Ямар ч үеийнхэн ямагт хойч үеийнхэндээ сэтгэл дундуур байдаг гэсэн яриа бий. Үнэндээ ч ахмадууд "Бид­ний үед ийм байгаагүй.

Энэ залуучууд чинь" гэж ирээд өөлөх дуртай болчихсон бай­даг. Гэхдээ тийм биш юм аа. Шинэ үе, шинэ цаг үргэлжид өмнөхөөсөө илүү байх юм. Ялангуяа өнөөдрийн манай залуучууд бүр чиг гойд байна. Сэргэлэн цовоо, авхаалжтай овсгоотой байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Манай шинэ үеийнхний олон улсын тавцанд гаргаж байгаа амжилтуудыг харахад л энэ бүхэн батлагдана. Амжилт гаргаж байгаа хэд нь хэцүү бэрхийг давж сөрж гарч ирсэн хүүхдүүд байх нь олонтаа. Бээжингийн олимпод алт, мөнгөн медалийг хуурайлаад ирсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган П.Сэрдамба нар гэхэд л боломжтой айлын хүүхдүүд байгаагүй. Хөдөө мал дээр байх ээж, аавдаа үнсүүлээд хот газар хоолтой хоолгүй бэлтгэл хийж, бэлтгэлийн хувцаснаас өөр хогшилгүйгээр айлын өрөө хөлсөлж явсаар Н.Түвшинбаяр олимпийн аварга болж байсан. Э.Бадар-Ууган ч тэр. Шархадны бацаан тэрбээр ус зөөж, тэрэг түрж, гүйж харайж явахдаа аварга болон бэлтгэгдэж байж. П.Сэрдамба ижийгээ үгүйлэн, аавтайгаа өссөн өрөвдөм түүхтэй гэдгийг нь бид сүүлд л мэдсэн. Хэцүү бэрх амьдралаас тэд илүү их хөдөлмөрлөж, илүү хөлс дуслуулан байж бас бусдаас илүү амжилтад хүрсэн. Сая­хан болж өнгөрсөн жүдогийн ДАШТ, чөлөөтийн ДАШТ, Инчёны Азийн наадамд амжилт үзүүлж байгаа залуу­сыг харахад ч тэгж анзаа­рагдаж байна. Эгэл жирийн амьдрал дундаас өөрийнхөө л хүчинд найдаж урагшлахгүй бол өөр гарц байхгүй гэдгийг ухаарсан хүмүүс амжилтад хүрдэг. Эцэг эх нь тэнэгдүү, арчаа муутай айлын айхтар хүүхдүүд байдаг даа. Ар гэрээ авч явдаг, өнөөх ядарсан муу хэдийгээ тэжээдэг. Өнөөдөр Монголын нэрийг тийм айхтар хүүхдүүд л дуурсгаж байна. Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбоо нь ямар байна даа. Хоорондоо хоёр хуваагдчихсан, хэрүүл тэмцлээс өөр зүйлгүй. Гэтэл тамирчид нь ганц гадагшаа явахдаа ямар их шуугиан тарив. Гадны хэвлэлүүдэд шилдгүүдийн жагсаалтад бараа нь ч байхгүй Монголын баг гайхмаар амжилт үзүүллээ гээд л бичээд байгаа. Тэд­ний санаанд монгол сагсан бөмбөгчид амьдралаа авч явах гээд давхар ажил хийдэг, түүнийхээ зав зайгаар бэлтгэл хийдэг гэдэг нь огт бууж өгөхгүй байгаа юм. Дээрээс нь гадаадад явах замын зардлаа өөрсдөө олдог гэхээр бүр үлгэрийн далай мэт санагдаж байгааг бичсэн байна лээ. Үлгэрийн балай болсон энэ бэрхшээл дундаас тэд яах аргагүй тодорч чадсан. Азийн шилдэг гурван сагсан бөмбөгчийн нэгээр тодорсон, энэ тэмцээний супер од нь байсан Тунгалагийн Санчир гэхэд телевизийн цаг наргүй их хөдөлмөрт насаараа зүтгэж яваа Тунгалаг хэмээх бүсгүйн хүү юм билээ. Тэрбээр холбоо нь хоёр хуваагдчихаад амаргүй байдаг байх даа гэсэн асуултад "Холбоо хоёр хуваагдсан ч аль аль нь сагсан бөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхийн төлөө хойно бид ялгалгүй зүтгэнэ" гэсэн утгатай хариулт өгсөн байсан. Уг нь удирдлага нь хувийн амбицаар хуваагдчихгүй, нэг толгойтой, нэг бодлоготой байвал хамаагүй амар байж таарна даа. Гэвч хөөрхий, сагсан бөмбөгчид нь удирдлагынхаа увайгүйг ингэж л зөөллөж зөвтгөж бас амжилт гаргасаар яваа нь гайхалтай юм даа. Ийм залуустай болж байгаа бид бахархахгүй байхын аргагүй. Японд дуулиан тариад байгаа Ичиножо гэхэд л малчны хотод төрсөн хүүхэд. Түүний тухай нэвтрүүлгийг Монголын хөдөө талаас бэлтгэж гаргасан сэтгүүлч Японд ихээхэн алдаршиж байгаа дуулдана.

