-ТЭД ӨДИЙГ ХҮРТЭЛ ТАЙЛБАР ХИЙСЭНГҮЙ-

Монгол Улсын иргэн, зургаан настай С.Амарбаясгалан хүү БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд харгалзах хүнгүй буусан талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр шуугиан тарьсан.

Инчоны нисэх онгоцны буудалд байсан монголчууд хүүтэй таарч энэ тухай мэдэгдснээр С.Амарбаясгаланг Гадаад харилцааны яамнаас эх оронд нь буцаан авчирсан юм. Хүүгийн аав н.Соронзонболд “Ээж нь надад мэдэгдэлгүй хүүг маань Австрали руу явуулснаас болж ийм асуудал гарлаа. Хүүгээ ийм байдалд орсныг сонсоод их гайхсан. Ямар ч байсан цаг алдалгүй энэ мэдээллийг дуулгасан хүнд таларснаа илэрхийлмээр байна. Хүүгийн ээж Б.Анударь Австралид байдаг ээжийнхээ дүү рүү явуулах гэж байсан юм шиг байна” гэв. Гэтэл түүний ээж Б.Анударь “Хүү маань төөрч алга болсон юм байхгүй. Би хүүгээ албан ёсны үйлчилгээгээр явуулсан. Гэтэл замаас нь буцаагаад аваад ирлээ. Хүүгээ Австрали руу явуулах гэж би их мөнгө зарцуулсан” гэжээ.  

 

Түүний ярьж буй албан ёсны үйлчилгээ гэдэг нь “Korean air” компанийн “Гараас гарт” гэх үйлчилгээ юм.

Энэ үйлчилгээг ашиглахын тулд тухайн нислэг үйлдэж байгаа авиа компанитай гэрээ хийж, итгэмжлэл гаргаж өгсний дагуу бага насны хүүхдийг асран халамжлагчгүйгээр нь хил давуулж, очих газар нь хүргэдэг аж. С.Амарбаясгалан хүү “Korean air” компанийн гараас гарт үйлчилгээгээр Австрали руу явж байсан. БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудлаар дамжин Фижи орох дараагийн нислэгээ хүлээж байсан гэх. Ээж нь ч “Хүү маань зүгээр байсан” гэж байгаа. Гэтэл яагаад зургаахан настай бяцхан хүү харь орны нисэх онгоцны буудал дээр харж хандах хүнгүй ганцаараа сууж байдаг юм бэ. Түүнтэй таарсан монголчууд С.Амарбаясгалан хүүг онгоцны буудал дээр ганцаараа уйлаад сууж байсан гэдгийг баталж байгаа. Түүгээр ч барахгүй “Намайг гадаа тоглож байхад танихгүй хүн авч яваад онгоцонд суулгасан” гэж хэлсэн байгаа юм. Тухайн үед элэг нэгт нь түүнтэй таараагүй байсан бол одоо хүү ямар байдалтай байх вэ.

Уг үйл явдалтай холбогдуулан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох байгууллагынхантай холбогдож асуудлыг тодруулсан. С.Амарбаясгалан хүү “Korean air” компанийн “Гараас гарт” үйлчилгээгээр Монгол Улсаас БНСУ-ыг зорьсон байна. Өөрөөр хэлбэл, “Korean air” компани хүүг хариуцаж очих ёстой газарт нь хүргэх үүрэгтэй юм байна. Ер нь Монгол Улсын хилээр бага насны хүүхэд ямар нэгэн итгэмжлэл, харгалзах хүнгүйгээр хил давдаггүй” гэсэн.

С.Амарбаясгалан хүүгийн аав н.Соронзонболд хүүгээ гадны оронд нисэх онгоцны буудал дээр ганцаараа байгааг сонсоод түүнийг буцаан авчрах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьсан байсан. Гэтэл хүү нисэх онгоцны буудал дээр таарсан монголчуудад “Манай аавыг Соронзонболд биш Эрдэнэ гэдэг” гэж хэлсэн байгаа юм. Хүүгийн аавыг үнэхээр Эрдэнэ гэдэг үү, эсвэл хэн нэгэн түүнд үг зааж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. Үүний зэрэгцээ н.Соронзонболд гэгч хэн болох нь сонин байна.

С.Амарбаясгалан “Korean air” компанийн гараас гарт үйлчилгээгээр Австрали руу явж байсан гэж байгаа. “Korean air” бол олон жилийн туршлагатай компани. Гэтэл хүний нялх үрийг авч явж байж харь орны нисэх онгоцны буудалд ганцааранг нь орхиж байгаа нь ямар учиртай вэ. С.Амарбаясгаланг Сөүлээс биш Фижигээс эгч нь тосч авахаар байсан гэсэн. Хэрвээ хүү эгчтэйгээ уулзахаас өмнө хаа нэгтээ төөрч алга болсон бол хэн хариуцлага хүлээх вэ. Хүний хүүхдийг эгчид нь хүргэж өгнө гэж мөнгө авчихаад онгоцны буудалд ганцааранг хаячихсан “Korean air” компани уу, эсвэл хүүгээ явуулчихаад араас нь анхаарал хандуулаагүй “Миний хүү зүгээр байгаа” гээд хээв нэг сууж байсан ээж нь үү. Ямартай ч энэ удаа төөрсөн хүүг эх оронд нь авчирлаа. Дараагийн удаа гараас гарт үйлчилгээгээр гадны орны зорьсон хэн нэгэн хүүхэд хаа нэгтээ төөрч алга болвол яана. Өнгөрсөн хугацаанд энэ үйлчилгээгээр хэр олон хүүхэд гадны орныг зорьсныг мэдэхгүй юм. Харин энэ үйлчилгээ найдваргүй гэдэг нь тодорхой болж байна. Эд бараагаа хүртэл танихгүй хүнд дайж явуулахаас болгоомжилдог болсон үед хүүхдээ ингэж харж хандах хүнгүй явуулж байгаа нь харамсалтай. Хамгийн хачирхалтай нь энэ бүх үйл явдлын дараа “Korean air” компани ямар ч албан ёсны мэдэгдэл гаргаж, тайлбар хийхгүй байгаа нь юм. 

 

Н.Санжаасүрэн