгон ашиглах, Пневмококкын вакциныг нэвтрүүлэхэд эдийн засгийн тооцоог гаргаж, улсын төсөвт шаардагдах мөнгийг тусгаж өгөх, агаарын бохирдлыг бууруулах “Үндэсний хөтөлбөр” боловсруулах, хэрэгжүүлэх, боловсролын байгууллагаар дамжуулан сургалт, сурталчилгаа явуулах зэрэг санал, зөвлөмжийг гаргасан юм.

Агаарын бохирдлыг бууруулах гол стратеги бол иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал. Уг бодлого цаашид үргэлжлэх юм бол 2020 он гэхэд одоо байгаа утааны 50-60 хувийг бууруулах боломж байгааг мэргэжилтнүүд ярьдаг.

Жилд доод тал нь 10-15 мянган айлыг орон сууцанд хамруулж түүнийгээ цааш нь бууруулахгүй явах юм бол 2020 он гэхэд агаарын бохирдлыг бууруулж чадна гэсэн тоон үзүүлэлт байдаг ажээ.

Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2020 он гэхэд Улаанбаатар хотыг утаагүй болгох дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хаврын ээлжит чуулганы эхний долоо хоногт танилцуулахаар болов. Уг төлөвлөгөөнд орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар тусгахаар болсон юм. Иймд эрх баригчдын зүгээс уг асуудал шийдэгдэх юм бол бидэнд утаагүй Улаанбаатарт амьдрах боломж байна.

Т.Буянаа