Арлын орон Япон улсын үндэсний бөх болох сумогийн ертөнцөд шуугиан тариад байгаа А.Ичинноровын аав, ээж энгүүн сайхан яриа хөөрөөтэй улс байдаг юм байна.

Арын сайхан хангай нутаг Батцэнгэл сумын Бүрд гэх газарт А.Ичинноровын аав Ш.Алтанхуягийнх намаржиж байна лээ. Нар тэртээ баруун уулын цаагуур гудайж байхад зорьсон айлынхаа гадаа очлоо. Биднийг очиход гэрийн эзэд гүүн зэлэн дээрээ байж таарав. Бүрэнхий болохоос өмнө гүүгээ саагаад тавих гэж байгаа бололтой юм. Зэлэн дээрээс гурийлах, саальчин эмэгтэйн гарын аясаар ивэлсэн гүүний саам хувинд сар сархийн хөөсрөн дуугарах чимээ тодхон сонсогдох ажээ. Гэрийн эзэдтэй мэнд мэдэлцээд унага татаж өглөө. Гурван азарга адууныхаа унагыг барьж, хоёрынхыг нь чадаагүй гэнэ.

Гэрийн эзэн "Та нар өчигдөр утсаар яриад байсан "Өдрийн сонин"-ы сэтгүүлчид үү. Түрүүхэн Японы телевизийн хүмүүс явсан. Японы телевизийнхэн цувраад л ирээд байгаа. Их олон хүн ирж, буцаж байна. Харин манай сонин, телевизээс таг чиг л байлаа. Та хэд анх ирж байна. Хотоос хамаатны хүмүүсээр сонин ирдэг юм. Зовсон, жаргасан аль ч газар танай сонин л очсон байгаа харагдах юм. Тэр болгоныг чинь уншдаг. Эхнэр бид хоёр гүүнд гарахдаа та нарыг ирнэ гэсэн яасан юм бол гээд ярьж байлаа" хэмээн ярих ажээ. Харин А.Ичинноровын ээж Н.Болортуяа "Хүүгийнхээ барилдааныг зурагтаар үзээд хөөрч баярласан, сэтгэл дэнсэлсэн хүмүүс л хэд хоногийг өнгөрөөлөө. Хүүгийн барилдах цаг болохоор хамаг ажлаа хойш нь тавиад зурагтныхаа өмнө суучихна. Өөрөө барилдах гэж байгаа юм шиг л сэтгэл хөдлөх юм" гэв.

Ш.Алтанхуяг ах гүүгээ сааж дуусаад дэлийг нь зассан хээр мориндоо мордоод, уургаа даялуулан адуугаа туугаад яваад өгөв. Гэрийнхээ хойхно байх шандад адуугаа услаад гаргах гэнэ. Харин бид Н.Болортуяа эгчтэй дүүрэн саамтай хувинг нь дамжилсаар гэрт орлоо. Таван ханатай гэрийн хойморийн унинд хурдан морины медаль олныг өлгөсөн харагдав. Мөн А.Ичинноровын тэмцээн, уралдаанд авч байсан медаль, цомыг хойморт байх шүүгээнд нандигнан тавьжээ. Гэрийн эзэгтэй гал түлж цай, хоол бэлдэж эхлэв. Цай үйх зуураа "Манай энд сайхан зун болсон. Үлийн цагаан оготно сүүлийн хэдэн жил энэ хавиар ихсээд байгаа. Өвс, ногоо талхлаад хаячихдаг юм байна. Энэ жил нүүдэллээд манай гэрийн хаяагаар дүүрэн оготнын нүх болчихлоо. Сая цас ордог өдөр хэдэн унагаа тамгалах гэсэн амжсангүй. Ирэх сарын бар өдөр л унагаа тамгална даа" гээд л ойр зуурын зүйлс ярих ажээ.

