2014 оны 6 сарын 19-21-ний өдрүүдэд Монгол улсад анх удаа Азийн орнуудын шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх удаагийн уулзалт зохион байгуулагдаж байна.

Уулзалт нь удирдлагуудын болон бизнесийн уулзалт гэсэн чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд Азийн орнуудын шилдэг парк, компаниудын удирдлагууд ирэн туршлага, мэдээллээ солилцон цаашдын хамтын ажиллагаа өрнүүлэх боломжууд бүрдэж байгаа юм.

Энэ удаагийн уулзалтанд Япон, Солонгос, Турк, Вьетнам зэрэг орнуудаас 30 гаруй төлөөлөгч, Монголоос 10 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мөн их дээд сургуулиас 30 гаруй хүн оролцоно.

Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг Саммит Компьютер Технологи ХХК нь энэхүү уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. Тус компани нь дэлхийд тэргүүлэгч Dell, HP, APC, EPSON, Cisco, Apple зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ дэлхийн зах зээл дээрх чанартай техник технологийн бүтээгдэхүүн тэдгээрийн шийдлийг үйлдвэрээс нь шууд мэргэжлийн инженер, техникийн багийн хүчээр нийлүүлдэг юм.