“Баасан авгай” нэрийг брэнд болгож чадсан Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан олон жилийн мөрөөдлөө биелүүлжээ. Урьд нь дөрвөн удаа санал тавьсан ч татгалзсан хариу сонсоод байсан Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарт тав дахь удаагаа санал тавьсаны эцэст зөвшөөрсөн хариу сонсож, ахмадуудын төлөө ажилладаг хоёр байгууллага хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ үеэр нь түүнтэй уулзаж ярилцсан юм.
 
 
-Сая гарын үсэг зурсан Монголын Ахмадын хоёр холбоо хамтран ажиллах гэрээний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?
 
-Энэ бол миний олон жилийн мөрөөдөл байсан. Үндсэндээ үүний төлөө л арваад жил гудамжны тэмцэл хийлээ шүү дээ. Монгол Улсад ахмадын байгууллагын аж­лыг шинэчлэхийн тулд Засгийн газрын хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Ахмадын холбоо,
 
 
Монголын Ахмадын чө­­лөөт холбоотой хамтран ажиллах гэрээ бай­гуулс­наар монголын ахмадууд эзэнтэй боллоо гэж ойлгож болно. Социализм байгуулж байсан 50-аас дээш насныхан зах зээлийн нийгэмд шилжсэнээр маш хатуу ширүүн амьдрал туулсаар өнөөдөртэй золгосон. 
 
 
Ахмад настнуудад нийгэм яаж хандах ёстой юм, тэдний асуудал Засгийн газрын хэмжээнд яаж шийдэгдэх ёстой юм гэдэгт нэгдсэн үйл ажиллагаа явуулснаар олон асуудлыг шийдэж чадна. 
 
 
Монгол Улсын Үндсэн хуульд нэгдмэл улс гэж заасны дагуу монголын ахмадын байгууллага ч салж бутрах биш нэгдэж ажил­­лас­наар манай ахмадууд эдлэх ёстой бүх л эрхээ эдэлж, ахуй хангамж нь ч сайжрах ёстой.
 
 
-Ахмадуудын хувьд тэт­гэв­рийн зөрүүг арилгах нь л хамгийн гол асуудал юм шиг санагддаг л даа?
 
-Тэгэлгүй яах вэ. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр нөхөн олговорын тэтгэвэр, хүнд хортой нөхцөлийн тэтгэвэр, цэрэг армийн тэтгэвэр гээд маш олон тэтгэврийн асуудал үнэхээр их зөрүүтэй байгаа. Дээд талын тэт­гэвэр сая төгрөг гарчихаад байхад доод тэтгэвэр 140 мянга л байгаа шүү дээ. 
 
 
Адилхан ахмад настай, адилхан л эх орныхоо бүтээн байгуулалтад залуу насаа зориулчихаад өнөөдөр зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын өртөгт ингэж их ялгаатай хандсанд ахмадууд маш их эмзэглэдэг.
 
 
Ахмадуудыг хийж бай­сан ажил, төрлөөр нь дугаарлан ялгаж, хүнийх нь хувьд зэрэглэл тогтоож байгаа нь хүний эрх чөлөөнд маш бүдүүлгээр халдаж байгаа гэмт үйлдэл гэж ойлгох ёстой. Бид үүнийг эцэслэн шийдвэрлэнэ. Хоёрдугаарт ахмадуудын шаг­нал, урамшууллын асууд­лыг ч цогцоор нь эргэж нягтлах хэрэгтэй байгаа юм.
 
 
Залуу сайхан наснаасаа цаг нар­гүй хөдөлмөрлөчихөөд Төр, Засгийн ганц ч шагнал аваагүй байхад хоёр, гуравхан жил дуулсан залуучууд гавьяа шагналд даруулж байгаа нь үнэхээр шударга бус явдал. Энэ асуудлыг ч эмхлэн цэгцэлнэ. 
 
 
Түүнчлэн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, харьяалал, чөлөөт цагаа өнгөрөөх байр сав, нөхцөл боломж гээд маш олон асуудал шийд­лээ хүлээж байна. Энэ бүхнийг эмхлэн цэгцлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээнд энэ оны хоёрдугаар сарын 14-нд гарын үсэг зурсан байгаа.
 
 
-Ахмад настнуудыг ажил хөдөлмөр эрх­лэх боломжтой үед нь гэнэтхэн тэтгэвэрт гарга­чихаар сэтгэл санаа, хөрөнгө санхүү­гийн хувьд хүндхэн цо­­хилт болдог юм билээ. Энэ асууд­лыг яаж зохицуулмаар юм бэ дээ?
 
