Өнөөдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгос улсын бараг бүх нутаг дэвсгэрийг Хятад, Монголын говиос гаралтай шар шороон шуурга бүрхсэн тухай тус улсын цаг агаарын хүрээлэн мэдээлжээ.

Өнөөдөр өглөөний 7:00 цагт тус улс бүхэлдээ шороонд дарагдаж, энэ байдал маргааш өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэйг Солонгосын Цаг Агаарын Хүрээлэн мэдээлсэн байна.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх түгшүүрийг тус улсын бүх нутаг дэвсгэрт зарлажээ.

Сөүл хотын орчимд өглөөний 7:00 цагт диаметр нь 10 микрометрээс бага хэмжээтэй (PM 10) тоосонцрын дундаж нягтрал цагт 192 микрограмм/шоо метр хүрсэн бол Улсан хотод 494 хүрсэн байна.

PM 10 тоосонцрын энэ үзүүлэлт хоёроос дээш цагийн турш 150-ыг давсан тохиолдолд эрүүл мэндийн түгшүүр зарладаг юм.

Эрүүл мэндийн түгшүүр зарласан тохиолдолд амьсгалын замын өвчинтэй, өндөр настай хүмүүс, хүүхдүүдэд гадагшаа гарахгүй байх, гарах бол амны хаалт зүүхийг зөвлөдөг байна.

 

Эх сурвалж: Yonhap News