Батлан хамгаалах салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өчигдөр 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж, Зэвсэгт хүчинд ашиглагдаж буй орчин үеийн зэвсэг техниктэй танилцсан юм.

Энэ үеэр тусгай томилолтын 084 дүгээр анги, инженер саперын 014 дүгээр анги, элитийн 150 дугаар батальон, артиллерийн 120 дугаар хороо, холбооны 189 дүгээр ангийн алба хаагчид зэвсэгт хүчинд ашиглагдаж буй орчин үеийн техник хэрэгслийг иргэдэд танилцуулж байлаа. Тухайлбал, манай улсад 2014 онд орж ирсэн “АН-19” загварын мина илрүүлэгч, Афганистан болон Судан улсад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтай холбоо барьдаг Харрис-7800Н холбооны техник хэрэгсэл, бага оврын автомат, мэргэн буудагчийн винтов ВСК-94, гранатомёт ГП-30 зэрэг нь иргэдийн анхаарлыг тун их татаж байв. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед 20 секундэд 40 сумаар галлах чадалтай, немцүүдийн “үхлийн хар” гэж нэрийдэх болсон “Катюша”-гийн Монголд ашиглагдаж буй хамгийн сүүлийн үеийн загвар болох “БМ-21” болон Өмнөд Судан улсад манай дайчдын үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж буй БТР-80 газар уснаа явагчид сууж, гэрэл зургаа татуулцгааж байлаа. Тус өдөрлөгийн нээлтийн үеэр 2004 онд Иракт болсон халдлагыг няцааж, монгол цэргийн алдрыг өргөсөн Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарт АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш өөрийг гарын үсэгтэй ном бэлэглэснийг УИХ-ын гишүүн Л.Болд гардуулж өгсөн юм. Учир нь өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей 2002 онд олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан байна.

Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулж Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн холбооны дарга, ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонтой ярилцсанаа хүргэе.


-Танд баярын мэнд хүргэе. Одоогоос арав гаруй жилийн өмнө та Иракт үүрэг гүйцэтгэхдээ гавьяа байгуулсан. Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Иракийн энхийг сахиулах ажиллагааны хоёрдугаар ээлжийн багт багтаж явсан. Миний хувьд түүнээс өмнө хилийн цэрэгт алба хааж байхдаа хойд хил дээр тува нартай буудалцаж байсан юм. Иракт өвөл хоёрдугаар сарын эхээр очсон. Биднийг очоод удаагүй байхад бидний байрлаж байсан "Чарли" баазыг террористууд овоо хараандаа авч цуст халдлага зохион байгуулахаар төлөвлөөд байж. Өглөө 07:00 цагийн үед эхний дэлбэрэлт болж, ачааны машин хана дэлбэлж, гарц нэвтрэн орж ирсэн. Хоёр дахь дэлбэрэлтийн өмнө биднийг чиглээд машин ирж байна гэсэн дуудлагыг Г.Аззаяа станцаар мэдээлсэн. Г.Аззаяа бид хоёр өөрсдийнхөө хариуцсан секторт чиглэсэн буудлага хийж, хуурах ажиллагаа явуулж байсан. Удалгүй машинтай бөмбөг тэсэрсэн.

-Яг тэр үед юу бодогдож байв. Айж сандарсан уу?

-Яг тийм үед айж сандардаггүй юм билээ. Таван толгойд хийсэн бэлтгэл сургуулилтыг дайны байдалд байгаа юм шиг хийдэг болохоор сандраагүй. Машинтай бөмбөг дэлбэрсний дараа бүх хүмүүс доошоо хамгаалалтын пункр руу ороод суучихсан. Би буух гэсэн хаалга онгойхгүй гацчихсан байлаа. Тэгээд л “Буудалцаж байгаад нэр төртэй үхсэн нь дээр” гэж бодогдсон. Хаалга гацчихсан, чиглэсэн буудлага болж байна гээд станцаар илтгэчихсэн болохоор удалгүй шуурхай бүлгийнхэн ирж постны хаалгыг өшиглөөд намайг гаргаж авсан.

-Чиглэсэн буудлага гэхээр та хоёр руу буудаж байсан гэсэн үг үү. Ингэхэд Г.Аззаяа та хоёр “бади” байсан юм уу?

- Тэсрэх бөмбөгтэй машин бааз руу нэвтрэх зорилготой. Тэр машиныг нэвтрүүлэхийн тулд цаанаас нь өөр хүмүүс хамгаалалт хийж бид хоёр руу чиглэсэн буудлага хийж байсан гэсэн үг. Г.Аззаяа бид хоёрын хувьд ахлагчийн сургуулийн нэг оны төгсөгчид, элитийн 150 дугаар батальонд хамт очиж байсан. Гэхдээ бид хоёр бади байгаагүй. Баазын тойрсон харуулын цэгүүд байдаг бөгөөд Г.Аззаяа бид хоёрын хариуцсан постны хооронд дайралт хийсэн юм.