Бас манайд Сэлбэ голын эрэг хөвөөг хог новшинд дарагд­саныг хараад сэтгэл нь төвдөлгүй балчир биеийнхээ хэрээр хог цэвэрлэдэг С.Буян­хишиг хүү байна. Зав л гарвал хогийн уутаа аваад гардаг гэсэн. Ийм ирээдүйгээрээ бахархахаас яах билээ.

Одоо залуус өглөөд эртлэн босоод гүйж байна, дугуйн зам хөл тавихын зайгүй. Энд тэндэхийн фитнес клубүүдэд эрүүл зөв амьдрах сэтгэлтэй залуус зөндөө. Нийслэлийнхээ төв талбайг санаачилгаараа савандаад угааж байна. Өмнө нь хэзээ л ийм байлаа даа. Албан хүчээр, үзэл суртлын зэвсгээр тархиа угаалгуулсны хүчинд субботникт гардаг байсан байх. Юун гүйлт, эрүүл зөв амьдрах. Шилжилтийн үед зовж яваа нэрээр шил­­­ний бөглөө л сайн мултал­даг байсан. Одоо залуус твит­терээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, болохгүй бүтэхгүйг шүүмжлэн ёс суртахууны цагдаа хийж байна. Шүгэл үлээх эрхийг нийгмийнхээ сайн сайхны төлөө хүлээж байгаа гэдгээ мэддэг болжээ. Ер нь ийм хэмжээний газрын доорх баялагтай, ийм сийрэг толгойтой газрын дээрх баялагтай улс дэлхийд магад байхгүй биз ээ. Хүний хийгээд байгалийн баялаг хосолсон Монгол Улс маань үсрэнгүй хөгжих нь тодорхой юм. Угаасаа бэлэн болчихжээ. Харин энэхүү үсрэнгүй хөг­жилд саад болох ганц зүйл байгаа нь хоосон ярьдаг улс­төрчид л байна. Хоёр гол намын улстөрчид л улс орны хөгжилд гацаа болохоор харагдаж байна. Тэд дэндүү хоцрогджээ. Аль ерээд онд ярьж байсан Засгийн газар огцруулах сэдвээ өнөө ч яриас­тай хэвээр. Тэнэг улстөрчид яриад л байдаг, яриад л байдаг. Ярьж байснаа яриад, хийж байснаа л хийгээд. Гэтэл чалчиж суухад нь төрж байсан залуус өнөөдөр шижигнэсэн шинэ хүч болоод босоод ирлээ. Тэд Монголын хөгжлийг урагш татахаар давалгаалж айсуй.