Ард түмний амьдралыг мэддэггүй, үндэслэлгүй мэдэгдэл гаргасныхаа төлөө хариуцлага хүлээ

Манай сонины энэ сарын 10-ны буюу уржигдрын дугаарт “Мах авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэл  гарсан билээ. Энэ нийтлэлээрээ манай сэтгүүлч нийслэлчүүдийн махны хэрэгцээний багагүй хувийг хангадаг “Хүчит шонхор”, “Нарантуул-2” зах болон Долоон буудлын автобусны буудлын орчимд яс, гэдэс дотор зардаг худалдагч нар, мөн тэдний байнгын үйлчлүүлэгчидтэй уулзаж, монголчуудын амьдрал хэрхэн тартагтаа тулсныг хачиргүйгээр газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн юм.

Тийм ч учраас энэ нийтлэл сонгуульд нэр дэвшиж байгаа дарга нарт, салбарын яамныханд таалагдсангүй. Мах авч идэж чадахгүй иргэд хоосон хонохгүйн тулд хямд өртөгтэйг нь бодож шулсан яс, гэдэс дотор авч, бор ходоодоо борлуулдгийг Монголд мэдэхгүй хүн уг нь ховор. Ингэж амьдардаг бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болчихоод байгаа гэхэд ч хилсдэхгүй. Гэтэл салбарын ХХААХҮЯ нь энэ тухай ор тас мэддэггүй бололтой. Иймээс ч манай нийтлэлийг үндэслэлгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд гуравдугаар сарын 11-нээс эхлүүлэн нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны 413 хүнсний дэлгүүрээр борлуулж байна. Нөөцийн махны худалдаагаар зургадугаар сарын 9-ний байдлаар нийт 7662.7 тонн махыг хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр борлуулсан. Өмнөх таван сартай харьцуулахад хонины ястай махны үнэ нэг, үхрийн ястай болон цул махны үнэ 3.3-3.7, адууны мах 2.2, ямааны мах 7.4 хувиар тус тус нэмэгдсэн” гэжээ. 

Мэдэгдэлд нөөцийн махны борлуулалт, үнэ ханшийн талаарх л мэдээлэл байхаас манай нийтлэлийн чухам юу нь худлаа болох талаар дурдаагүй байна. Яагаад манай нийтлэл үндэслэлгүй болох, үндэслэлгүй гэж үзэж байгаа шалтгаанаа ч тайлбарлаагүй байв. Тэр байтугай итгэхгүй байгаа бол газар дээр нь очоод шалгах ухаан, сэтгэл ч тэдэнд дутаж.  Арга ч үгүй биз. Дарга нар ямар зах орох биш. Хамгийн үнэтэй сүлжээ дэлгүүрээс махаа сонгож, хамгийн өндөр зэрэглэлийн ресторанд хооллодог улс гэр хорооллын дунд орших, шороо тоос боссон зах гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй биз. Мэдэхгүй болохоороо тэнд иргэдийн амьдрал хэрхэн өрнөдөг, иргэд хоногийн хоолтой хонохын тулд хэрхэн мачийн хөдөлмөрлөж байгааг ч мэдэхгүй. Тэд тэнгэрт, харин бид газарт амьдарч байгаа бололтой. 

Мөн салбарын яамнаас “Үндэслэлгүй мэдээлэл түгээх нь хуулийн хариуцлагатай болохыг анхааруулж байна” хэмээн “айлгажээ”. Тэгвэл салбарын яам нь үндэслэлгүй мэдэгдэл гаргавал ямар хариуцлага хүлээх вэ. Мах зардаг томоохон худалдааны төвүүдийн нэгээр нь л ороод гарахад иргэд шулсан яс, гэдэс дотор хэрхэн худалдан авч, хоол болгодгийг төвөггүй мэдэж болно. Ард иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй, эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлдаг, дарга нарт доль цохидог ийм салбарын яам байснаас татан буугдсан нь дээр. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН