Монголчууд эрийн гурван наадмаар морио уралдуулж хийморио сэргээдэг ард түмэн. Тэгвэл ёс заншилд басхүү хязгаар байх ёстой болов уу. Сүүлийн жилүүдэд өвлийн уралдаан гэгчийг идэвхитэй хийж, хүүхдийн амийг эрсдэлд оруулах болсон юм. Өвлийн морин уралдаанаас болж уяач хүүхдүүдийн амь нас эрсддэг.

Монголын Морин спорт уяачдын холбооноос гаргасан дүрмээр бол хурдан морины уралдааныг намрын дунд сарын шинийн 17-ноос хаврын тэргүүн сарын шинийн 3-нийг хүртэл уралдаан зохион байгуулах ёстой байдаг. Гэтэл уг тогтоолыг зөрчин өөрсдөө дур мэдээд уралдаан зохион байгуулдаг хүмүүс олон.

Өөрөөр хэлбэл хуулиндаа өвлийн уралдаан гэж байхгүй атал хүмүүс өөрсдөө дур мэдэн өвөл уралдаан зохион байгуулдаг. Үүнээс болд унаач хүүхдүүд бэртэж гэмтэх, улмаар амь насаар хохирох тохиолдол их гардаг нь нууц биш ээ. Тиймээс хүүхдийн амьд явах эрх алхам тутамд зөрчигддөг гэдгийг хэдэнтээ сануулсаар байгааг уяачид тоохгүй байгаа нь харамсалтай.

Хуулиа мэдэхгүй байгаа уралдаан зохион байгуулагчид нарт сануулахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулан оролцуулахгүй хэмээсэн байдаг. Гэтэл үүнийг зөрчин Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн II дугаар хуралдаанаас 2016 оны бүсийн уралдааны товыг өргөн барилаа.

"Дүнжингарав-2016" төвийн бүсийн хаврын уралдааныг хоёрдугаар сарын 28-нд Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 06-нд Өвөрхангай аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Зарим хэсэг нь өвөл, хаврын уралдааныг зохион байгуулах гэж улайрч байхад нөгөө хэсэг нь хүүхдийн амин насанд халтай гэж үзэж хориглож байгаа нь сайшаалтай. Тодруулбал, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тус аймгийн нутаг дэвсгэрт морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргав. Тэрбээр, ирэх тавдугаар сарын нэгэн хүртэл буюу өвөл, хаврын саруудад Төв аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглож, томоохон хэмжээний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Ийнхүү хүүхдийн эрхэнд халдаж байгаа уралдааныг зогсоовол дээр байна.