Сэлэнгэ аймгийн Ноён уулын ойр орчимд 25 настай залуу энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны шөнө амиа хорлосон байдалтай олдсон байна. Гэвч залуугийн аав, ээж хүүгээ амиа хорлосон гэдэгт итгэхгүй байгаа аж. Энэ талаар хүүгийн аав Ч.Ганбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

-Манайх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараагийн айл. Би хүү, охин, эхнэрийн хамт амьдардаг байлаа. Миний хүү 2001 оны могой жилтэй, төлөв төвшин, сайхан том залуу байсан юм. Яагаад ч амиа хорлох хүүхэд биш. Би үүнийг маш сайн мэдэж байна. Тэр бүү хэл, манай сумынхан ч мэднэ. Хүүг минь нас барсны дараахан Дархан-Уул аймгаас хүмүүс ирж задлан шинжилгээ хийсэн. Үүнээс хойш бараг 20 хонож байгаа ч одоог хүртэл хариу ирээгүй. Хүүгийн маань ажил явдал дуусчихсан. Одоо эхнэр бид хоёр задлан шинжилгээний хариуг л хүлээж сууна. Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш. Юугаар ч дутагдаагүй, айлын ганц хүү.

Хүү маань нутгийнхаа айлын охинтой танилцаад үерхэж байсан юм. Энэ зун гэртээ найз охиноо дагуулаад ирсэн. Удалгүй найз охин нь арванхоёрдугаар сарын 3-нд Солонгос руу сургуульд явах гэж байгаа гэлээ. Ер нь миний хүүгээс тав, зургаа дүү буюу өнгөрсөн хавар ЕБС-иа төгссөн охин юм билээ.

-Тухайн үед юу болсон талаар яривал. Хэн танд энэ харамсалтай мэдээг дуулгасан бэ?

-Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны шөнө гэнэт л ийм эмгэнэлтэй хэрэг болсон. Тухайн үед манай эхнэр охинтойгоо хот руу тэмцээнд явчихсан байсан. Тэгээд шөнийн гурван цагт нэг эмэгтэй хаалга нүдээд, орилсон. Намайг хаалгаа онгойлгоход манай хүүгийн найз охины ээж нь “Танай хүү амиа хорлох гээд байна. Манай охин сая над руу уйлаад утасдлаа. Тэр газар нь сүлжээ муутай газар” гэж надад хэлсэн. Би ч гайгүй байх аа гэсэн. Миний хүү мөнгөний өрөнд орж, хэн нэгэнд гомдсон биш. Яасан гэж амиа хорлох билээ. Тухайн үед итгэхэд үнэхээр бэрх байсан. Юутай ч хувцсаа өмсье гээд бослоо. Харин нөгөө эмэгтэй манай гэрийн гадуур орилж, уйлаад л, охиноо дуудаад байсан. Тэгээд манайхаас гараад явчихлаа. Би ч хувцсаа өмсөөд, гар чийдэн бариад хаашаа явахаа сайн мэдэхгүй зогсож байтал хоёр цагдаа хүрч ирсэн. Нэг нь манай Зүүнхараагийн цагдаа байсан. Ганаа ах аа, таны хүү арай ч тийм зүйл хийхгүй биз дээ. Нэг эмэгтэй сая орж ирээд танай хүүг амиа хорлох гэж байна гээд орилоод байсан гэж надад хэлсэн.

Тэгээд бид хэд нийлээд хайхаар боллоо. Манайх сумынхаа төвөөсөө найман км гаруй зайтай байдаг юм. Ингээд цаг харсан чинь үүрийн дөрвөн цаг болж байна. Удалгүй цагдаагийн машин хот явдаг замыг чиглээд явж буй харагдсан. Бид хэд ч араас нь дагасан. Манай өвөлжөөний ойр орчимд гулгадаг мод гэж байдаг юм. Тэгээд гулгадаг уул руу очоод гэрэл тусгахад миний хүү байдаггүй. Цагдаагаас нөгөө эмэгтэйг яг хаана гэж хэлсэн бэ хэмээн лавлахад зуслан явдаг зам буюу сүлжээ муу барьдаг газар гэсэн. Сандраад зуслангийн газар руу давхиж явсан чинь Ноён уулын наахна талд гэрэл гарч байна. Тэр зүг рүү буюу даваан дээр очсон чинь аль хэдийнэ цагдаа нар ирчихсэн бид хэдийг дагуулаад доошоо уруудъя гэсэн. Даваан дээр очиход нэг цагдаа нь “Ганаа ах аа, таны хүү нас барчихсан байна. Та хараад яах вэ. Наана байж бай” гэсэн. Би тухайн үед зориг гаргаад хүүгээ харж чадаагүй. Ёстой тэнэг хүн дээ. Миний хүү өвдөглөөд суучихсан. Бүр хөшчихсөн байсан гэсэн. Уг нь хүн нас бараад хоёр цаг дотроо хөшдөггүй биз дээ. Гараа хумхиад, араас нь хүн тэвэрсэн бололтой хувцас нь дээшилчихэн байсан. Моорогт оруулсны дараа арайхийж хөлийг нь жийлгэсэн гэж надад хэлсэн.

-Ээж нь хэзээ мэдсэн бэ?

– Тэр шөнө хүүгийн маань найз охины ээж манай эхнэр рүү залгаад “Танай хүү амиа хорлочихсон байна” гээд шууд хэлчихсэн байгаа юм. Эхнэр маань ухаан алдаж унаад, утсаа шууд л шидсэн гэсэн. Адилхан эх хүн байж бидний оронд өөрийгөө тавиад бодож үзэж болно доо. Түүнээс хойш эхнэр маань хямраад одоог хүртэл олигтой дээрдэж өгөхгүй л байна.