-Иракаас хойш Сьерра-Леонд мөн энхийг сахиулахаар явж байсан юм билээ. Энэ хоёр ажиллагаа юугаараа өөр байсан бэ?

-Иракт цагийн байдал тогтворгүй, дайн байлдааны нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн. Харин 2006 онд Сьерра-Леонд байлдааны ажиллагаа дуусчихсан, олон улсын шүүх дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах үүрэг Монгол Улсын багт ногдсон. Иракт зургаан сар, Сьерра-Леонд долоон сар үүрэг гүйцэтгэсэн юм байна.

-Энхийг сахиулах ажиллагаанд ахиад оролцох төлөвлөгөө байна уу?

-Үгүй. Монголдоо байх шиг сайхан юм байхгүй. Ажиллагааны газар оронд манай цэргүүд үүргээ гүйцэтгэчихээд чөлөөт цаг гарвал амьдрал их ярина. Монголдоо очоод тэгнэ, ингэнэ гээд л төлөвлөнө шүү дээ. Нутаг руугаа буцах дөхөөд ирэхээр нойр хүрэхгүй. Би чинь Ховд аймгийн Чандмань сумын гаралтай. Нутгаа л их санадаг юм билээ.

-Ажиллагааны бэлтгэл сургуулилтаас шантрах үе гарч байсан уу. Цэргийн хүн байх хэцүү юу?

-Цэргийн хүн болно гэсэн чин эрмэлзэлтэй байсан болохоор бэлтгэл сургуулилтаас шантарч байсан үе надад нэг ч байхгүй.

-Танай гэр бүлд цэргийн хүн байдаг уу. Яагаад тэгж их хүсэх болсон юм бэ?

-Намайг жаахан байхад нагац ах нар маань гурван жил цэргийн алба хаагаад энгэр дүүрэн одон медальтэй, тэвхийсэн хувцастай цэргээс халагдаж ирсэн. Тэднийг ирэхэд би шар ногоон даавуугаар цэргийн хувцас оёулж, дэглүүлж өмсөж байлаа. Тэгээд л хар багаасаа цэргийн хүн болохыг хүсч мөрөөдөх болсон. Зурагтаар гарч буй парадын үеэр одон медальтай жагсаж буй ахмад дайчдыг харахад их гоё санагддаг. Харин надаас хойш хоёр ч дүү маань цэргийн хүн болсон.

-Хилийн цэрэгт алба хааж байсан гэсэн. Аравдугаар ангиа төгсөөд шууд цэрэгт явсан юм уу?

- Аравдугаар ангиа төгсөөд цэргийн дээдэд конкурс өгөөд тэнцээгүй. Жилийн дараа цэргийн зарлан дуудах хуудас ирж, хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд ахлагчийн сургуульд конкурс өгч тэнцээд 2003 онд төгсөж элитийн 150 дугаар батальонд саналаараа буудагчаар очиж байлаа. Тэр үед элитийн батальон байгуулагдаад удаагүй, диктатур ихтэй, өндөр шалгууртай гээд хүмүүс тэр бүр саналаараа явдаггүй байсан юм.

-Цэргийн хүн байхын юу нь гоё вэ?

-Цэргийн хүний гоё юм нь тэнэг хүн, цэрэг хүн хоёр төмрөнд дуртай гэдэг юм билээ. Цэрэг хүн мөрдэсөө харж, энгэрээ харж баясаж, бахархаж явдаг.

-Таны хүрэхийг хүсч буй цэргийн цол юу байна. Хэнийг бахархан дуурайж явдаг вэ?

-Намайг цэрэгт хөтөлсөн хоёр нагац ах шигээ энгэрээрээ дүүрэн медальтай хүн болно л гэж боддог. Цэргийн хүн бүхэн л хурандаа болохыг, дарга болохыг хүсдэг байх. Би 150 дугаар ангид 2008 он хүртэл ажиллаж байгаад Батлан хамгаалахын их сургуулийг энгийнээр төгсөж, 2012 онд офицер болсон. Цэргийн дарга болох мөрөөдөлтэй байсан болохоор холбооны станцын дарга болох мэргэжлийг сонгосон. Одоо явган цэргийг агаараас халхлах 326 дугаар ангидаа холбооны дарга хийгээд явж байна. Цэргийн хүн эрт тэтгэвэрт гардаг. Одоо найман жилийн дараа тэтгэвэрт суухаар байна. Гэтэл одоо ахлах дэслэгч цолтой. Тэглээ гээд энэ цолоо чамлахгүй, тулсан гэж бодохгүй сайн ажиллахыг хичээж явна.

-Та хоёрыг цэргийн гавьяаны одон, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Үүнээс гадна та хоёрт байр өгсөн үү?

-Тухайн үед байр амласан. Гэхдээ өгөөгүй. Цэргийн хүн эх орондоо, энгэртээ, мөрдэстөө хайртай байхад болно доо.