Сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл намуудын нанчилдаан дуусаагүй байгаа бололтой. Намаасаа хэнийгээ дэвшүүлэх, хэн нь намдаа хэдийг өгөх дээрээ  халз үзэлцэж буй сурагтай.

Улсын хэмжээнд 13 тойрогт 78 гишүүнийг сонгох ба аймгуудаас 54, нийслэлээс 24 гишүүн сонгогдох юм. Өмнө нь 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ жил 78-ыг сонгоно. Дархан, Сэлэнгэ, Төв аймаг 5-р тойрог буюу нэг мандат, говийн дөрвөн аймагт нэг тойрог нэмэгдэж, 78 гишүүнийг тойргоос сонгох юм. Үлдсэн 28 гишүүн намын жагсаалтаар буюу намын дарга нарынхаа "дэмжлэгээр" УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болно.  

Тэгвэл энэ асуудлаар УИХ-д суудалтай намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл “Eagle news” телевизийн хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлэхдээ дараахыг өгүүлэв. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Төрийн тогтолцоонд гарсан өөрчлөлтийн тухай эхлээд товч ярих нь зөв байх. 2019 оноос эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын сонгууль Ерөнхий сайдаа сонгодог тогтолцоо руу орох нь зөв гэж үзсэн.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, бие дааж танхимаа бүрдүүлэх боломж нөхцөлийг хангах агуулгыг гаргасан.

Хоёрдугаарт, парламентын гишүүдийн төлөөлөх чадварыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. 1992 онд нэг гишүүн 30 мянга орчим иргэнийг төлөөлдөг байсан. Хүн амын тоо өссөнтэй холбоотойгоор парламентын гишүүдийн төлөөлөх чадвар буурч байгаа.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн үзэл санааг дагасан Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулийг нэг цаг үед нэг агуулгаар өөрчилж чадвал тодорхой хэмжээний шинэчлэл болно. Тиймээс эдгээр асуудалд суурилж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас санаачилж, парламентаар шийдвэрлэсэн. Одоо парламентыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлнэ. 78 гишүүнийг мажоритар, 48-ыг пропорциональ тогтолцоогоор сонгоно. Өнгөрсөн хугацаанд жагсаалтыг олон нийтийн зүгээс нэлээд шүүмжилж ирсэн. Жагсаалттай байна, байхгүй гэж улс төрийн намууд ч хоорондоо маргалддаг. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ асуудалд цэг тавьсан гэж бодож байна.

Харин жагсаалтаар нэр дэвших 48 хүнийг хэрхэн сонгох вэ? гэдэг нь улс төрийн намын хариуцлагатай холбогдоно. МАН-ын хувьд нийгмийн сегмент бүрийг төлөөлөх чадвартай парламентыг бүрдүүлэхийн тулд жагсаалтаар нэр дэвшүүлэлтэд онцгой анхаарна гэдгээ зарласан.

Аль болох улстөрчдийг оруулахгүй, санхүүгийн болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж парламентад сонгогдож чадахгүй байгаа бүлгийг түлхүү дэмждэг тогтолцоотой болох зорилго тавиад ажиллаж байна. Манай намын тухайд нийгмийн сегмент бүрээс, жендэрийн тэгш байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгаа.

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт:  Дэлхийд сонгуулийн хоёр тогтолцоог түлхүү ашиглаж байгаа. Мажоритар, пропорциональ. Мажоритар тогтолцооны сул тал нь санал ихээр хаягддаг. Пропорциональ тогтолцоо санал орхихгүй ч иргэдийн төлөөлөл бус намын төлөөлөл болдог сул талтай.

Аль аль талыг нь хосолсон хэлбэрээр ашиглах боломж манай улсад гурав дахь удаагаа бүрдэж байна. Тухайлбал, 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулсан. Сонгуулийн дүнгээр парламентад анх удаа гурван намын бүлэг ажилласан. Өөрөөр хэлбэл, ард түмний төлөөлөл болж, солонгорч чаддаг. Харамсалтай нь, энэ тогтолцоог эрх баригчид үргэлжлүүлээгүй. Харин энэ удаагийн парламент ийм боломжийг нээлээ. Нэг нам хэтэрхий давамгайлсан бус ойлголцол зөвшилцлийн парламент бүрдэнэ гэж харж байна.

Манай намын хувьд дотооддоо дэндүү ардчилалтай. Яагаад гэвэл, шалгарал сууриасаа эхэлдэг. Хоорондоо маш хүчтэй өрсөлдөж нэр дэвшигчээ тодруулдаг.

Бид анх удаа 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентад нэр дэвшүүлж байсан. Мөн эмэгтэйчүүдийн төлөөллийг хамгийн их оролцуулдгаараа давамгай байсан. Энэ удаа ч гэсэн нэр дэвшүүлэлтэд онцгой анхаарна. Төлөөллийн зарчмыг маш сайн хангана гэсэн бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл, туршлагатай хэсэг нь 30 хувь, дундаж насны мэргэжлийнхний төлөөлөл 30 хувь, үлдсэн нь залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар харьцааг тэнцвэртэй барьж, нэр дэвшүүлнэ. Зөвхөн санал авах зорилгоор бус төрийн бодлогын залгамж халаа чухал учраас онцгой анхаарна.