Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлсээр яваа Монгол Улсын өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар анги үүсэн байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-г 2016 оны долдугаар сарын 28-ны өдөр хүртлээ.

“Цэргийн гавьяаны одон” гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон ангийнхаа түүхийн шаргал хуудсыг алтан үсгээр хамт бүтээлцсэн үе үеийн ахмад хилчид, алба хаагчид, одоо ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүн болон зочид, төлөөлөгчид оролцон баяр хүргэж, амжилт хүслээ.

Хилийн цагийн байдлын өрнөлттэй, эх орны чөлөөлөх дайны жилүүд, энхийн цагт ч энэхүү хамт олон, эх орон, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө уйгагүй хөдөлмөрлөн, ирээдүйн сайн сайхныхаа төлөө тэмцэж ирсэн алтан уламжлалаа өдгөөч хадгалж, хойч үедээ үлгэр дуурайлал, үнэн түүх болсны гэрч нь эл өдрийн “Цэргийн гавьяаны одон” биз ээ.

Хилийн 0108 дугаар анги нь анх Дотоодыг Хамгаалах Газрын даргын 1926 оны тавдугаар сарын 1-ны өдрийн 17-р тоот тушаалаар Байцаан өнгөрүүлэх салбар, УАБХЕГ-ын даргын тушаалаар 1990 онд Шалган нэвтрүүлэх тусгай боомт, ХЦУГ-ын даргын тушаалаар 1994 онд Шалган нэвтрүүлэх хороо, 2002 онд ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалган нэвтрүүлэх анги болон өргөжсөн баялаг түүхтэй юм. Тус ангийн хамт олны эгнээнээс цэргийн эрхэм дээд генерал нэг, хурандаа 20, улсын цолтой бөх хоёр, соёлын тэргүүний ажилтан тав, Хүндэт ба Онц хилчин 400 гаруй төрж, отрядынхаа түүхийг алдар гавьяа, амжилт бүтээлээрээ түүчээлэн баяжуулсаар байгааг дуулгахад таатай байна. Хил хамгаалалтад орчин үеийн техник технологийг ашиглалт мөн энэ ангиас эхлэлтэй. Орчин үеийн шинэ техник, технологыг ашиглан камерын хамгаалалтад 2012 онд шилжүүлэн, хариуцсан хэсгийг 100 хувь дохиолол-телекамерын хяналтад аван камерын систем, дохиоллын төхөөрөмжүүдтэй хослуулах, бичлэгийн төхөөрөмж суурилуулан телехяналтыг хил хамгаалалтын үндсэн арга, ажиллагаа болгон ашиглаж, сонор сэрэмж, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр явна.

90 жилийн түүхэн энэхүү хугацаанд эх орныхоо үнэт зүйлсийг бусдын булхайгаар алдахгүйн төлөө, гаднаас гай түйтгэр тарих аюулыг нэвтрүүлэхгүй төлөө эргэх дөрвөн цагийн эргэлтэд тасралтгүй ажиллаж, эх орныхоо үүдэн босгыг ариун байлгах их үйлсээ батжин бэхжүүлсээр ирсэн гавьяа юуг нь энэ өдөр бахархан өгүүлэхэд таатай байна.

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.ЦагаанАнх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хил, хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж, сая саяар тоологдох зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан олон удаагийн үйлдлийг илрүүлж, улс орны эдийн засагт учирч болзошгүй их хэмжээний бодит хохирлоос урьдчилан сэргийлсэн болон хариуцсан хэсгийнхээ хил хамгаалалтад сүүлийн үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж байгаа зэрэг амжилтуудыг ойн баярын энэ өдөр бахархан дурдахад таатай байна.

 

Улс орны газар нутаг торгон хилээс эхлэлтэй. Тэрхүү хил нь хилчин та бүхний өдөр шөнийн манааны үр дүнд амар амгалан байж, Монгол Улсын оршин тогтнохын үндэс, сүлдэт багана тайваг байдаг юм.

Иймд улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй эрхэм хилчид та бүхэн цаашдаа хилийн бүс, зурваст амьдарч буй орон нутгийн ард иргэддээ нээлттэй байж, хил хамгаалалт, хилийн анги салбарынхаа туслах аж ахуйн шилдэг туршлагаа хуваалцдаг, үргэлж манлаалайгчид нь байгаарай. Төрийн дээд одонгоор шагнагдсан танай хамт олонд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж, ойн баярын мэндийг дэвшүүлье” хэмээн амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Отрядын түүхэн замнал, байгуулсан гавьяа, үе үеийн хилчдийн нөр их хөдөлмөр, гавьяаг төр, засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнаж буй нь тус ангид алба хааж байсан одоо алба хааж байгаа үе үеийн алба хаагчдын ирээдүйд хийж гүйцэтгэх, их үйлсэд итгэл ,урам зориг, хүндэтгэл хайрласан түүхэн үйл явдлын гэрч болон үлдлээ бид. Түүхийн алтан шаргал хуудаснаа “Цэргийн гавьяаны одон”-т анги хэмээн тодоор бичигдэх тус ангийн хамт олонд улсын хилийн торгон шугамыг хамгаалж буй нийт хилчдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж, цаашдын ажил, хөдөлмөрт тань өндөр амжилт хүсэн ерөөе.