Сумо бөхийн ертөнцөд дуулиан шуугиан тарьж "Монголын үлэмж биет" хэмээн нэрлэгдээд байгаа Ичиножо Ичинноров өдгөө 21 настай. Доороо хоёр дүүтэй айлын ууган хүү юм байна. Жирийн малчин айлын гэрт төрж, хурга, ишигтэй тоглож өссөн хүү олон мянган жилийн түүхтэй сумо бөхийн дэвжээг гарч ирсэн даруйдаа эзэгнээд байгаа билээ. А.Ичинноров шиг маш хурдтайгаар тодрон гарч ирсэн бөх үнэндээ сумо бөхийн түүхэнд байхгүй юм билээ. Ичинноров сумогоор хичээллэж эхлээд л амжилт гаргаж эхэлсэн гэнэ. Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, мөн Япон улсын сонирхогчдын өсвөр залуучуудын тэмцээнд жиндээ таван удаа түрүүлж, нэг удаа гуравдугаар байр эзэлсэн байна. Японы "Тоттори" сургуульд суралцаж байхаасаа эхлээд орсон тэмцээн болгондоо түрүүлсэн байна. Сургуулийн, мужийн ДАШТ, Япон улсын сонирхогчдын өсвөр залуучуудын тэмцээнд үнэндээ дийлдэхээ байсан аж. Улмаар сонирхогчийн сумогийн ёкозүна цол хүртжээ. Сонирхогчийн сумо бөхийн ёкозүна цол хүртвэл мэргэжлийн сумод шууд макүшита зиндаанд барилдах эрхтэй болдог байна. Өөрөөр хэлбэл, түүний гаргасан амжилт хэд хэдэн зиндааг шууд алгасан барилдах эрх нээж өгчээ. Макүшита зиндааны 15-аас эрэмбэлэгдэн барилдаж эхэлсэн гэнэ. А.Ичинноров макүшита зиндаанд хоёр башё дараалж барилдахдаа хоёуланд нь нэг нэг унасан амжилтаар Жюүрёо зиндаанд барилдах эрхтэй болжээ. Жюүрёод барилдаад эхний башёдоо түрүүлжээ. Мөн дараагийн сарын башёд шийдвэрлэх барилдаан хийж мөн л түрүүлсэн байна. Ингэж л малчны гэрт төрж өссөн 21 настай хүү макүүчи буюу мэргэжлийн сумогийн дээд зиндаанд эрэмбэлэгдэн гарч ирсэн юм. Сургуулиа дөнгөж төгссөн хүү ердөө дөрөвхөн башё барилдаад дээд зиндаанд эрэмбэлэгдсэн нь арлын оронд шуугиан тариад байгаа. Тэгээд ч зогсохгүй Японы мэргэжлийн сумогийн бөхчүүдийг ээлж дараалан унагаж явсаар нутгийнхаа хэдэн аваргад өвдөг шороодоод буй. Ийм богино хугацаанд ингэж дээшээ гарч барилдсан бөх А.Ичинноровоос өөр байхгүй. Ээж, аав хоёр нь хүүгийнхээ гаргасан амжилт бүхнээр бахдан ийн ярьж сууна.

