Хонь жилийг Шинжлэх ухааны Академи “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарлаж, бүтцээ шинэчлэн, үйл ажиллагаа эрчимжүүлэв.
Манай улсын шинжлэх ухааны салбарын 52 байгууллагын 11 нь, 1700 орон тооны судлаачийн 793 нь ШУА-д харъяалагдаж байна. ШУА-ийн жинхэнэ гишүүдийн 42% нь ШУА-д, 34% нь хувь их, дээд сургуульд, 24% нь бусад салбарт тус тус ажиллаж байна. Түүнчлэн академийн бүтцэд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 231 эрдэмтнээс бүрдсэн 5 бага чуулган, Анагаах ухаан, Хөдөө аж ахуйн төрөлжсөн академиуд үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрч буй онд судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зарим зорилтыг хэрэгжүүлэх, улс орны эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг хохирол багатай давах талаар 29 зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлж ажиллав. Манай эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд гарсан 102 патент, 100 гаруй технологи, зохиогчийн эрх авсан бүтээлүүдийг бодит ажил болгохыг эрэлхийлэн 2015 онд ШУА-ийн хүрээлэнгүүдийн дэргэд 6 гарааны компани байгуулан ажиллуулж байна.
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгууд болон нийслэл Улаанбаатар хоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллав. Аймаг, орон нутгийн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ховор, ашигт амьтан, ургамлын тархац нөөцийг тогтоох, цөлжилт, бэлчээрийн талхагдал, түүх, дурсгалын газрыг хамгаалах, ашиглах болон зарим аймгийн хүн амын хөгжил, эрүүл мэнд, мал аж ахуй, газар тариалан, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлого, арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэлээ.
ХОНИН ЖИЛИЙН ОНЦЛОХ ҮР ДҮНГЭЭС:
1. Молекул биологичид хүний цусанд альфафетопротеин тодорхойлох оношлуурын цомог үйлдвэрлэх технологийг боловсруулж, туршилтын журмаар үйлдвэрлэж эхлэв.
2. Амьтан судлаач, генетикч эрдэмтэд монголын мазаалай баавгай нь (22 эр, 5 эм) газарзүйн тархцын хувьд бие даасан, тусгаарлагдсан популяци болохыг тогтоож, амьдрах орчны 2050 он хүртэлх загварчлалыг боловсруулав.
Хавтгай тэмээний митохондрийн геномын 15120-15923 сайтын 804 хн урттай хэсэг ( цитохром b болон D-loop) –ийн нуклеотидийн дарааллыг тогтоож, ГИДЦГ-т тархсан хавтгай тэмээнд 5 шинэ гаплотип илрүүлэв.
3. Нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий газрын зураг, зураг зүйн хэд хэдэн томоохон үр дүн гарлаа. Тухайлбал Улаанбаатар хотын газар хөдлөлийн 1:100000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг, Хэрлэн, Онон бүсүүдийн геологийн шинэчлэсэн зураг, Хэрлэнгийн бүсийн геологийн тогтоцын М1:200000, 1:50000 масштабтай шинэчлэсэн зураг, Дорнод, Сүхбаатар аймгуудын нийт нутгийн геоморфологи, ландшафт, түүний ашиглалтын төлөв, өөрчлөлтийн цуврал дижитал 7 зураг тус тус багтаж байна.
4. Палеонтологи, геологийн салбарт геологийн хурдсын хил заагийг эртний амьтан, ургамлын (Oryctocara (Ovatoryctocara), Oryctocephalus) төрөл зүйлийн олдвороор тогтоож болох тухай жишиг ойлголтыг бий болгож, харьцуулсан судалгааны анхны үр дүнг гаргав.
5. Химичид Lepidoptera овгийн шавжны ходоодон дахь хлорофиллын задрал нь порфирины макроцагираг дээр явагдах задралын механизмтай төстэй бөгөөд α ба β төрлийн хлорофиллын аль аль нь шавжны ходоодны салстын уураг поликалинтай холбогдож, оосхлорофиллийн макро-комплекс үүсгэдэг, улмаар энэхүү нэгдэл нь магнийн ион болон метилкарбоксилийн бүлгээ алдсанаар байгальд өргөн тархсан фео-пигмент болгон задардаг болохыг тогтоолоо.
Физикчид BES III –ийн туршилтын өгөгдлүүд дээр ажиллаж, Бээжингийн электрон, позитроны хурдасгуур дах J/ψ резонансын 1.3 109, ψ(2s) резонансын 0.4 109 хэмжээтэй резонансууд эцсийн төлөвтөө K+K-K+K- бөөмсийг агуулах ффф, ффω мезонууд бүхий задралыг олж илрүүлэв.
