Ковид-19-ийн эсрэг вакциныг хэд хэдэн улсад зэрэг гарган авч, бүх нийтийн вакцинжуулалтын ажил эхлээд буй энэ үед вакцин тариулахаас татгалзах нь зүйтэй гэсэн олныг төөрөгдүүлсэн мэдээлэл тархсаар байна. Ийм хуурамч мэдээллийг няцаах үүднээс Туркийн өдөр тутмын Evrensel сонин сандарч үймэхгүй байхыг уриалаад, коронавирусний эсрэг вакциныг заавал хийлгэх 10 гол шалтгааныг дурджээ.   

Цар тахал дэгдэхтэй зэрэгцэн коронавирусний эсрэг вакцин гаргаж авах ажил эхэлснээс хойш олон хүн вакцины аюулгүй байдал, үр нөлөөтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байв. Хэрвээ та Ковид-19-ийн эсрэг вакцин тариулахаас болгоомжилж байгаа бол, ямар учраас вакциныг хүн төрөлхтөний агуу ололтуудын нэг гэж үздэг вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа бол вакцин заавал хийлгэх 10 шалтгааныг таны анхааралд толилуулъя. 

 

1. Вакцин амь насыг аварна

 

1796 онд Эдвард Женнер салхин цэцгээр өвчилсөн хүүхдүүдийг вакцинаар тарьсан тэр цагаас хойш анагаах ухааны хөгжил урагшаа хол ахижээ. ДЭМБ-ын хийсэн тооцооллоор, вакцинжуулалт хийснээр жил бүр 2-3 сая хүний амийг авардаг байна. Зөвхөн XX зуунд гэхэд 300 сая хүний аминд хүрсэн салхин цэцэг өвчнийг аюулгүй, үр дүнтэй вакцин гарган авсны ачаар бүрмөсөн дарсан билээ. Өнөөдөр хүн амын зарим бүлгийнхний хувьд Ковид-19 үхлийн аюултай хэвээр байна. Хэрвээ та өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг бол вакцин тариулах нь амь насыг тань аврах болно.  

 

2. Эрүүл мэндээ хамгаална

 

Вакцин нь өвчний хүндрэлээс таныг хамгаална. Халдварт саа өвчний эсрэг солка, сэбина гэдэг вакцинууд гарахаас өмнө хиймэл уушгитай, саажилттай хүүхдүүдийн нүд халтирам дүр зураг байнга харагддаг байсан.

 

Харин вакцин гарснаар сүүлийн 30 жилийн хугацаанд халдварт саагийн өвчлөлийн тохиолдлыг 99,9 хувиар бууруулж чадсан билээ. Ковид-19 таны эрүүл мэндийг насан туршид чинь хохироох магадлалтай байгаа энэ үед вакцин нь ийм сөрөг үр дагавраас таныг хамгаалах болно.

 

3. Эрүүл мэндийн тогтолцоог хамгаалж, дэмжинэ

 

Хүүхэд насандаа вакцин хийлгэснээр цаашдаа халдварт өвчин тусах магадлал эрс багасдаг. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ачаалал буурч, хүн хүч, санхүүгийн нөөц боломж, тоног төхөөрөмжийг хүнд өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийг эмчлэхэд чиглүүлэх боломжтой. Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалт нь өвчлөлийн тоог бууруулж, нөөц хүчийг гол чухал чиглэлүүдэд төвлөрүүлэх боломжийг олгоно.

 

4. Хүн амын эмзэг бүлгүүдийг хамгаална

 

Хангалттай олон тооны хүмүүст тарилга хийснээр халдвар авсан хүмүүсийн тоо цөөрч, Ковид-19 гэх мэт өвчний тархалтыг зогсоож болох бөгөөд үүнийг нийтийн дархлаа гэж нэрлэдэг. Нийтийн дархлааг бий болгох нь элдэв шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй байгаа хүмүүсийг хамгаалах ач холбогдолтой. 

 

5. Вакциныг сайтар туршдаг

 

Вакцины туршилтыг олон арван мянган хүн дээр хийдэг бөгөөд тухайн вакциныг бүртгэн баталгаажуулсны дараа ч гэсэн үр дүнг нь хянасаар байдаг. Ийм учраас эмтэй харьцуулахад вакцин нь илүү аюулгүй бөгөөд гаж нөлөө багатай. Ковид-19-ийн эсрэг вакциныг бусад вакцины адилаар нарийн чанд туршилтанд оруулжээ. Уг вакциныг богино хугацаанд гарган авсан нь “арай зөөлөн туршилт”-анд оруулсан гэсэн үг биш бөгөөд хамгийн гол нь хүнд суртлын шат дамжлагыг багасгасантай холбоотой.

