Шинэчлэлийн Засгийн газ­рын гол тулгуур нь Ерөн­хий сайд гэхээс илүүтэй Н.Бат­баяр, Д.Ганхуяг нар.

Тэдний хариуцаж буй салбар нь Монгол Улсын өнөөдрийг төдийгүй маргаашийг “тэ­жээх” учиртай болохоор тэр. Гэтэл тэд ажлаа хийсэнгүй. Анхнаасаа хийх хүсэлтэй байсан эсэх нь ч тодорхой бус. Д.Ганхуяг гишүүний УИХ-д дахин сонгогдсон хүчин зүйл нь зөвхөн Оюутолгой. Тэрбээр Оюутолгойн Хөрөн­гө оруу­лалтын гэрээг шүүм­ж­лэх эх санааг өөрийн биеэр удирдаж, хувь улстөр­чийн­хөө нэр хүндийг өсгө­сөн. Уг ордын хөрөнгө оруу­лагч­дыг шууд утгаараа хад­ны мангаа гэж үздэг тэрбээр өнөөдөр хүлцэнгүй боолын сэтгэхүйгээр ажлаа хийж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягтүүнийг Уул уурхайн сайдад нэр дэвшүүлэхтэй зэрэгцээд энэ салбар бүхэлдээ донсолсон.Зөвхөн “Д.Ганхуяг” гэдэг нэр нь өөрөө хөрөнгө оруулагчдын хөдлөх, ажиллах сонирхлын эсрэг дайн зарласантай адил шийдвэр байв. Гэсэн ч Ерөнхий сайд томил­сон. Гэтэл үүнийх нь үр дүнд өнөөдөр Оюутолгой урагшлах нь битгий хэл ухарчихсан явж байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон олон асуудал бий. Тэр бүхнийг хамгийн их бичдэг, үнэн зөвийг нь тунгаан бодохыг шаарддаг хүчирхэг бүлгийн гишүүд бол сэтгүүлчид. Өнөөдрийн нөхцөл байдал­тай уялдуулан тайлбарлахад ца­лингаас цалингийн хооронд амьдарч буй сэтгүүлчийн эр зориг, хүч хөдөлмөр Д.Ганхуяг гэх өчүүхэн улстөрчийн дэргэд баатрын дайтай үнэлэгдэхээр байгаа нь манай салбарын бахархал. Гэтэл Д.Ганхуяг ганц ч үг ган хийсэнгүй. Тэр зөвхөн Оюутолгойг төдийгүй “Эрдэнэс Тавантолгой”-г хүртэл унтуулчихлаа. Хамгийн хөгийн нь “Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан учраас бид алдагдал хүлээж байна. Нүүрсний үнэ тонн нь 30-40 доллараас илүү гарахааргүй болсон. Бид ямар ч буруугүй” гэсэн ганцхан тайлбараар өөрийнхөө нэр хүндийг аргацаах болж. Товчхондоо Монголын уул уурхайн салбар хөрөнгө оруулагчийг хүндэтгэдэггүй, өөрийнхөө бизнесийн жаргал зовлонтой адилтгаж биш юм гэхэд хольж хутгаж ч боддоггүй сайдтайнхаа балгийг амсаж байна. Энэ зовлонг хөрөнгө оруулагчид бүгд нэгэн дуугаар хэлэх бөгөөд тэд өнөөдрийг хүртэл Монголын Уул уурхайн сайд салбарынхаа тухай зөв онош тавьж, түүндээ эзэн байж чадахгүй байгаад гайхсаар л суугаа. Ядаж л насаараа ноолуурын бизнес эрхэлж, ноолуур ээрч явсан Ч.Түмэнбаярыг зөвлөхөөрөө тавьчихсан. Түүний зөвлөхийн мэдлэг туршлага хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чулуу байхаас бус уул уурхайд зөвлөгөө болох нь юу л бол. Өөр олон жишээ хэвлэлээр гарсан учраас тэр бүхнийг тоочин нурших нь илүү. Нефть импортлогчдод гэхэд 200 тэрбум төгрөг тарааж өгчихсөн атлаа шатахууны үнийг хазаарлаж хүчрэхгүй л сууж байна. Түүнд захирагддаг, түүнтэй зөвлөлддөг нефть импортлогч гэж алга. Гэсэн ч тэрбээр ажлаа хийсээр л.

 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Монголын хамгийн ухаантай ганц улстөрч. Түүнд эх орончоор өргөмжилсөн шагнал бий. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээс өгсөн болохоор хэтрүүлж бичвэл гал тогоо­руу­­гаа өшигчсөн хэрэг болно. Гэхдээ л энэ шагналыг Н.Бат­баярын энгэрт гялалзах бүрт ичих булчирхай ажиллаж эхэлдгийг нуух юун. Өнөөдрийн эдийн засгийн байдлын тухай мэдээ, мэдээлэл, статистикийн дүгнэлтийг харахаар бүр ч ичмээр. Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын тавьсан өр, зээлтэй нийлээд 12 их наяд хүрэхэд ойрхон байгаа гэж байна. Ердөө 60 тэрбумыг нэмээд зээлчихвэл ядах юмгүй 12 их наяд болно. Гэтэл эдийн засагт гарсан эерэг үр дүн байхгүй. “Чингис” бондын урьдчилгаа бүхэлдээ эргэлтгүй хөрөнгө болж, дарга нарын тууз хайчлах аяны зардалд дуусчихсан. Ерөнхий сайдын зарласан Чингис бондын үлдэгдлээр санхүүжүүлэх 888 төсөл нь зөвхөн эрх мэдэлтэй, эчнээ тани олонтой улстөрч, бизнесийн бүлгийнхний өгөөш болохгүй гэх баталгаагүй. Эхнээсээ нэр бүхий УИХ-ын гишүүд хийгээд Ардчилсан намд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг компаниуд санхүүжилт авах нь гэх мэдээлэл хэвлэлээр га­раад эхэллээ. Үүнийг хутган найруулагч нь Н.Батбаяр. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд болохоосоо өмнө Д.Ганхуяг сайдын нэгэн адил Оюутолгойд шударга ёс тогтоогч байсан. Өнөөдөр мөн л түүний адил өөрчлөгдсөн. Харин тэдний хувийн бизнес бол цэцэглэсээр л байгаа. Удахгүй олонд ил болох Хөрөнгө орлогын мэдлэг үүний баталгаа болно. Иймд амжилт гаргах гэж бус хэтрүүлэн хэлэхэд ажлаа нураах гэж ажиллаад байгаа энэ хоёр сайдыгаа хөтлөлцүүлээд хөөгөөч, Ерөнхий сайд аа. Ард олонд хэлэх үггүй болсон тэдний өмнүүр орж арзганаж, маазарч байгаа юм шиг хэрэггүй тайлбар хийдгээ ч боль. Өөрсдөөр нь үнэнийг яриул. Ярих дургүй байна гэдэг ярих ажилгүй байгаагийн илэрхийлэл. Тиймээс тэднийг танхимаасаа “хөөчих”. Хөөх ажиллагааг хэвлэлээр ил тод хийнэ гэвэл нь дуртайяа дамжуулаад өгөх телевиз олон байгаа даа, цаана чинь.

Г.ОТГОНЖАРГАЛ