Энэ онд Ус чийг намгархаг газрын Дэлхийн өдрийг “Ус намгархаг газар бидний ирээдүй-Тогтвортой амьжиргаа” гэсэн сэдвийн дор тэмдэглэх гэж байна. Ирээдүйд хүн төрөлхтний ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ус намгархаг газрын чухал үүрэгтэйг харуулахын тулд энэ сэдвийг сонгосон байна.

1971 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан тул энэ өдрийг Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. 1997 оноос хойш, Рамсарын нарийн бичгийн дарга нарын газраас ус намгархаг газрын ач холбогдол, үнэ цэнийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээллүүдийг бэлтгэн, сурталчилж ирсэн байна.

1900 оноос хойш дэлхийн нийт ус намгархаг газрын 64 хувь нь устаж үгүй болсон

Харамсалтай нь, ус намгархаг газар ихэвчлэн хаягдмал газар шиг ойлгогдож ирсэн бөгөөд 1900 оноос хойш дэлхийн нийт ус намгархаг газрын 64 хувь нь устаж үгүй болсон байна. Загас болон цагаан будааны аж ахуй, аялал жуулчлал, цэвэр усан хангамж зэрэг нь бүгд ус намгархаг газарт түшиглэдэг бөгөөд бидний ахуй амьдрал өөр олон талаараа ус намгархаг газраас хамааралтай байдаг. Ус намгархаг газар олон төрлийн амьд организмын оршин байх орчин болдог бөгөөд эрэг орчмын газрыг хамгаалах, голын үер уснаас сэргийлэх байгалийн хамгаалалт болохын зэрэгцээ нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө агуулж уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулдагаараа чухал ач холбогдолтой юм.

Хүмүүсийн амьжиргааг зохистой байлгах ба ус намгархаг газрын үр өгөөжийг хадгалах гэсэн хоёр зорилго нь хоорондоо харшлах учиргүй юм!

Рамсарын жагсаалтад бүртгэлтэй дээрх газруудаас одоогийн байдлаар долоо нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон тул Тусгай хамгаалалттай газар нутгийн хүрээнд хамгааллын зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Монгол улс энэхүү конвенцид 1998 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон бөгөөд конвенцийн үйл ажиллагаанд тогтмол оролцож ирсэн болно. “Рамсарын жагсаалт”- д манай орны 11 газар - (Өгий нуур (1998 он), Монгол Дагуур (1997), Тэрхийн Цагаан нуур (1998), Нууруудын хөндийн нуурууд (1998), Хар-Ус нуур (1999), Айраг нуур (1999), Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Буйр нуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Увс нуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Хурх, Хүйтэн голын хөндийн нуурууд (2004)) бүртгэлтэй.


Т.Буянаа