Намар цаг хаалга тогшсон энэ өдрүүдэд эцэг, эхчүүдийн нуруун дээрх ачаа хэд дахин нэмэгддэг. Учир нь хичээлийн бэлтгэл, хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд асуудал их.

Тэгвэл хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь тэнгэрээс од шүүрэхтэй л адил болсныг эцэг эхчүүд хэлж байна. Учир нь манайд цэцэрлэг хүрэлцээгүйгээс эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгчих санаатай хонон өнжин дугаарладаг нь жил бүрийн намар хэвийн үзэгдэл болох нь. 

Цэцэрлэгийн асуудлаар эцэг, эхчүүд бухимдалтай байгаа энэ үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Төсөв хөрөнгийг нь батлаад өгч байхад тендерээ оройтож зарлаад хугацаанд нь ашиглалтад өгөхгүй хүмүүсийг бухимдуулах юм” гэсэн тайлбарыг цахим хуудаснаа бичиж. Үнэндээ энэ тайлбарт олон нийт тийм ч таатай хандахгүй байгаа юм. Учир нь хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр дугаарлах нь энэ жил гэнэт болж байгаа үзэгдэл биш. Тэгэхээр жилийн жилд тендерээ оройтож зарлана гэж байхгүй. Ямартай ч цэцэрлэг барих газар алга гэсэн тайлбар сүүлийн үед эрх баригчдын арьсаа хамгаалах “зэвсэг” болчихоод байна. 

Гэвч нийслэлд өдөрт хаа сайгүй барилга босч, иргэдийн нар халхаллаа, барилгын осол гарлаа гэх хэл ам тасардаггүй. Тийм байхад цэцэрлэг барих газар олдохгүй байна гэдэг эргэлзээтэй. Өдгөө нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаа гэх. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 2-5 насны 240 гаруй мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаа ч тэдний 60-70 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой аж. Тэгэхээр үлдэж байгаа хүүхдүүд нь гэртээ аав, ээжийнхээ асаргаанд байх нь тодорхой болоод байгаа юм. 

Уг нь өнгөрсөн онд УИХ-ын эмэгтэй гишүүд гэр цэцэрлэг байгуулах хуулийн төсөл боловсруулсан. Үүнийг нь тухайн үед АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт тусгуулсан байдаг. Түүнчлэн хүүхдээ хараад гэртээ суухаар ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа тасардаг. Тиймээс 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх тэтгэлэг олгох талаар ч яригдсан. Гэсэн ч энэ нь ажил хэрэг болж хэрэгжээгүй байна. Судалгаагаар нийслэлд огт цэцэрлэггүй 17 хороо, сургуульгүй 25 хороо байна гэж гарсан. Тэгэхээр дээрх 17 хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд хаачих вэ гэсэн асуулт гарна. Мэдээж эцэг, эхийн нэг нь хүүхдээ харна. Арай боломжтой нь хувийн цэцэрлэг бараадна. Тэгэхээр нийслэлд нэн даруй шаардлагатай зүйл нь цэцэрлэг болчихоод байна. 

Энэ сарын 28-нд буюу хоёр хоногийн дараа бүртгэл нь эхлэх цэцэрлэгийн гадна эцэг, эхчүүд өнөөдөртөө гурав хоног дугаарлаж байна. Үнэндээ ингэж хонохгүй л бол өглөө ирэхэд нь өөр хүмүүс дугаарлачихсан байдаг гэнэ. Тиймээс үр хүүхдийнхээ төлөө аргагүйн эрхэнд намрын шөнө цэцэрлэг манаж хонох болчихоод байгаа аж. Гэсэн ч энэ байдлыг төрөөс анхаарч харж байгаа зүйл огт алга байгаад эцэг, эхчүүд бухимдалтай байгаа аж. Үндсэндээ үр хүүхэд төрүүлсэн нь бидний буруу болж таарч байна хэмээн эцэг, эхчүүд гомдоллосон. Гэтэл дарин дээр давс гэгчээр ингэж хонон өнжин дугаарласныхаа дараа цэцэрлэггүй үлдэх магадлал өндөр. 

Учир нь сүүлийн үед манайд “моод” болоод байгаа сугалаа явуулна гэх зарчим цэцэрлэгийн бүртгэлд ч үйлчлэх гэнэ. Ингэхээр сугалаанд азтай нь хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж, азгүй нь хэдэн шөнө цэцэрлэг манасан ч хоосон үлдэх нь. Аз таарч цэцэрлэгт бүртгүүллээ гэхэд араас нь үүсэх асуудал арвин. Цэцэрлэгээс тухайн хүүхдэд хэрэгтэй зүйлсийн жагсаалтыг гаргаж өгдөг бөгөөд үүнд нь 00-ын цаасыг л гэхэд яг бичсэнийг нь авахгүй бол буцаачихдаг “зовлонтой” гэнэ. Ер нь ч тэгээд цэцэрлэгт дугаарладаг үзэгдэл нийслэлд төдийгүй орон нутагт ч байгаа юм. Тодруулбал, нийслэлд ойролцоо Дархан-Уул, Орхон зэрэг аймгийн эцэг, эхчүүд ч бас мөн л цэцэрлэг манаж хонох ажилд дайчлагдсан байх аж.  Тэгэхээр эрх мэдэлтнүүд энэ асуудалд анхаарлаа хандуулж, ирээдүй хойчоо хүмүүжүүлэх цэцэрлэгтэй болоход анхаарах цаг хэдийнэ болсныг дуулгах юун. 
 

П.ЭРДЭНЭ