6. Нийгмийн ухааны салбарт эх хэлнийхээ хэрэглээг нэмэгдүүлэх, үнэлэмжийг дээшлүүлэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монгол хэлний цахим толь бүтээх ажлыг хийж гүйцэтгэв. Түүнчлэн Сарьдагийн хийд буюу Төгс баясгалант номын их хүрээний малтлагын явцад их гэгээнтэн уг хүрээг уран барилгын өөрийн дэг жаяг, инженерчлэлийн нарийн тооцоон дээр үндэслэн байгуулсан болохыг тогтоолоо. Урьд олдоогүй байсан Жужан булш олсон нь Монголын төдийгүй дэлхийн түүхийн цоорхой үеийг нөхсөн чухал үйл явдал байв.
ШУА Хубилай сэцэн хааны мэндэслний 800 жил, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулсан төдийгүй Азийн зан үйлийн олон улсын нийгэмлэгийн XVI симпозиумыг анх удаа Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
7. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх удаа олон нийт, сурагчдад зориулан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал 10 номыг бүтээж, нийслэлийн 214 гаруй сургуульд бэлэглэв. Мөн ШУА-ийн “Эрдэм клуб”-ээс 2015 онд академичдын лекц 4, гадаад, дотоодын эрдэмтдийн лекц 8 удаа тус тус зохион байгуулж, олон нийтийн хүртээлд болгов. ШУА “Хүннү молл” худалдааны төвийн энтертайнмэнтийн хэсэгт “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” түр музейг ажиллуулсан бөгөөд тус музейг түшиглэн ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, салбарын шинжлэх ухаан, өөрсдийн үйл ажиллагаа, эрдэмтдийнхээ бүтээлийг сурталчлах 7 хоногийн өдөрлөг /Science festival/-ийг зохион байгуулж ажиллав.
8. ШУА 2015 онд шинээр 9 орны нийт 13 эрдэм шинжилгээний байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулж, 30 гаруй орны 100 гаруй эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны байгууллагатай хоёр талын болон бүс нутаг олон улсын 167 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн 117 эрдэмтэн судлаач олон улсын болон бүс нутгийн төсөл, хөтөлбөрт хамтран хэрэгжүүлэгчээр амжилттай оролцон ажиллаж байна. Түүнчлэн “Монгол, БНХАУ, ОХУ: Гурван улсын судалгааны зөвлөлдөх танхим (Think Tank)-ын анхдугаар чуулган, “Монгол улс, БНХАУ, ОХУ: гурван улсын эдийн засгийн коридор” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Европ, Монголын эрдэм шинжилгээ, инновацийн хамтын ажиллагаа” сэдэвт семинар, Иран улсад хоёр улсын архив, номын сангуудад хадгалагдаж буй монголын түүх, соёлтой холбоотой эх сурвалжуудыг судлан, “XIII-XIV зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс- ГЭРЭГЭ” эрдэм шинжилгээний хурлуудыг өөрийн орондоо тус тус амжилттай зохион байгуулав.
9. Монголын эрдэмтдийн бүтээл олон улсад үнэлэгдэж, гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо өслөө. WoS сайтын мэдээгээр Монголоос гадаадын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлийн 52.5 хувийг ШУА-ийн эрдэмтэд, монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлсэн бүтээлээс авсан нийт ишлэлийн 74 хувь нь мөн ШУА-ийн эрдэмтдийн бүтээлээс авагдсан байна. Scopus-т бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын тоонд багтаж болсон нь чамгүй амжилт юм.
10. Хими, Химийн Технологийн хүрээлэнгийн ЭШТА, Академич Ж. Тэмүүжин нь материал судлалын чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвиж, ѳѳрийн улсын хѳгжлийг түргэсгэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан тул ХБНГУ-ын Георг Форстерийн 2015 оны шагналыг Ази тивээс анх удаа хүртсэн байна.
Доктор Г.Одонтуяа Ази, номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтэн, инженер, математикчдын холбооны Байгалийн ухааны салбарын 2015 оны “Шилдэг эмэгтэй эрдэмтэн”-ээр шалгарлаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Лхагвасүрэн шагнагдав.
Ирж буй Бичин жилд Монгол улсын Шинжлэх ухааны Академи 2016 оныг ”ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ, ЧАНАРТАЙ БҮТЭЭМЖ”-ийн жил болгон зарлаж, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, судалгааны үр дүнг чанаржуулах зорилт тавин ажиллахаар төлөвлөж байна.