Хүнд, хэцүү болгоныг туучаад, бахдам амжилт гаргаад буй залуугийн аав, ээж Ш.Алтанхуяг, Н.Болортуяа нар 1992 оны хул шаргал намар Батцэнгэл сумыг доргиосон нижгэр найр хийж, гэрээ барьж байжээ. Айл гэр болоод жил болоогүй байхад тэдний дундаас ууган хүү нь мэндэлж байсан нь А.Ичинноров гэнэ. Сумын эмнэлэгт 4.8 килограмм жинтэй хүү төрөхөд сумынхан нь ихэд гайхаж байлаа. Эмнэлгийн эмч нар "Ёстой л гэдсэндээ өтөлсөн мундаг том хүүхэд гарлаа. Ээж нь ийм том амьтныг яаж гэдсэндээ тээж явсан юм" гэцгээж байжээ. А.Ичинноров төрөхдөө л хамт төрсөн хүүхдүүд болон бусад айлын хүүхдүүдээс том биетэй, мяраалаг, унаган мах ихтэй байсан гэнэ. Энэ тухай ээж Н.Болортуяа "Нөхөр бид хоёр хүүхэд байхдаа л нийлсэн хүмүүс. Анх хүү төрлөө гэхэд нь зөндөө их баярлаж байлаа. Эмч нар хүүг маань дөнгөж төрсөн даруйд ямар том хүүхэд вэ гээд л гайхаад эхэлсэн. Анх хүүгээ харахад үнэхээр урт мөчтэй, мяраалаг хүүхэд байсан. Хүүгээ хараад баярлаад өөрийн эрхгүй л уйлж байсан минь саяхан санагдаж байна. Өлгийдөөд тавихаар их урт "гонжийсон юм" болчихдог байлаа. Аавыгаа дуурайсан яс томтой, нуруулаг. Таван настай байхад нь хүмүүс "Энэ жил сургуульд орох хүүхэд үү" гэж асуудаг байлаа. Бага байхын л унаган мах ихтэй хүүхэд байсан юм. Харсан хүн болгон л өхөөрддөг байж билээ. Гэхдээ миний хүү одоо ч хүүхдээрээ амьтан байхгүй юу. Гаднаас нь харахад л том биетэй болохоос биш хүүхэд шиг зантай, нялхаараа" гэв. Биднийг ийн ярилцаж байх зуур гэрийн эзэн орж ирэв. Ш.Алтанхуяг гэх 40 гаруй насны буйд эр "Хэдэн адуугаа залчихаад ирлээ" гэсээр орж ирэв. Тэрбээр бага наснаасаа л адуу малтай ноцолдож өссөн нэгэн. Жирийн малчин удамтай хүн аж. Түүнийг нутгийнхан нь "Өндөр Гонгор" гэж дуудна. Хүүхэд байхын л бусдаасаа өндөр биетэй байсан гэнэ.

Хөдөөнийхний ажил мундах биш. Намрын үхэр оройтож ирдэг. Тэдний үхэр ч оройтож ирлээ. Гэрийн эзэгтэй манай зурагчин Мийгаатай хамт үнээ саахаар гарлаа. Харин Ш.Алтанхуяг ах бид хоёр айраг бүлэх ажилтай үлдэв. Намрын гүүний саам өтгөрөөд айраг гэж бурам, уруул аяндаа чимчигнүүлэх ажээ. Гэрийн эзнээс "Та барилдаж байсан биз дээ" гэж асуулаа. Тэгсэн "Хүн бүр л намайг барилд гэдэг байсан юм. Би өөрөө сонирхолгүй болохоор барилдаагүй. Харин ах нь хүүгээ хараад "Сайн бөх болох хүү надад заяажээ" гэж боддог байсан. Ах нь сэтгэл хөдлөл багатай, хэр баргийн юм яриад байдаггүй хүн. Сая хэд хоног хүүгийнхээ барилдааныг зурагтаар үзсэн чинь өөрийн эрхгүй догдоллоо. Ах нь 191 орчим см, харин манай хүү 193 см өндөр. Манай удам ер нь өндөр биетэй хүмүүс" гэв. Мөн үргэлжлүүлээд "Би гэдэг хүн Лу гүний домогт аварга Г.Вандан гэх хүний удмын хүн юм шүү дээ. Харин хүү маань Лу гүний хошууны Г.Вандан аваргын зургаа дахь үе. Аав талаасаа ийм удамтай. Харин ээж талаасаа гэвэл нагац ах Н.Алтансүх гэж Монгол Улсын харцага цолтой хүн бий. Ийм л хоёр талын бөхийн удмыг залгаж гарсан хүн нь миний хүү байгаа юм аа. Яах арга байхгүй хоёр талын бөхийн удам байгаа" гэв. Ш.Алтанхуяг ах бид хоёр айраг бүлж байхдаа ийн ярьж суув.

Гадаа нам гүм болжээ. Гэрийн эзэгтэй хоёр хувин дүүрэн сүү мэлтэлзүүлсээр орж ирлээ. Хаа нэгтээ саахалт айлын ноход чимээ өгөн хуцаж, намрын шимт өвсөнд гэдсээ дүүргэсэн хонь, ямаа, үхэр яраглах дуу сонсогдоно. Уяан дээр дэлийг нь зассан хээр морь эргэцэн, тогтож ядан янцгааж нам гүмийг үе үе эвдэх нь нэн таатай. Намрын хяруу унаж байлаа.

Э.ХҮРЭЛБААТАР