-Монгол Улс хүн ам цөөтэй хэрнээ дөн­гөж 40 нас хүрэнгүүт нь ахмад болгоод цол­ло­чихдог. Нийгмийн энэ сэтгэлгээг даруй өөрч­лөх ёстой. Ер нь ахмад үе, залуу үе, хойч үеийн гурвалсан хэлхээг бид бий болгоно.
 
 
Энэ цаг мөчөөс хойш монголын ахмадын байгууллагын ажил цоо шинэ арга барилаар ажиллана гэдгийг хариуцлагатайгаар мэ­дэгдэж байна.  Би ямарваа ажил эхэлсэн бол замын дундаас буцаж, няцахыг тэвчиж чаддаггүй хүн.
 
 
Монголын бүх ахмадуудын төлөө үлд­сэн амьдралаа зориулна. Одоогоор би залуу байгаа ч орчлонгийн жамаар хэзээ нэгэн цагт ахмадын тоонд орно шүү дээ. Тэр үедээ хийж бүтээсэн ажилдаа сэтгэл дүүрэн байхыг хүсэж байна. 
 
 
-Өнөөдөр тэтгэврийн насны хэдэн мян­ган ахмад байдаг юм бол. Тэдний тэтгэврийн зөрүүг арилгахын тулд давын өмнө ямар ажил хийх гэж байна?
 
-За өнөөдөр тэтгэврийн насны ахмадын тоо 204, 207, 212 мянга гэсэн зөрүүтэй мэ­дээ­лэлтэй байгаа. Тодорхой тоог удахгүй гаргана. Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хө­төлбөрт тусгагдсан Давхар тэт­гэврийн асууд­лаас эхлээд тэтгэврийн үзэл бодлыг шинэчлэх ажлын хэсгийг Хүн амын хөг­жил, нийгмийн хамгааллын яаман дээр байгуулсан.
 
 
Энэ ажлыг монголын ахмадын чөлөөт холбоо удирдаж ажиллана. Өчигдрөөс эхлээд орон даяар тэтгэврийн үйл ажиллагааны талаар санал дүгнэлтийг цуглуулан авч нэгтгэх ажил эхлээд явж байна. 
 
 
-Монголын Ахмадын чөлөөт холбоо байгуулагдаад хэдэн жил болж байна. Ерөн­хий сайдтай хамтран ажиллах гэрээнд га­рын үсэг зурсныг бодоход танай холбооны ажил нэлээн амжилттай яваа юм аа даа?
 
-Ахиц дэвшил гаргахгүй бол ямар нэ­гэн ажил хийх нь ямар ч утгагүй шүү дээ. Манай холбоо байгуулагдаад есөн жил болж байна. Анх байгуулагдсан үндэслэл нь ерөөсөө л ахмад настнуудын тэтгэвэр маш бага байснаас үүдэлтэй. 
 
 
Тухайн үед нийт тэгтгэвэр авагчдын тав­хан хувьд нь тэтгэврийн нэмэгдэл олгосон нь үнэхээр шударга бус шийдвэр байсан. Харсаар байтал нийгэмд ийм шударга бус хуваарилалт явагдсан тул эрх нь зөрчигдөж хохирсон олон мянган ахмадуудынхаа төлөө зайлшгүй тэм­цэх хэрэгтэй болсон юм.
 
 
Тэ­гээд л гудамжинд гарч “Баасан авгай” гэгдэх болтлоо тэмцсэн дээ. Тэр үед тавхан хувьд нь 39-47 мянган төгрөгийн нэмэгдэл олгосон атлаа 98 хувьд нь 1500-2400-хан төгрөгийн нэмэгдэл олгосон нь дэндүү шударга бус, ахмадуудаа дугаарлаж үзсэн явдал байсан. 
 
 
Тэр үед би л тэмцэхгүй бол өөр хэн нэ­гэн ахмадуудын төлөө зоригтой дуугарч ча­дахгүй юм шиг санагдаад байсныг нуугаад яах вэ. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд тэтгэвэр удаа дараа нэмэгдэж, өнөөдөр төр засгийн анхаарлын төвд орсон.
 
 
Энэ л бид бүхний тэмцлийн үр дүн юм. Сая төгрөг гарсан дээд тэтгэвэрт гар хүрэлгүйгээр доод тэтгэврийг ойрын хоёр жилд дээш нь нэлээн ойртуулахаар зорьж, тэмцэж байна. Үр дүнд хүрнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Мөн нөхөн олговрын тэтгэврийн асуудал гэж маш ноцтой юм бий.
 
 
Дөрвөн хүүхэд гаргасан дөч хүрээгүй залуу ээж улсаас тэтгэвэр аваад гэртээ суухаар хамт олонгүй болж, нийг­­мийн аливаа харилцаанаас хөндийрөх, сэт­гэл санаагаар унах гээд маш олон хохирол амсаж байгаа. 
 
