Гуталчин Х.Оюун-Эрдэнэг өдгөө олон хүн танина. "Наалдан пад” ХХК-ийн захирал тэрбээр 1992 оноос Улаанбаатар хотын гудамжинд 5 жил гутал тослох, гутал засах ажил эрхэлж гуталчин болсон түүхтэй. 1997 оноос Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа. 2005 оноос подваль түрээслэн засварын ажлаа хийж байгаад 2007 онд “Наалдан пад” гутлын салоныг нээсэн.

Их хөдөлмөрч залуу энэ жилээс эхлэн Хөдөлмөрийн сайдын санаачилгаар төрөөс тодорхой амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулан "Хөдөлмөрийн хүн танаа”-шагналыг олгохоор болсон.

Тэгвэл Булган, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод салбартай бөгөөд “Аравт” нэртэй арьс ширэн эдлэлийн цехтэй болж өргөжсөн гуталчин залуу маань "Хөдөлмөрийн хүн танаа" шилдгийн шилдэг ГранПриг хүртлээ.

Тэрбээр Эрдэнэтийн “Шинэ мэдээ” сонины “Гуталчин ингэж хэлэв” буланд богино хэмжээний өгүүлэл бичиж, хорих ангид хүмүүжигчид, оюутан, сурагчдад архи, тамхины хор хохирол, өөрийн туулж, мэдсэн амьдралын туршлагаас хуваалцан лекц ярилцлага хийж, ажил олоход хүндрэлтэй иргэдийг сургаж ажлын байраар хангадаг юм.

Түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

О.Ариун