УИХ-ын дарга З.энхболд Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв.Тэрээр хэлсэн үгэндээ "Tа бүхэндээ XVII жарны гал бичин жилийн шинийн нэгний өдрийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил Улсын Их Хурал олон чухал хуулийг батлан гаргасан. Энэ оны эхнээс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болоод бусад олон хуулийн талаар хэвлэл мэдээллээр дамжуулан сурталчилж буй болохоор болохоор та бүхэн мэдэж байгаа. Улсын Их Хурал Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиуддаа 10 гаруй жилийн дараа томоохон өөрчлөлтүүдийг хийлээ. Сүүлийн 25 жилийн турш 2 оронтой тоонд байсан инцляци гэдэг зүйлийг анх удаа 2-хон хувь болгон бууруулж чадлаа. Үүнээс улбаалаад энэ жилээс зээлийн хүүг бууруулах боломжтой болсон. 2012 оны сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар сүүлийн 25 жилийн турш 2 оронтой тоонд байсан зээлийн хүүг нэг оронтой болгох ажлыг дэс дараатай хийж ирсэн. 2012 оноос хойш анх удаа 8 хувийн зээлээр 76 мянга гаруй айл шинэ байранд орсон байна. Засгийн газраас анх удаа малчдын зээлийн хүүг 3 дахин бууруулах ажлыг хийж эхэлсэн. Төрийн банкнаас зээл авдаг 17 мянган малчны зээлийн хүү 3 дахин буурч, жилийн 10 хувь буюу сарын 0,8 хувийн хүүтэй болно.

Энэ жил дэлхийн 50 гаруй орны 5000 гаруй өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид АСЕМ-ын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулах нь Монгол Улсын төр засгийн төдийгүй нийт Монголчуудын нэр төрийн хэрэг болж байна. 2016 онд сонгууль болно, иргэд хариуцлагатай сонголтоо хийх үе энэ бичин жил байх болно" хэмээгээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.