Нийслэлийн ИТХ 2018 оны төсвөө өнөөдөр хэлэлцэж байна. НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү “Төсөв бол тухайн жилийн хөгжлийн хөдлөшгүй баримт бичиг тул тоо, үг, өгүүлбэр болгоны ард бодлого, үр дүн байх учиртай. Төсвийн үндсэн үүрэг бол хөгжлийн санхүүжилт хийж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасгахад чиглэх учиртай. Нийслэлийн 2018 оны төсвийг ерөнхийд нь авч үзвэл орлого өссөн, төсвийн үргүй зарлага ч өссөн, гэхдээ хөгжлийн санхүүжилт буюу хөрөнгө оруулалт эрс буурсан төсөв болжээ” гэдгийг онцолж байна.

Нийслэлийн төсвийн нийт орлого 2018 онд 800 тэрбум, 356,9 сая төгрөг болж, 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 246,6 тэрбум төгрөгөөр буюу 44,5 хувиар нэмэгджээ. Төсвийн орлого нэмэгдсэн энэ үед нийслэлийн иргэдээс төсөвт ирүүлсэн саналуудаас хамгийн их дэмжлэг авсан гэр хорооллын дахин төлөвлөлт, зам тавих, өргөтгөх, дулаан цахилгааны хангамж, хуучин орон сууцны дулаалга, засвар үйлчилгээ, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг нэн тэргүүний ажлуудыг шийдэх хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.

Өнгөрсөн оны Төсвийн нийт орлогын 85.1 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөж байсан бол энэ жил дахин нэмэгдүүлж, 90.1 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр  байна. Энэ нь нийслэлийн орлогын 10 төгрөг тутмын 9 төгрөгийг иргэдийн орлогоос бүрдүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл иргэдийн өгөх татвар нэмэгдсээр байхад татвар төлж байгаа иргэдийнхээ сайн сайхныг бий болгоход хотын удирдлага анхаарах учиртай. Гэвч нийслэлийн энэ оны төсөв ажил хийдэг, орлого олдог хүмүүсийн нуруун дээр ачаа үүрүүлсэн хэрнээ татварын бус орлого нэмэгдүүлэх чиглэлээр огт анхаарайгүй, санаачилгагүй төсөв болсон. Төр гэдэг бол ажил хийдэг хүмүүсийн орлогыг хамж аваад урсгал зардал хуваарилдаг газар биш ээ, харин хөдөлмөр эрхэлдэг, ажил хийдэг хүмүүстээ боломж олгодог, хөгжлийн бодлогыг иргэддээ тэгш хүртээдэг үүрэгтэй байгууллага гэж АН-ын бүлэг дүгнэлтдээ онцолсон байна.

Учир нь 2018 оны төсөвт Хотын шуудын төсвийн урсгал зардлын нийт дүн 342.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2017 оны урсгал зардлын тодотгосон төлөвлөгөөнөөс 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн дүн байна. Үүнд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардал өмнөх оныхоос 5.8 хувиар өсч, 9 тэрбум болжээ. Нийслэлийн Засаг даргын захиран зарцуулдаг төсвийн нөөц хөрөнгийг 12.5 хувиар өсгөжээ. Гэтэл хотын хөрөнгө оруулалтыг 48 тэрбумаар хассан юм байна.

Иймээс АН-ын бүлэг ирэх оны төсөвт хэд хэдэн санал оруулаад байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх, сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчиулах, багш эмч нарын индексээр тооцуулах урамшууллыг 300 саяар нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл хийх, хүүхдэд ээлтэй хот болох зэрэгт хөрөнгө тусгахыг санал болгосон байна.

niigmiintoli.mn