Улсын Онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит /2020.04.06/ мэдээллийг хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн Токиогийн нислэгээр ирсэн хүмүүсээс ХӨСҮТ-д 68 хүнийг тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт 15 хүн, Жаргалант сувилалд хоёр иргэнийг, Токио зочид буудалд нийт 188 хүнийг байрлуулсан.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 0-5 настай 69 хүүхэд тусгаарлах байранд байна. Өнгөрсөн таван хоногийн хугацаанд нийт 955 хүн тусгаарлах байрнаас гарсан. Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарна. Нийт 1400 гаруй хүн гэрийн хяналтад шилжиж байгаа" гэлээ

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаадын 45 улсаас манай улсын 6313 иргэн өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Эрүүл мэндийн шалтгаантай 84 ахмад настан 27, жирэмсэн 32, орон байргүй, байрны төлбөрийн чадамжгүй, оюутан зэрэг 4000 орчим иргэн байна. Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэдийг тодорхойлж өгсөн. Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан болон тэдгээрийн гэр бүл, Монгол Улсын иргэнтэй албан ёсны гэр бүл болсон Монгол Улсад байнга оршин суудаг гадаад улсын иргэн манай улсад ирэх боломжтой. 

Гадаадын иргэдийг хүлээн авсан гэх хардлага нийгэмд байна. Үүнд хариулт өгөхөд Япон улсын хоёр, Испани 1, АНУ-ын нэг иргэн байна. Испани болон АНУ-ын иргэн нь бага насны хүүхдүүд юм. Японы улсын иргэний хувьд Монгол Улсын иргэний албан ёсны гэр бүлийн хүн байсан. Өөр нэг хүний хувьд нярай хүүхэд  тул ээжээс нь салгаж болохгүй учраас авчрах зөвшөөрлийг өгсөн" гэв. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Тусгаарлах байрнаас гарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан алба хаагчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна. Урин дулаан цаг ирлээ. Гэрийн дэглэм сахиад удчихсан иргэдийн хөл хөдөлгөөн Улаанбаатар хотод асар их байна. Гудамжинд амны хаалтгүй явж, хүүхдүүд гудамжинд дугуй унаж, сагс тоглох тохиолдол гарч эхэллээ. Тайвшрах болоогүй гэдгийг ДЭМБ-аас мэдээлж байгаа. Тиймээс иргэн бүр сахилга баттай байж амны хаалтаа зүүж онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар хий сэлүүцэхгүй байх хэрэгтэй байна" гэлээ.