Улс төрчид ид бужигнаж байна. Энэ нь сонгууль хаяанд ирсэн энэ үед Үндсэн хуулийн Цэц 05 дугаар буюу жагсаалтаар УИХ-ын гишүүн болох нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэх шийдвэрийг гаргасантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, хэн нь намын нэрээр жагсаалтад багтаж, хэн нь тойрогт өрсөлдөхөө хэдийнэ шийдээд цэгцэрсэн үед Цэц ийнхүү дүгнэсэн нь улстөрчдийг бужигнахад хүргээд байна.

Гэхдээ Цэц нэгэнт шийдвэр гаргасан учраас УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаад Цэцийн дүгнэлтийг олонхоороо хүлээж авахаар шийдсэн. Ингэснээр Сонгуулийн хуулийг өөрчлөх нь тодорхой болсон. Харин энэ өөрчлөлт нь жагсаалтын 28 мандатыг хуваарилах асуудал. Одоо хамгийн чухал нь энэ 28-ыг хэрхэн хуваарилах нь олон хүний анхааралд байна. Хэдийгээр эцэслэн шийдээгүй байгаа ч хэд хэдэн хувилбарыг ярьж байгаа. Тухайлбал, 14:14 буюу хот, хөдөөгийн мандатыг адил хэмжээгээр нэмэх. Нөгөөх нь 16:12 буюу хөдөөд 16, хотод 12 мандат нэмэх санал юм байна. Харин сүүлийнх нь дээр дурдсан буюу 20:8. Энэ бол МАН-ын гаргаж буй санал. Тэдний зүгээс мандатыг хуваарилахдаа хамгийн гол нь Үндсэн хуулиа дагах ёстойг хэлж байгаа. Тэгээд ч иргэдийн төлөөлөл төрд тэгш байх ёстой гэдэг үүднээс дээрх хувилбарыг дэвшүүлж буйгээ эрт зарласан.
Энэ ч үүднээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Монгол Улс зөвхөн хүм амаас гадна, нутаг дэвсгэрээс бүрддэг. Монгол Улсын сум, багийн иргэд бол аюулгүй байдлын баталгаа юм. Тэр утгаараа мандатыг хөдөө арай илүү өгөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “20:8 гэсэн хувилбар нь өнөөгийн нөхцөлд тохиромжтой бөгөөд хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан сонгуулийн мандатын тоог тогтоох Үндсэн хуульд заалттай нийцэх ёстой”-г онцолж байгаа. Ингэхдээ жижиг, том мажораторийн аль хувилбараар нь сонгууль явуулахыг УИХ шийднэ. Жагсаалтыг 28 мандатыг хуваарилахдаа Улаанбаатар улс болгочихгүй байх нь зүйтэйг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд удаа дараа сануулж буй. Учир нь эрх барьж байгаа нам 28 мандатын дийлэнхийг нийслэлд хуваарилах саналтай байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлд олон мандаттай байх нь АН-д илүү ашигтай гэж үзээд байгаа юм.
Тиймээс хотын мандатыг нэмэх талаар эртнээс ярьсан. Гэтэл мандатыг тоог хуваарилах асуудлыг ганц эрх баригчид биш Үндсэн хуулийн дагуу шийддэг учиртай. Харин сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзана гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Үүнээс үзэхэд зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоовол Үндсэн хууль зөрчиж таарна. Тиймээс хөдөө, орон нутагт илүү мандаат хуваарилах нь хуульд нийцэхээр байгаа юм. олон жил төрийн эрх барьсан, туршлагатай нам учраас МАН орон нутагт илүү олон мандаат өгөх нь зүйтэй гэж үзээд байгааг дэмжих хүн олон байна.

Тэгээд ч Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэйгээс Улаанбаатар хот 4.7 мянган кв.км нутаг дэвсгэртэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Энэ бол хот, хөдөөгийн харьцааг харуулсан цэвэр үзүүлэлт. Үндсэн хуулиа дагасан ч нутаг дэвсгэр, хүн амаа тооцсон ч 20:8 буюу нийслэлд найм, хөдөөд 20 гэсэн хувилбар оновчтой нь эндээс харагдаж байна. Тэртэй тэргүй шилжилт хөдөлгөөн нийслэлд төвлөрч, хотын захын дүүрэг гахчихаад байгаа энэ үед бүгдийг нэг дор бөөгнүүлэх шаардлага байхгүй. Нөгөө талаас нийслэлээс олон гишүүн сонгогдох нь олон сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, ард иргэд төрийн түшээдээрээ дамжуулан дуу хоолойгоо хүргэдэг. Гэтэл орон нутгаас цөөн гишүүн сонгогдохын хэрээр хөдөөгийн иргэдийн асуудал хөсөр хаягдаж, хожим дахин сонгогдохоо бодсон, нийслэлээс гарсан гишүүд төр засгаас бүх шийдвэрийг нийслэлд иргэдэд зориулах сөрөг талтай. Эцэг, эхийнхээ араас гарсан уу эсвэл өврөөс үү гэдэг шиг Монгол Улс гэсэн ганцхан статус байх ёстой болохоос Улаанбаатар улс гэж байх ёсгүй. Тийм ч учраас МАН-ынхан хуульд нийцүүлсэн хувилбарыг дэвшүүлээд байна. Харин тэдний энэ саналыг хууль тогтоогчид хэрхэн хүлээн авч, кнопдохыг таашгүй. Эцсийн дүндээ бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой учраас эцэг хуулиа барьж, асуудалд хандах ёстойг сануулах хүн олон байна. Хэрвээ улс төрийн ууган хүчний энэ саналыг олонхи буюу эрх баригчид хүлээж авахгүй, хотын мандатыг тоог олноор нэмбэл орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулахгүй гэх баталгаагүй. Сонгуулийн дүнг эсэргүүцсэнээс үүднээс “долдугаар сарын 1” гэх аймшигт хар түүх бидэнд байгаа учир хаана, хаанаа асуудалд хуулийн хүрээнд, буурь суурьтай хандах учиртайг энд сануулъя. Хөдөөгийн иргэд хүн биш, хотынх нь хүн гэсэн агуулга байж болохгүй. Тэр тусмаа парламентад буюу шийдвэр гаргах төвшинд иргэдийн төлөөллийн оролцоо тэгш байх учиртай.

М.Өнөрөө

analyz.mn