-Хэрэг гардаг өдөр танай хүү хаана байсан бэ?

-Найз охиноо Солонгос руу явуулах гэж байгаа гээд хадмынх руугаа яваад байсан. Намайг үхрээ сааж байхад хүү маань ирсэн. Аав, би адуугаа бүртгээд, ахын хоёр морийг сольж өгөөд ирье гээд явсан. Өдөр гурван цагийн үед хонио уулнаас дарсаар ирсэн. Би ч хүүдээ “Цаг төр хэцүүдлээ. Аав нь их хонио аваад уул руу гаръя. Миний хүү хэдэн адуу, үхрээ харж байх уу” гэсэн. Хүү маань найз охиноо явуулчихаад тэгнэ ээ гэсэн. Түүнээс биш миний хүү ямар ч амиа хорлох хэмжээний хүүхэд биш. Нас барахаасаа долоо хоногийн өмнө Улаанбаатар хот руу найз охиныхоо юмыг бэлдэнэ гээд явж байсан. Машиных нь номер явахгүй өдөр байж таарсан юм билээ. Тэгээд арван жилийн ангийнхаа эмэгтэй найзын машиныг аваад ажлаа бүтээсэн гэсэн. Орой нь найз охинтойгоо найзынхаа машиныг өгөхдөө гурвуулаа хоолонд орсон гэнэ. Гэтэл найз охин нь миний хүүгийн толгой руу цохиж байсан гэж найз нь ажил явдлын үеэр бидэнд хэлсэн. Бид хүүгийнхээ үхлийн жинхэнэ үнэнийг л олмоор байна.

-Хэрэг гардаг өдөр танай хүү өөр ямар нэгэн газар руу явсан уу?

-Хэрэг гардаг шөнө миний хүү найз охин, хоёр найзтайгаа Баруунхараа явсан. Энэ үеэрээ найз охинтойгоо хэрэлдэж, муудалцаад байсан гэсэн. Ажил явдлын үеэр тухайн үед хамт явсан хоёр найз нь хэлж байсан юм. Найз охин нь “Би чамайг ах, аав хоёрт хэлэхэд чи муу алуулдаг биз дээ” гэж байсан. Өмнө нь найз охиныхоо ахтай зодолдож ч байсан юм билээ. Түүнчлэн миний хүүгийн нүүрийг маажчихсан байсан. Нүүрэн дээр нь хумсны сорви харагдсан гэж ээж нь хэлсэн. Эхнэр маань хүүгээ нүдээрээ харна гээд тухайн шөнөдөө хотоос наашаа гарсан. Би ч тухайн үед тулгамдаад, айж сандраад хүүгээ сайн харж чадаагүй. Мөн миний хүүгийн ард гялгар уут углачихсан, ар дагз нь цустай болчихсон байсан гэж надад хүмүүс хэлсэн. Би хүүгийнхээ өмсөж явсан хувцсыг нь ч сайн анзаараагүй. Харин хувцсыг нь тайлсан хүмүүс дотуураа нойтон, гадуураа хуурай хоёр давхар өмдтэй байсан гэж хэлсэн. Тэгэхээр миний хүү яагаад ч амиа хорлосон байж таарахгүй. Би хэн нэгнийг буруутгах гэсэн юм биш. Зүгээр л үнэнийг олмоор байна.

-Ажил явдлын үеэр найз охин нь ирсэн үү?

-Ажил явдлын үеэр баахан хүн бужигнаж байхад “Ийм түрүүвч, зургаа авах гэсэн юм” гээд хүрээд ирдэг байсан. Бидний уй гашуу, хямрал арай гайгүй болж байхад л хүрээд ирнэ. Мөн охины аав, ах хоёр нь манайд ирсэн. Би ч уулзаагүй. Удалгүй энэ хүмүүс ч явсан. Гэтэл орой нь нөгөө охины аав халамцуу ирээд манай эхнэрийг гараад ир, уулзъя гэсэн. Үүгээр ч барахгүй манай охин буруугүй шүү гэж хэлсэн байгаа юм. Тэгээд охины ээж нь манайд орж ирээд “Охин хямраад байна. Миний охин ямар ч буруугүй шүү” гэдэг. Эсвэл гарч уулзъя гэнэ. Бүгд л ялгаагүй хямар ч байна гэж ч хэлж үзсэн. Ажил явдлын үеэр эхнэр бид хоёр охиноо ахындаа байлгаж байсан юм. Гэтэл миний охиныг тухайн айлаас нь аваад машинд хүртэл уулзсан гэсэн. Манай охин долдугаар анги учраас бас ч юмны учрыг ойлгоно. Би ч учирлаж хэлсэн. Мөн хэрэг гардаг өдөр манай хүүгийн найз охины аав байхгүй. Хот явчихсан гэж байсан ч хэрэг гардаг шөнө байсан юм билээ. Тухайн шөнө хүүгийн маань найз охины гэрт нэлээд зодоон цохион гарч, цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан. Түүнчлэн охины ээж хүүгийн маань нас барсан газарт сүлжээ барьдаггүй гэж хэлсэн. Гэтэл тухайн газарт сүлжээ зүв зүгээр л барьж байсан. Тэгээд охиноо уул руу гараад даваан дээрээс хальт л ярьсан гэсэн шүү дээ. Би тухайн замаар явж үзэхэд ямар ч хүний алхсан мөр байгаагүй. Юу нь ч тодорхойгүй ийм л хэрэг болоод өнгөрлөө.

 

А.Даваадулам

 Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН