Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүдэд  батламжийг нь гардуулж байна. Тэдний нэг болж, Ардчилсан нам батламжаа авав.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ:  "Сая манай нам УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох эрх бүхий батламжаа гардан авлаа. Бид энэ удаагийн сонгуульд "Монгол өрх-Хөгжлийн бодлого" гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулан орж байна. 

Өрхийг дэмжих өсөлтийн бодлого бол манай мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа, зорилго байх болно. Аливаа төрийн үндэс нь өрх, гэр бүл байдаг. Тэгэхээр Монгол өрхийн чинээлэг байх, өрхөд буй иргэдийн хангалуун амьдрал, эрх, эрх чөлөө, ажлын байраас авахуулаад  амьдралын чанарыг дээшлүүлэх бүхий л асуудалд Ардчилсан нам гол анхаарлаа чиглүүлж ажиллах болно. 

Ардчилсан Нам сонгуулийн тухай хуулийн зүйл, заалт бүрийг ягштал мөрдөж, УИХ-ын 2020 оны оны сонгуульд амжилттай оролцож чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна. Нийт сонгогчиддоо сайн сайхныг хүсье. Ардчилсан нам, намын мөрийг хөтөлбөрийг дэмжиж саналаа өгөхийг иргэддээ уриалж байна" гэв.