 
Энэ бүхнийг цэгцлэх учиртай. 90 жилийн түүхтэй монголын ахмадын байгууллага өн­гөр­сөн 20 жилд олон хүндрэл бэрхшээл туулж хаалгаа барьчихалгүй өнөөдөртэй зол­­­го­сон.
 
 
Цалинтай, цалингүй ажиллаж өнөөд­­рийг хүргэсэн энэ байгууллагын буян­тай ажилтнуудад би их талархаж байна. Энэ өдрөөс хамтран ажиллаж монголын ах­мадуу­дын төлөө маш их зүйл хийж бүтээх урам зориг дүүрэн байна.
 
 
-Та аль намын гишүүн билээ?
 
-Би аль ч намд харьяалалгүй. Намчир­хаж, хуваагдаж сууц­гаа­хаасаа илүү тус тусын хариуцсан ажилд чин сэтгэлээсээ хандаж, эргэлт гаргах учиртай түүхэн цаг үед амь­дарч байгаагаа бид бүхэн байнга бо­дож явах ёстой. Шинэчлэгдэн нэгдэж няг­тар­сан бидний хувьд нэг ч ахмад настныг анхаар­лын гадна үлдээлгүй хариуцсан ажлаа нэр төртэй, үнэнч шударгаар хийх болно.
 
 
-Төсөв санхүүгийн хувьд хэрхэн зо­хицуулах вэ?
 
-Монголын Ахмадын чөлөөт холбоо албан ёсоор Засгийн газрын нэрийн өмнөөс төсөв, санхүүжилт аван ажиллаж эхлээд удаагүй байна. Сая Сэлэнгэ аймагт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний хооронд ах­мад настнуудын шинэчилсэн судалгаа гар­гаж, хийх ажлаа төлөвлөөд ирлээ.
 
 
Энэ аж­лыг 2013 онд багтаагаад бүх аймагт хийж дуусгана. Би ээж, аав хоёроо 49 хоногт алдаж хагацал, зовлонгийн хүндийг үүрч үзсэн хү­ний хувьд монголын ахмадуудад буянтай ажил хийсээр үлдсэн насаа өнгөрүүлэхээр эрэлт буцалтгүй шийдсэн. 
 
 
-Таны нэр хүссэн хүсээгүй “Баасан ав­гай” гэдгээрээ ний­гэмд танигджээ. Харин сүү­лийн үед “Баасан авгай” Засгийн газ­раас баахан мөнгө аваад чимээгүй бол­чих­лоо гэх хүн олон байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-За яах вэ. Би тэр нэр хоч өгөхөд ерөөсөө эмзэглэдэггүй. Миний үйл хэргийг хүмүүс зөв, буруу олон талаас нь харж байгаа. Ний­тийн эрх ашгийн төлөө тэмцэж яваад олон нийтээс хүлээсэн нэр болохоор өчүүхэн тө­дий ч эмзэглэхгүй байна.
 
 
Есөн жилийн тэмц­лийнхээ үр дүнд тэтгэврийн асуудлыг Зас­гийн газрын анхааралд оруулж чадсан. Олон хүүхэдтэй ээжүүдийн одон, тэтгэлгийн асуудал, ахмад дайчдын орон сууцны асууд­лыг цогцоор нь шийдэж чадлаа. Мөн тэдний тэтгэлгийг өндөр болголоо. 
 
 
Тэр ч бүү хэл ашигт малт­малын асууд­лыг олны анхааралд оруулж чадсан. Энэ бүгд нь миний тэмцэгч чанарын үр дүн. Тэ­гээд ч арваад жилийн минь тэмцлийг ши­нэч­лэлийн Засгийн газар үнэлж мон­голын ахмадын бай­гууллагыг шинэ шатанд гар­гаа­рай гэж надтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
 
 
Би энэ их итгэлийг нэр төртэй хариулна. Тэм­цэл гэдэг бол үр дүн гаргахын нэр бо­лохоос биш гудамжинд зогсохын нэр биш л дээ. Одоо миний хийх тэмцэл бол хуулийн дагуу, Засгийн газрын яг дэргэд нь Мон­голын нийт ахмадуудын төлөө хийх цаас, номын тэмцэл байх болно.
 
 
Би сая нэг хэсэг чимээгүй болсон нь МИУС-ийн хуу­лийн сургуульд сурсантай холбоотой. Бак­лав­рын зэргээ амжилттай хамгаалсан. Одоо ма­гистрын сургалтад явж байгаа. Одоо зөв­хөн урагшаа харж ажиллаад байна даа. 
 
 
Д.Түвшин