Иргэд эх орон, гэзэр шорооныхоо төлөө үгээ хэлэх эрхтэй байдаг. Тэгвэл эл эрхээ эдлэн Чингисийн талбайн төв хэсэгт Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйлийг хийж жагссан. 

Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа юм. “Босоо хөх Монгол” ТББ-ынхан Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө суулт зарлаж, эхэлсэн бөгөөд өдгөө өлсгөлөн зарласан. Тэд нэгдүгээр сарын 26-нд Ноён уулаа аварья, урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн.

Гэвч шаардлагын хариу ирээгүй тул энэ сарын 9-нд суулт зарлаж, 10-ны өдөр дахин Ерөнхийлөгчид хүсэлт, Ерөнхий сайд болон УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ. Ард түмний төлөөлөл нь эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан өвлийн хүйтэнд суулт хийж, улмаар өлсгөлөн зарлаад байхад хэн ч тоохгүй байгаа нь тун харамсалтай. 

Шаардлага, хүсэлтийг хүлээн авч хариу ирүүлэхгүй бол хуурай өлсгөлөн зарлана гэдгээ тэд мэдэгдсэн. “Босоо хөх Монгол” ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баяраа "Бид энд суулт зарлаад гурав хоног боллоо. Төрийн гурван өндөрлөгт хандаад албан бичиг илгээсэн байгаа. Хариу хүлээгээд ирэхгүй болохоор нь өлсгөлөнд шилжлээ. Ёроолгүй нүх рүү юм шидсэн юм шиг л байна. Бичиг хүргүүлэхээр эргээд хариу ирэхгүй байгаа нь биднийг ийм үйлдэл руу орууллаа. Одоогийн байдлаар “Босоо хөх монгол “ТББ есөн хүн өлсөж байна. Бидний ар талын албанд явж байсан машиныг маань шатаачихлаа. Хэн тэгсэнийг мэдэхгүй юм. Энэ үйлдлээрээ бидний зориг зүрхийг мохоож, тэмүүллийг болиулна гэж бодох хэрэггүй. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Суулт зарласан өдрөөс биднийг дэмждэг хүмүүс ирж, гарын үсгээ зурж байгаа. Хэдийгээр Ноён уул гэж яриад байгаа боловч гол асуудал нь урт нэртэй хуулинд өөрчлөлт орулахгүй байх. Урт нэртэй хууль бол ард түмнйи дундаас гарсан цорын ганц хууль гэж болно. Энэ хууль байгаа учраас дур дураараа эх орныг минь онгичихгүй байна. Энэ хууль олон олон уул ус, ой моддыг хамгаалж байгаа. Энэ хуулинд ойн сан, усны эх цөм багтана. Ноён уулын хувьд урт нэртэй хуулийн бүсэд багтаж, ойн санд хамаардаг. Үнэхээр сайхан уул. Гэтэл энэ урт нэртэй хуулийн бүсээс гаргаад стратегийн орд болгох гээд байна. Одоо урт нэртэй хуулийн өөрчлөлтийг хүлээгээд ухах гээд бэлдэж хэдэн зуун уул уурхайн компаниуд цаана чинь байгаа. Энэ хуулийн өөрчлөлт хийгдэх л юм бол Ноён уулыг эзэмших лицензтэй нөхдүүд дайраад орно" гэлээ. 

Мөн бид гэрээсээ эсгий туурга авчраад, дээлээ өмсөж, мешокоо нөмрөөд л тэмцэж байна. Дээр нь ард түмэн бидэнд аарц авчирч байна. Аарц авахад их мөнгө хэрэггүй. Сэтгэл зүрхээ эх орныхоо төлөө зориулж бид энэ олон жил өөрсдөөсөө мөнгөө гаргаад л явж байгаа. Тэгтэл хаанаас ч юм биднийг хөдөө гадаа яваад уурхай дээрэмдсэн юм шиг л хардаад яриад байдаг. Монгол хүн өөрсдөө тэмцэхгүй, хийхгүй мөртлөө нийгэмд хардлага төрүүлсэн худлаа цуу яриа тарааж байдаг муухай зангийн илрэл. Тийм хүмүүс өөрсдийгөө хэн гэдгээ л харуулж байгаа юм. Яагаад Монгол Улсад тэмцэгчид байж болохгүй гэж. Маш их зориг зүрхтэй, тэвчээртэй, эх орондоо хайртай хүмүүсээр л манай эгнээ өргөжиж байдаг. Ийм залуучууд зөндөө л байгаа. Тэднийг зоригтойгоор ирж, бидэнтэй нэгдээсэй л гэж хүсье хэмээн онцлов. 

Түүнчлэн "Ноён уулаа хамгаалах хөдөлгөөнд" нэгдэж байгаа хүмүүс олон бий ч хэрхэн туслахаа мэдэхгүй байна. Өөрсдийн биеэр ирж оролцож чадахгүй бол биднийг хамгаалж байгаа хүмүүст халуун хоол, унд өгч болно.  Хандив цуглуулж өгвөл том буян болно. Дор хаяж шатаалгасан машинаа засуулах хэрэгтэй байгаа. Энд жирийн хүмүүсийн аж амьдрал өмч хөрөнгө ард нь явж байна хэмээн уриаллаа. 

Эх орныхоо төлөө дуугарсан болгоныг ийн айлган сүрдүүлж үг хэлэх эрхийг нь хааж боогоод байвал эх орныхоо төлөө хэн үгээ хэлэх вэ гэдгийг бодох л асуудлын нэг.