Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад сонгуулийн амлалтыг нь эргэн сануулсан албан бичиг илгээжээ. Монголын ард түмний баялаг болох стратегийн ач холбогдолтой орд газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэж, ард түмний хяналтаас гаргах санаархлыг энэ хуулийн төсөлд тусгасныг буруушааж буйгаа үүгээр илэрхийлсэн байна. Мөн уг хуулийн төслийн зарим заалт АН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, ард түмэнд өгсөн амлалтаас хол зөрүүтэй байгааг онцолжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдвал хил орчмын газар нутаг дахь болон стратегийн томоохон орд газрыг ард түмний хараа хяналтгүйгээр бусдад найр тавин өгөх, худалдах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй гэж үзэж байгаа аж. Иймд Засгийн газрыг ашигт малтмалын салбарт дэвшүүлсэн зорилтоосоо татгалзаж байгаагаа олон нийтэд ил тод мэдэгдэхийг МАН-ын бүлгээс шаардсан байна.

Одоогийн эрх баригч намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ашигт малтмалын талаар ингэж тусгажээ.

  1. "Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн "Ажилтай, орлоготой монгол" бүлгийн 25 болон 31 дэх заалт:
  • Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгох;
  • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна.

2. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3 дугаар бүлгийн 38 болон 39 дэх заалт:

  • Оюутолгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө;
  • Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна.

 

3. Иргэний зориг ногоон намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн Орон нутгийн амьдрал бүлгийн 5 дахь заалт:

 

  • "Уул уурхайн салбараас олох орлогын 40 хүртэл хувийг тухайн орон нутгийн хөгжилд зарцуулдаг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ" гэсэн зорилтуудыг тус тус дэвшүүлжээ.

 

Түүнчлэн УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших” гэж заажээ.