Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээх саналаа ХЗДХЯ-д хүргүүлээд байгаа. Энэ талаар бид хууль зүйн ухааны доктор, дэд профессор, эрх зүйн онолын багш Ч.Нямсүрэнтэй ярилцлаа.

- Таны хувьд цаазаар авах ялын талаар ямар байр суурьтай байдаг вэ?

- Би цаазаар авах ялын талаар эсрэг бодолтой хүн. Ялын зорилго гэж бий. Эрүүгийн хариуцлага, ялын зорилго нь гэмт хэрэг  үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэх учиртай. Ялын зорилго нь хүний төлөө байх ёстой. Гэмт хэрэгтний ч, хохирогчийн ч...Цаазаар авах гэдэг нь хүнийг биемахбодийн хувьд усгаж бусдыг айлгах үйл ажиллагаа боловч зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдэхгүй үлддэг. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ ч гэж ярьдаг. Бүр эртний “нүд бол нүдийг нь”,  “шүд бол шүдийг нь” гэсэн талионы зарчим хэрэгжиж буй илрэл.

- Монгол улсад цаазаар авах ялын талаар сэргээх эс сэргээх гэсэн хоёр талцал  хуульчид, нийгмийн дунд үүсээд байна. Эрх зүйн онолын багш, эрдэмтэн хүний  хувьд таны бодол?

- Монгол Улс цаазаар авах ялыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэг зааснаар ”Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж хүлээн зөвшөөрсөн орон.

2012 оны нэгдүгээр сарын 5-нд Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Хоёрдугаар протоколд гарын үсэг зурснаар Монгол улс цаазын ялаас татгалзсан орон гэж зарласан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ”Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэжээ.Үндсэн хуулийн эрх зүйн онол, практикийн үүднээс энэ баримт бичиг манай улсад үйлчлэхгүй.

Яагаад гэвэл олон улсын эрх зүйн баримт бичигт нэгдэхдээ бид олон улсын эрх зүйн хэм хэмжээг өөрийн хууль тогтоомждоо хувиргах(transformation), эсхүл олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх (unification) ёстой.

Гэтэл энэ арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйгээс өнөөгийн цаазаар авах ялыг сэргээх эс сэргээх тухай маргаан нийт ард түмний төдийгүй хуульчдыг хоёр хуваагаад байна.

Мөн олон улсын түвшинд эх орны нэр хүнд унана ч гэсэн болгоомжлол байна.

- Эрүүгийн хуучин хуульд цаазаар авах ял байсан. Харин шинэ Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг халсан. Энэ тохиолдолд яана гэсэн үг вэ?

- Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ялын төрлөөс цаазаар авах онцгой ялыг хассан боловч Үндсэн хуулийн заалт өнөөдөр хэвээр хүчин төгөлдөр байна. Шүүхээс эрүүгийн хуулийг биш харин Үндсэн хуулийн заалтыг баримталж цаазын ялыг хэрэглэх эрх зүйн үндэс байгаа. Гэхдээ энд хууль шударга ёсыг дээдэлсэн, бие даасан шүүх, хараат бус шүүгчийн эр зориг л хэрэгтэй.

- Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээхийн тулд ХЗДХЯ-д хандсан?

- Эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүйн талаасаа ерөнхийлөгч цаазаар авах ялын талаар санал бодлоо гаргах нь бүрэн эрхийнх нь асуудал. Ерөнхийлөгч бол ард түмнээс шууд сонгогдсон “анхдагч” байгууллага. Түүний бүрэн эрхийн эх сурвалж болсон ард түмний хүсэл зоригийг төлөөлөхөд  түүний хуульчдын баг зөв арга замыг сонгож өгөх ёстой. Ерөнхийлөгч цаазаар авах ялын талаар ХЗДХЯ-д хандах бус харин эрүүгийн хуулийн зохих зүйл заалтын талаар Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой байх. Эсхүл УИХ –аас Үндсэн хуулийн энэ заалтыг хүчингүй болгосноор цаазаар авах ялыг халах асуудлыг эрх зүйн талаас нь бүрэн шийдвэрлэх боломжтой.

- Цаазаар авах ялыг сэргээх юм бол Монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд унах болно?

- Монгол улс цаазын ялгүй орон боллоо гэж яаран зарласан нь оновчтой бус. Эхлээд Үндсэн хуулийн дурдсан заалтыг харгалзах байж. Хэрэв Ерөнхийлөгч зарласан бол Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамнаас санаачлага гарган ажиллаж Үндсэн хуулийн энэ асуудлыг шийдвэрлэсний дараа Цаазын ялын эсрэг Протоколд нэгдсэн бол олон улсын нэр хүндийн асуудал  өнөөдөр сөхөгдөхгүй байсан. Мэдээжийн хэрэг олон улсын хүний эрхийн салбарт тийм ч таатай бус байх нь ойлгомжтой.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

А.Баярмаа