 

6. Цаг хугацаа, мөнгө хэмнэнэ

 

Цаг хугацаа, эмнэлгийн үйлчилгээний зардал хэмнэх гэдэг талаас нь авч үзвэл вакцинжуулалт бол хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Вакцины тарилгыг хэдхэн минутанд хийж болдог ба үнийн хувьд нэлээд хямд тусдаг төдийгүй олон хүнд үнэ төлбөргүй хийдэг.  

Нөгөөтэйгүүр, халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд тухайн хүн ажил хөдөлмөр, хичээл сургуулиа завсарлахаас аргагүйд хүрдэг ба эмчилгээнд ихээхэн мөнгө зарцуулдаг. Вакцин хийлгэснээр үүнээс зайлсхийх боломжтой.    

 

7. Сэтгэл амар, эрсдэлгүй аялна

 

Бусад улсад аялах үедээ бид бүхэн өөрсдийн дархлааны системд танигдаагүй патогенүүдийн үйлчлэлд нэрвэгддэг. Харин вакцин хийлгэснээр очсон улсынхаа эмнэлэгт хандах шаардлагагүй бөгөөд амар тайван эрсдэлгүйгээр амарч аялах ба эх орондоо элдэв өвчин тээж ирэхгүй. Нөгөөтэйгүүр, хэрвээ та графикийн дагуу вакцин хийлгэвэл тухайн улсын иргэдийн тусдаг өвчнийг нутагтаа тээж авчрах эрсдэлээс хамгаалагдана. Ийм учраас Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэх нь гадаадад зорчиж буй хүмүүст заавал тавих шаардлага юм.   

 

8. Эмэнд дасал болохоос сэргийлнэ 

 

Антибиотикууд, вирусний эсрэг эмийг хэт их хэрэглэсний улмаас төрөл бүрийн нян, вирусууд тухайн эмэнд тэсвэртэй болдог. Үүний уршгаар эмчлэгддэггүй олон төрлийн халдварууд тархаж байгаа билээ. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж буй хамгийн ноцтой аюулуудын нэг мөн гэдгийг ДЭМБ тодорхойлжээ. Вакцин хийлгэх нь таныг халдвараас хамгаалах төдийгүй антибиотик, вирусний эсрэг эмүүдийн хэрэглээг тань багасгана. Ингэснээр эмэнд тэсвэртэй нян, вирусууд тархахаас сэргийлнэ. 

 

9. Ирээдүй хойч үеэ хамгаална

 

Хүн төрөлхтөн оршин тогтносон түүхийнхээ туршид амь насанд аюултай өвчнүүдтэй зэрэгцэн амьдарч ирсэн бол өнөө үед хүүхдүүдийг дархлаажуулах хөтөлбөрүүдийн ачаар ийм өвчний тоо илт цөөрчээ. Гэтэл вакцин гараагүй тохиолдолд ганцхан халдварт өвчин ямар их хөнөөлийг дэлхий даяар учруулж болох вэ гэдгийг коронавирусний цар тахал харууллаа. Өөрийгөө болон үр хүүхдүүдээ вакцинд хамруулах нь ирээдүй хойч үедээ бэлэглэж буй үнэлж баршгүй том бэлэг билээ. Халдварт өвчнүүдийг дарсаар байгаа нь эрүүл энх байж, урт удаан наслах боломжийг хүмүүст олгож байна.  

 

10. Худал мэдээлэл газар авахаас сэргийлнэ

 

Аливаа худал мэдээлэл нь бодит мэдээллээс илүү хурдан тархдаг болохыг судалгаа харуулж байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хуйвалдааны онол, буруу ташаа мэдээлэл өгөх зэрэг нь олон нийтийн зүгээс вакцинд итгэх итгэлийг үгүй хийж, үүний улмаас устсан гэж үзэж байсан өвчнүүд олон улс оронд дахин дэгдэх боллоо. Эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй шинжлэх ухааны үндэслэлтэй, баталгаа нотолгоотой зөвлөмжийг дагаснаар та бид өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж чадах төдийгүй өөрийн үлгэр жишээгээр хуурамч мэдээлэл тархах явдалтай тэмцэхэд тус дэм үзүүлнэ.

 

Нүүр зургийн тайлбар: 90 настай Маргарет Кинан Их Британийн иргэдээс хамгийн түрүүнд Pfizer-BioNTech вакциныг хийлгэснийхээ дараа 

 

 

 

Б.Адъяа

Эх сурвалжууд: https://inosmi.ru/social/20210118/248921872.html

 

https://www.evrensel.net/haber/423593/asi-olmak-icin-10-sebep