Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрүүдийг танилцуулав. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "ICT экспогийн үеэр гурван чиглэлээр санал дүгнэлт гаргасан.

Тухайлбал программ хангамжийн салбарт төр өөрөө битгий өрсөлдөөч, хувийн хэвшлээрээ ажлууд гүйцэтгүүлэх чиглэл бариач гэх саналыг дамжуулж хэлсэн. Тэмдэглэлээр Ерөнхий сайдаас төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол санаачилж батлуулах үүрэг өгсөн.

Үүний дагуу өнөөдөр Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг холбогдох яамдаас санал авч, Засгийн газраас баталлаа" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Энэхүү тогтоолын төсөл гарснаар төсвийн байгууллага өөрсдийн цалин өгч ажиллуулж байгаа хүмүүсээрээ шинэ программ хангамжийг хөгжүүлэхгүй байх шийдвэр гарч байна гэсэн үг. Төсвийн байгууллагууд худалдан авалтаа зарлаад шаардлагатай лицензүүдээ төсөвтөө суулгаж, хувийн хэвшлүүдээр гүйцэтгүүлэх боломжтой.

Тогтоол дээр нэр бүхий 32 үйлчилгээний чиглэлд хамаарах программ хангамжийг огт хөгжүүлэхгүй байх шийдвэр гарсан" гэв. 

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Боловсролын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. 

Тэрбээр "УИХ энэ хавар Боловсролын багц хуулийг баталсан. Шинэ хуулийн эрх зүйн орчинд нийцүүлэн хичээлийн шинэ жилээ зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад 50,000 гаруй хүүхдийн асуудал байгаа юм. Үүнээс Улаанбаатар хотод 47 сургуульд 33,000 хүүхдийн асуудал байна. 

Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн бэ? Шалтгаан нь юу байв гэдгийг олж тогтоох ажлыг бид эхлээд хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон.

Нэгдүгээрт, 70,000 хүүхэд нэгдүгээр ангид ороход 30,000 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Жил бүр 35,000-40,000 хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсэж байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт их хийдэг. Газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна. 

Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдааг нэрлэж байна. Улаанбаатарт сургуульгүй 50 хороо байна. Цэцэрлэггүй 17 хороо байгаа. Тэгсэн мөртлөө өндөр өртгөөр Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг. Гэвч тэнд нь сургууль, цэцэрлэг байдаггүй. Тухайн баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгтэй байх зохицуулалттай. Тухайн хорооллыг барьж байгаа компаниуд газрын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байдаг. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хорооллуудаа хэсэгчилдэг. Анхны төлөвлөж байснаараа ажлаа хийдгүйгээс үүдэн сургууль, цэцэрлэггүй олон хороолол бий болж байна. 

Энэ талаар Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна. Энэ ондоо багтаан хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Барилгын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлнэ" хэмээв